• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Thursday, May 17, 2007

Ларсон гүн

Ларсон гүн нь хэмээн алдаршсан Август Ларсон (1870-1957) нь 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Тэрээр Сөрмландын Хэллби хэмээх газар төрсөн бөгөөд америкийн Христосын Холбоо хэмээх байгууллага түүнийг 1892 онд Хятад уруу сургааль номлогчоор явуулсан байна.
Тэрээр монгол хэл сурч улмаар Ар Монголын нөлөө бүхий олон хүмүүстэй найз нөхрийн харьцаа тогтоож чадсан бөгөөд уг улсын нутаг дэвсгэрээр олон удаа хөндлөн гулд библийн сургааль тараах, худалдаа наймаа эрхлэх зорилгоор аялж байжээ. Нударганчуудын хөдөлгөөний үеэр тэрээр Хятадын Хаалган хотоос швед америкийн нийт 23 номлогч бүхий бүлгийн дагуулан говийг туулан Ар Монголоор дамжин Орос уруу гаргаж байсан түүхтэй. Адуу үржүүлэх, наймаалах түүний хийж байсан нэгэн гол зүйл бөгөөд Шанхай хотын морин уралдааны газруудад хурдан морь зардаг байсан байна.
Тэрээр 1910, 20-оод онуудад Монголын төр засгийн удирдлагад байсан хэд хэдэн хүмүүст зөвлөхийн хувьд нөлөөтэй байсан бөгөөд 1920 онд Монгол улсын гүн цол хэргэм хүртэж байжээ. 1911 онд Монгол тусгаар тогтнол олсны дараагаар хэд хэдэн удаа монголын шашин төрийн тэргүүн Богд Гэгээнтний элчээр Хятадад очиж байжээ. 1912-1914 онуудад Хятадын засгийн газрын дэргэд Монголын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ба 30-аад онуудад ерөнхийлөгч Чанкайшекийн албанд ч ажиллаж байжээ.
1925 онд буюу Зөвлөлт Орос улс уг улсыг зөвлөлийн улс болгон өөрчлөх үед тэрээр Ар Монголын үүрд орхиж явахаас өөр аргагүй болсон байна. Сүүлд Өвөр Монголд амьдарч байсан хэдий ч уг бүс нутаг дахь Японы нөлөө ихсэн улмаар 1937 онд эзлэн түрэмгийлсэн зэрэг нь түүнийг 1938 онд түүнийг болзошгүй баривчлалтаас оргон зугтан гарахад хүргэсэн байна.
Тэр Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох "Монгол ба монголчуудын дунд миний амьдрал" хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ. Тэрээр өөрийн цаг үед Швед төдийгүй олон улсад хүмүүст танигдсан хүн болж чадсан байна.
Ларсон 1927 онд Свен Хединий сүүлийн аялалд жингийн цувааны ахлагчаар оролцож байсан. Свен Хединий даалгавраар Чендүгийн алтан сүм хэмээх монгол ламийн шашны сүмийг хайж олж, хуулбар загвар хийсэн бөгөөд тэр нь 1933 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэнд гол үзмэрүүдийн нэг болж байжээ. Сүм нь одоо Стокгольм хотод агуулахуудад хураалттай байгаа ба Сигтунад дахин босгож тавихаар төлөвлөгдөж байгаа болно.

Швед Википедиагаас орчуулав.
http://sv.wikipedia.org/wiki/August_Larson

Wednesday, May 09, 2007

Our article is published!

Миний дипломын удирдагч доктор Malin Siklosi маань Journal of Computational and Applied Mathematics сэтгүүл дээр бидний хамтын хийж байсан ажлыг нийтлүүлсэн байна. Энэ холбоосоор орж сонирхоорой Volume 201, Issue 1 pp. 8-29 (1 April 2007).

Tuesday, May 08, 2007

Таавай Тээвэйн тухай ...

