Tuesday, March 10, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №4

Би энэ жагсаалтыг гаргахдаа анхнаас нь сонголт хийгээгүй бичээд байсан чинь эхний гурван дуу бол толгойд байгаа хэрнээ 4 дэх дуун дээр нэг бол сонголтгүй нэг бол хэт олон сонголттой болчихдог байна. Aerosmith (Crying, Crazy, Amazing, Living on the Edge), Blur (Beetlebum, Song 2), Green Day (Basket Case), Rammstein (Du Hast), Smashing Pumpkins (1979, Perfect, Tonight Tonight, Thirty Three), Silverchair (Ana's Song), Foo Fighters (Monkey Wrench, Everlong), Metallica (Unforgiven, Unforgiven II, Fade to Black), Marilyn Manson (Dope Show, Beautiful People), Korn (Got the Life) гээд олон супер хамтлагууд хит дуунуудаа 90-ээд онуудад гаргаж байсныг санаж байгаа байх. Эд нараас алийг нь бол алийг оруулчихаар байлаа. Бас Hanson байна. MmmBop санаж байна уу? ;-)

Доорхи видеоны эхэнд явдаг дуу ямар киноны юу гэдэг дуу вэ? Будаа идэлгүй таах гээд үзээрэй. Миний хамгийн дуртай, хэд үзсэн ч уйдддаггүй кинонуудын нэг байгаа юм. Энэ дууны рок бийт ер нь one of the best гэж бодож байна Гэхдээ Нирванагийн Aneurysm-ийн удиртгалын дараа (1:08) явдаг хэсэг бас күүл шүү. Metallica-ийн Orion-ы бөмбөр, басс гитарын ая бас эвгүй мэдрэмж төрүүлдэг байсан санагдана.


Monday, March 2, 2009

Ядуусын хорооллын саятан киноны тухай

Slumdog Millionaire саяхан болсоон Оскараар шилдэг кино болсон төдийгүй, найман шагнал түүчихлээ. Хүн бүр л янз бүрээр хүлээж авч байх шиг байна лээ. Зарим нь утгагүй, уйтгартайг дуудаад л. Зарим нь урлагийн бүтээл болсныг нь гайхаад л. Надад бол мастерпийс биш ч гэсэн боломжийн кино санагдсан шүү. Энэтхэгүүд болохоор өөрсдийг нь нохой гэж доромжиллоо гээд найруулагчийг нь мануухай болгож шатаагаад байсан. Борат ах Казахстаныг будаа болгодгийн хажууд бол энэ юу ч биш байхаа даа.

Харин хамгийн сүүлийн асуулт нэлээд бодолд оруулав. Би хэн саятан болох вэ маягийн асуулт хариулт, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдэд маш их дуртай л даа. Хүүхдийн нэвтрүүлэг ч байсан хамаагүй үзээд суучихдаг гэж байгаа. 20 сая рупийн шагналын асуулт буюу хамгийн эцсийн асуулт нь Дюмагийн Шадар гурван цэрэг зохиолоос байна лээ. Энэ хэр их мөнгө вэ гээд хөрвүүлээд үзвэл 384 мянган америк доллар хэрийн юм байна. Бас их мөнгө байна шүү. Гэтэл асуулт нь болохоор шадар гурван цэргийн хоёр нь Атос, Портос бол гурав дахь хэн бэ? Хариултын сонголтууд нь Арамис, Ришилье, Д'Артаньян, Планше. Номыг нь 4 удаа уншсан, киног нь 6 хувилбараар үзсэн хүнд энэ асуулт хэт амархан санагдах нь тодорхой байх. Тэгээд бодоод байсан чинь найруулагч энэ асуултыг их сэргэлэн бодож оруулсан байгаа юм. Маш олон хүн номыг нь уншаагүй, киног нь ялангуяа америкуудын хийсэн тун муухан хувилбаруудыг үзсэн байдаг юм байна. Надад бол оросуудын бас француудын хийсэн нь хамаагүй өөр түвшинд сайн кинонууд шиг санагдаж байсан. Тэгээд киноны хамгийн гол дүр л толгойд илүү хадгалагдана. Артаньян болохоор сүүлд шадар цэрэг болдог болохоор шадар цэрэг гэж хүмүүст тогтоогддог, харин Арамис харьцангуй туслах дүр болохоор тийм ч их анзаарагддаггүй. Ингээд кино театерт үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь хариултуудыг уншаад Артаньян хариулт нь гэж итгээд сууж байдаг. Гэтэл манай Жамал болохоор Арамис гээд таамгаараа хариулахаар хүмүүс ӨӨӨӨӨ!!!! буруу хариулчихлаа гэж бодоод л. Тэгсэн чинь зөв байхаар нь бүгд баярлалдаад л.

Sunday, March 1, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №5

Манай нэг найз энэ Батзориг биднийг оюутан байхад юу билээ нэг Ирландын хамтлаг сонсоод байдаг байсан, аан тийм Cranberries гээд л одоо хүртэл байнга дурсаж ярьдаг юм. Тухайн үед Монголд альтернатив тийм хүчтэй байгаагүйгээс болоод ч тэр үү, манай найз нар иймэрхүү урсгалын хөгжим нэг их сонсдоггүй байсан санагдана. Cranberries анх хүчтэй гарч ирэхэд альбомд нь Dreams бас Linger гээд хоёр их дажгүй дуу байсан санагдана. Харин дараагийн альбом No Need To Argue нь Ode To My Family, Zombie гээд хоёр хит дуутай гарсан нь одоо хүртэл сонсоод л байгаа. Дараагийн альбомуудад Salvation, Promises, Animal Instinct гээд боломжийн дуунууд байсан ч гэсэн өмнөхүүддээ хүрээгүй. Боснийн дайны нөлөөтэй дуунууд хийгээд жоохон улс төржсөн санагдаж байна. Харин тэр хамгийн сүүлийн альбом бол дэмийдүү болсон санагдсан. Тэгээд л тарсан байхаа даа.
Zombie миний бодлоор Cranberries хамтлагийн хамгийн сайн дуу нь гэж хэлмээр байна. Клип нь олдсонгүй, гэхдээ энэ амьд тоглолт их дажгүй санагдлаа.

Friday, February 20, 2009

Догсомын Бодоо

Чөлөөт нэвтэрхий толь Википедиад Догсомын Бодоогийн тухайн өгүүллийг нэлээн дэлгэрүүлэн засвар оруулснаа та бүхэнд хүргэж байна.

Догсомын Бодоо (1885 - 1922) нь Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулсан.

Бага залуу нас

Догсомын Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байжээ.

Харбины Монголын сонин бичиг сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан Шинэ толь, Нийслэл Хүрээний сонин бичиг сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, "Болд илд, Бо" гэсэн уран бүтээлийн нэртэй байжээ. Уран зохиол сонирхон оролдож Үзэмжит өгүүлэл, Уянгат шүлэглэл зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ.

Тэнд ажиллаж байхдаа большевизмд талтай оросуудыг хамарсан Их Хүрээний Оросын хувьсгалт нууц хороо гэдгийн гишүүн, хэвлэлийн хорооны механикч М.И.Кучеренкотой танилцсан нь түүнд Оросын большевизмын олж сонсох боломж олгожээ. Улмаар туүгээр дамжин Их Хүрээний большевикуудын дунд нөлөө бүхий Хүрээн дэх оросын иргэдийн Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга польш гаралтай Я.В.Гембаржевскийтэй танилцсан байдаг.

Ардын намыг үүсгэн байгуулалцсан нь

1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Бодоо нь Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Уг бүлгийн цөм нь Бодоогоос гадна түүний орос хэлний орчуулагч байсан Хорлоогийн Чойбалсан, лам Дамбын Чагдаржав нар байжээ. Улмаар Сангийн яамны түшмэл Жамьян, залуу лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс ч нэгдсэн байсан байна. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба уг бүлэгт Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, тухайн үед хэвлэлийн үйлдвэрийн үсэг өрөгч байсан Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс уг бүлэгт багтаж байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас Монгол Ардын Нам гэж нэрийдэх болжээ.