Өмнөх бичлэгт дурдсан өвөө маань (бид Таавай хэмээн авгайлдаг) миний ээжийн эцэг бөгөөд 1906 онд (албан ёсоор бол 1902 онд) төрөөд 1990 оны намар бурхан болсон юм. Хүүхэд байхад зуны амралтаар байнга очдог байсан тул их сонирхолтой интеллижент хүн байсан түүнтэй нэлээд цагийг хамт өнгөрөөх боломж надад олдож байсан билээ. Яг төрсөн газар нь одоо ОХУ-ын нутагт байдаг юм билээ. Тухайн үед хил тогтоох үед хилийн наана нь байж таарсан юм болов уу даа гэж одоо боддог юм. Магадгүй хил тогтооход наашаа нь оръё ч гэж шийдсэн байж мэдэх л юм. Таавай Тээвэй (эмээ) хоёрын нэлээд ах дүүс нь хилийн цаад талд таарсан тул одоогоор ч манай холын хамаатан садан ОХУ-д олноор байдаг. Миний мэдэхийн Тээвэйгийн дүү Никит нагац намайг хүүхэд байхад Монголд хэд хэд ирж байсан ба Халх голын болон Финляндын дайнд байлдаж яваад дал уруугаа буудуулсан хэдий ч амьд гарсан гээд ярьдаг байж билээ. Тухайн үед хил залгаа орших Закаменск нь хориотой бүст тооцогддог байсан тул тэнд хил хаалттай байсан нь одоогийн хойд, өмнөд солонгос маягийн нөхцөл байдал үүсч байсан шиг байна лээ. Тээвэй 55 хүрсэн хойноо л 1960 оны үед хил гарах боломж олдож олон жил уулзаагүй ээж дээрээ очиж уулзсан гэж ярьж байсан нь санаанд орж байна.
Таавай хүүхэд байхдаа хийдэд шавь орсон хэдий ч удалгүй больж харын тал хөөсөн гэдэг. Лам биш хэдий ч их шүтлэгтэй буддын ном судар их уншдаг хүн байсан. Кирил үсэгнээс илүү монгол бичгээ ашигласаар яваад өнгөрсөн дөө. Намайг жоохон байхад монгол бичиг загнаж байгаад заагаад зөндөө юм дуудаж бичүүлдэг байсан. Одоо санахад нэг сургааль үлгэр маягийн шашны номнууд байсан байх. Надад арай сүүлд түвд ном заах гэж оролдсон хэдий ч би шүтлэг муутай болохоор нэг их сонирхолгүй өнгөрсөн. Нэг удаа хэдэн үсэг заалгаад сууж байсан чинь гаднаас хүн орж ирэхэд их л эвгүйцээд зааж байгаа зүйлээ нуугаад өнгөрч билээ.
Хэлмэгдүүлгийн үед Ханх баазад ажиллаж байгаад хилс хэрэгт гүтгэгдэж шоронд орсон гэдэг. Өмнөхөн нь 90000 төгрөгийн хэрэгтэй хүн цаазлагдсан тул түүнээс хүнд хэрэгтэй байсан болохоор найдлагагүй тийшээ болж байх үед аз таарч гэмт этгээдүүд нь олдож аврагдсан гэдэг. Сургууль шатаасан, бас эд хөрөнгийн хэрэг байсан гэж сонсож байсан. Тэгж аз таараагүй бол би гэдэг хүн байхгүй байх байжээ дээ. Нэгэн хадгалж явдаг зураг байсан нь хэдэн лам нарын зурагнуудыг эвлүүлсэн маягийн зураг байдаг байж билээ. Нэг бүдүүн ламыг 300кг хүнд олон хүн дамжуурган дээр арай гэж өргөж явдаг байсан гэж сонирхуулах байдлаар ярьж байсан. Нагац, авгууд хамаатан садных нь лам хүмүүс байсан юм гэж ярихдаа танай