1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да Лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. Чухам Ардын намын тамгатай бичиг үү, Богдын тамгатай бичиг үү гэдэг дээр нууц бүлгүүдийн тэргүүлэгч нар санал зөрөлджээ. Большевизмын нөлөөнд илүү орсон байсан Бодоо Ардын намын тамга хангалттай гэж үзсэн бол түшмэлүүдийн төлөөлөл болж байсан Зүүн Хүрээний бүлгийн удирдагч Данзан Богдын тамга зайлшгүй чухал гэж үзжээ. Бодоо голдоо Соёмбо тэмдэг бүхий Монгол ардын намын тамгыг анх сийлсэн гэдэг. 1920 оны 8-р сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ руу буцжээ.

1920 оны эцсээр Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн девиз Монголд орж ирэн 1921 оны 2-р сард Хятадын гамин цэргийг бут цохин Их Хүрээг эзэлсэн байна. Энэ үед Бодоо Барон Унгерний цэрэгт элсэн орж тагнаж, тэдний нэг гол зорилго нь Монголын хүчийг ашиглан Зөвлөлт Оростой тэмцэх явдал гэдгийг олж тогтоон намын нөхдөдөө мэдээлж байжээ.

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.

Ардын хувьсгал

1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагт хотыг эзлэн авчээ. 1921 оны 4-р сарын 16-нд Бодоо нь Чагдаржавын оронд Монгол улсын ерөнхий сайд болжээ. 5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ. 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж Бодоо үг хэлсэн байна.

Ардын засгийн газрыг эмхлэн байгуулахад Бодоо голлох үүргийг гүйцэтгэн тухайн үеийн Монголын төр засгийн бодлогыг боловсруулах, тулгамдсан зорилтуудыг гарган тавьж шийдвэрлэх алхмуудыг хийж байжээ. Ардын засгийн газраас 1921 оны 9-р сарын 14-нд гадаад олон улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай зарлан мэдэгдсэн тунхаг бичиг болон худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох уриалгыг гарган илгээхэд Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайд Догсомын Бодоо гарын үсэг зуржээ. 1921 оны 9 дүгээр сараас Данзаны хамт Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан.

Тэрбээр 1922 оны 1 сарын 7-ыг хүртэл Монгол Ардын түр ба байнгын засгийн газрыг тэргүүлэхдээ улс орноо харийн түрэмгийллээс бүрмөсөн чөлөөлж, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж Орос, Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргүүлэх зорилт болгож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодитой ажил сэдэж зохих үр дүнд хүрч байсан билээ. Америкийн нэгдсэн улсын консултай уулзаж ярилцан Хятад улсаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх талаар туслалцаа хүсч байсан ба мөн ижил хүсэлтийг Зөвлөлт Орос улсаас хүсч байжээ.

Эрх мэдлийн зөрчил, цаазаар авахуулсан нь

Богд хаан хэвээр үлдсэн боловч хязгаарлагдмал эрхтэй буюу зөвхөн шашны хэргийг мэдэх болж төрийн үйл хэргийг Монгол ардын нам, ардын засгийн газар шийдэх болжээ. Солийн Данзан 1921 оны намар намын даргаасаа чөлөөлөгдөн, Сангийн сайдаар ажиллах болжээ. Бодоо Ерөнхий сайдын хажуугаар Намын даргын үүргийн 1921 оны 11 сарын 22 хүртэл гүйцэтгэж байсан ба энэ үед Сүхбаатар Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан байна. Данзан түүнтэй таарамжгүй байсан ба Бодоог хурц ааштай, богино бодолтой, тулхгүй хүн хэмээн шүүмжилдэг байжээ. Сүхбаатарын хувьд тэрээр Данзангийн талыг барьж байсан байна.

1921 оны эцсээр Бодоо Бошгыг халах залуучуудын эвлэлийн шугамаар шинэчлэлийн хэт зүүний бодлого явуулан эмэгтэйчүүдийн үсийг тайрах, дээлийн нударга тайрах зэрэг компанит ажлууд явуулж байсан байна. Мөн энэ үед буюу 1921 оны 12 сард хувьсгалын эсэргүү Саж ламын хэрэг гэгч гарч 48 хүнийг буудан цаазаар хороосон байна.

Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаасаа огцрох хүсэлт гарган 1922 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна. Улс төрийн тавцангаас гарсан хэдий ч Бодоог зүгээр орхилгүй мөрдөн байцааж, улмаар 1922 оны 8 сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Мөн Дотоод яамны сайд асан Да Лам Пунцагдорж, Түр засгийн газрын ерөнхий сайд асан Чагдаржав нарыг хамтруулан хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалжээ.

Бодоог хэлмэгдүүлэн зайлуулах ажиллагаанд чухам Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Элбэгдорж Ренчино нарын хэн нь ямар хэмжээтэй оролцсон нь маргаантай. Данзан Бодоотой улс төрийн үзэл баримтлал, цаашдын хөгжлийн чиг хандлагын хувьд санаа нийлдэггүй байсан тул Бодоогийн хэрэг гэгчийг үүсгэн түүнийг зайлуулсан гэж олон судлаачид үздэг боловч Элбэгдорж Ренчино Данзан, Сүхбаатар нарыг ашиглан Бодоог зайлуулсан гэдэг ч онол байдаг. Бодоогийн дараа Жалханз хутагт Содномын Дамдинбазар Ерөнхий Сайд болсон боловч тун удалгүй нас барсан байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгал

1922-оос 1989 онуудад Догсомын Бодоогийн нэр эх орноосоо урвагч, хувьсгалын эсэргүү гэсэн тодотголын доор явж ирсэн бөгөөд түүний тухай үнэн бодитойгоор үг хэлэх, бичих нь коммунист үзэл суртлын хувьд тэрс, эсэргүүд тооцогдож байсан.

Монгол улсын дээд шүүхийн 1997 оны 6 сарын 11-ны өдрийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгасан байна.

Утга зохиол, урлагт

Социализмын үеийн утга зохиол, кино урлагт мөн Бодоог хувьсгалын эсэргүү, урвагч байдлаар дүрслэн харуулан Консулын бүлэг, улмаар Ардын Намыг үүсгэн байгуулах, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоох, Ардын Засгийг эмхлэн байгуулах, төр засгийн бодлогыг тодорхойлох, гадаад бодлого явуулах үйл хэргүүдэд гаргасан гавьяа зүтгэлүүдийг нь Ардын хувьсгалыг цэрэг армийн талаас нь удирдаж байсан Сүхбаатар, тухайн үедээ нэр, нөлөө багатай байсан Чойбалсан нарт ноогдуулан улс төрийн үзэл суртлын пропаганда явуулж ард олны тархийг угааж байжээ.

* Дэжидийн Жигжидийн найруулсан Өглөө кинонд Бодоогийн дүрд Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тогложээ.
* Тэмцэл кинонд Бодоог хувьсгалын эсрэг хуйвалдаанд оролцож байгаагаар хэлмэгдүүлэн гаргасан байна. Уг кинонд Бодоо Ардын намын модон тамгыг хэн сийлсэн, би л сийлсэн. Тэгэхээр ардын нам гэдэг миний л нам гэж хэлсэн нь түгээмэл хэллэг болж байсан байна.

Дурсгал

Түүний уугуул нутаг болох Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд Монгол улсын төрийн зүтгэлтэн, эх оронч, зохиолч, нийтлэлч Догсомын Бодоогийн хөшөөг босгож мөнхжүүлжээ.

Monday, February 16, 2009

Эва Перон

Аргентины тэргүүн хатагтай асан Эва Перон буюу Эвитагийн тухай Ундракагийн блог дээрх бичлэгийг Монгол Википедиа дээр тавилаа. Энд дарж үзнэ үү.

Friday, February 6, 2009

Барон Унгерн фон Штернберг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиад энэ артиклийг бичиж орууллаа. Алдаа эндэгдэл гарсан бол та бүхэн засвар оруулаарай.


"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. Азийн девизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их Хүрээ хотыг (одоогийн Улаанбаатар) эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж байжээ. Гэвч түүний үйлдсэн алан хядлага, дээрэмдэлт, Хятадын цэргийн хүчний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах сонирхлоо орхисон зэрэг нь Монголын феодалууд, ард түмний дэмжлэгийг эрс багасгахад хүргэжээ. Улмаар Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулан Оросын нутаг руу гарчээ. 1921 онд дотоод урвалтын дүнд баривчлагдан Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-нд цаазаар авахуулжээ.