нам засаг чинь аваачаад буудчихсан юм гэхээр тэр талаар сайн мэддэггүй жоохон хүүхэд байсан болохоор их гайхаж нам засгийг муу хэлж болдог л юм байх даа гэж бодоод өнгөрдөг байсан. Бид Ленин шиг хүн болох юмсан гэж мөрөөддөг үе байсан болохоор аргагүй байх л даа. Сүүлд 90 оны зун хамт байхад анхны ардчилсан сонгууль болоход сонгуулийн хүмүүсээс тэр талбай дээр суугаад байгаа хүмүүс чинь аль нам бэ гэж асуугаад ардчилсан намд санал өгчихөж билээ. Хөвсгөлийнхөн эсэргүү гэдэг ч ортой шиг байна лээ.
Таавай нэг тийм ном шагайх дуртай, амьтны цус гаргах дургүй маягийн хүн байсан бол Тээвэй арай өөр аж ахуй талдаа айхтар ажилсаг хүн байсан. Буриадууд ажилсаг гэж ортой л доо, ойр хавьд байдаг урианхайнуудтай харьцуулахад илт мэдэгддэг байсан. Оросын нөлөө байсан болохоор цагаан идээ хийх нь халхуудаас бага зэрэг өөр маягтай. Өрөм харьцангуй бага тавих бөгөөд сүүгээ голдуу машиндана. Одоо сүүний машины хүржигнэсэн дуу сонсохоор хүүхэд цаг санаанд орох буюу носталжи болоод байдаг. Тээвэйг машиндаж байхад би машиндая гэхээр эсгий хийхэд нохой хэрэггүй гэдэг байж билээ. Тэгээд цөцгийгөө бүлж масло цохих бөгөөд тос нь ялгагдаад үлдсэнийгээ паахт гээд тараг шиг уучихна. Исэхээрээ илүү дажгүй амттай болдог байсан санагдана. Маслоо нэлээн их дороожтой исгэсэн юм шиг хийсэн боов буюу ёпоошигтой идэх бөгөөд яг одоо идмээр санагдаж байна. Үүнээс илүү амттай байж мэдэх зүйл нь бас нэлээн гашуундуу исгэсэн амттай хөдөөний талх бөгөөд шинэхэн талхаа маслотайгаа идэхэд сак гэж хэлж болох юм. Тээвэй тамхи татдаг байсан тул нэг удаа би түүнээс яагаад ийм муу муухай зүйл хэрэглдээд байгааг асуухад тамхийг магтсан буриад дуу дуулж өгч байсан нь одоо тодхон санагдаж байна.
Таавай Тээвэй хоёрын нутаглаж байсан газрыг Бургалтай гэх бөгөөд уг хөндийд баруун зүүн бургалтай гэсэн хоёр жижигхэн гол урсдаг. Бид хүүхэд байхдаа зүүн бургалтайн усанд орж өссөн бөгөөд сүүлд очоод харахад өвдөг хүрээгүй шахам гүехэн гол байсан юм билээ. 10-аад км зайд харин миний хамгийн дуртай гол болох Үүрийн гол урсах бөгөөд гарам нь жирийн үед 80-100см хэрийн гүнээр голоо ташуулдаж 200, 300м хэрийн зайд явж гардаг томхон гол. 80 хэдэн онд их урт (монголдоо лав уртад орно) модон гүүр барьсан боловч ноднингийн их үерээр урсчихсан гэж сонссон. Уг нутгын байгаль маш гоё тайга маягийн газар бөгөөд бурхан тэнгэр нь уул ус, ой мод, өвс ногоогоор өчүүхэн ч дутаагаагүй болно. АН2-т сэгсрэгдэж арай л гэж амьтай голтой бууж ирээд Тэнүүн хангайн цэцгэн дунд хэвтэхээр хордлого тайлагдчих шиг болдог байсан санагдана.
Үргэлжлэл бий...