Уг гарал, бага идэр нас

Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө Орос-Японы дайнд цэрэгт явсан боловч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн.

Цэргийн албанд

1908 оноос Байгал нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. 1913 онд Ховд хотод алба хааж байсан. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ.

Иргэний дайн, Монголд

Барон Унгерн фон Штернберг нь Оросын иргэний дайнд Цагааны талд Атаман Семёновын удирдлаган доор Харийн девизийг (сүүлд Азийн девиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чита хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Даурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг эзлэхээр хөдөлжээ.

1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриадын цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.

Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан боловч түүний зөвшөөрлөөр цэргүүд хотыг дээрэмдэн талсны дараа ард олны санаа бодол өөрчлөгдөх болов. Гэвч удалгүй өөрөө дээрэм тонуулыг хатуу гараар зогсоожээ. Тэрээр монголчуудтай өөрийн нөхөрлөлөө нэмэгдүүлэхийн тулд буддын шашинд орж Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд чин вангийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. Унгерн энэ хатуу ширүүн диктатураа Орос оронд большевикуудын явуулж байсан харгис ширүүн дарангуйлалд өгч буй хариу хэмээн тайлбарлаж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулан гэсэн галзуу төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохьсон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь Манжуур луу аялан Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн улмаар 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан байна. Гэсэн хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.

1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ. 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ.

Түүхэн ач холбогдол

Монгол улс тусгаар тогтнолоо олох үйл явцад томоохон нөлөө үзүүлсэн. Их Хүрээн дэх Хятадын цэргийг бут цохин зайлуулснаар Монгол дахь Хятадын эзэрхийллийг устгахад тус нэмэр болсон төдийгүй хойд зүгийн аян нь Улаан армийн Монголын нутаг дэвсгэрт орж ирэх нэг томоохон шалтгаан болжээ. Монголд хийсэн түүний харгис хатуу бодлого, аллага хядлага нь олон нийтийн дэмжлэг авахад саад болсон байна. Барон Унгерн пролетарийн диктатурыг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул Цагааны хөдөлгөөнд оролцсон боловч хөрөнгөтнүүдийг үзэн яддаг, хаант засаглалыг дэмждэг байсан тул уг хөдөлгөөний жирийн нэгэн төлөөлөгч гэж тооцож болохгүй.

Гавьяа шагнал

* Гэгээн Георгийн 4-р зэргийн одон (1914 он);
* Гэгээн Аннагийн 4-р зэргийн одон (1914 он);
* Гэгээн Владимирын 4-р зэргийн одон (1915 он);
* Гэгээн Станиславын 4-р зэргийн одон (1915 он);
* Гэгээн Аннагийн 3-р зэргийн одон (1916 он);
* Оросын армийн дэслэгч генерал цол (1920 он, маргаантай);
* Монголын хошой чин вангийн зэрэг хэргэм (1921 он);
* Монгол улсыг мандуулагч их баатар жанжин цол (1921 он).

Утга зохиол ба урлагт

* Леонид Абрамович Юзефович өөрийн «Самодержец пустыни» номондоо Барон Унгерний захидлууд болон бусад сонирхолтой баримтуудыг оруулжээ.
* Польшийн аялагч зохиолч Антоний Фердинанд Оссендовский Барон Унгернтэй уулзаж, ажиллаж байсан бөгөөд түүний тухай «И звери, и люди, и боги» номоо бичжээ.
* Калинов Мост хамтлагийн «Вечное небо» дууг түүний дурсгалд зориулжээ.
* Жамьянгийн Бунтар ба А.Бобровскийн найруулсан Төгсгөл уран сайхны кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.
* Сүхбаатар кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.

Домог яриа, цуу яриа, онигоо

* 1921 онд улаантнуудад баригдахаасаа өмнө Барон Унгерн бүх алт эрдэнэсээ амьдарч байсан байрныхаа шалан доор нуусан гэсэн цуурхал тарж байжээ.
* 2005 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо "Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?" гэсэн асуултаар зар сурталчилгаа өргөн хүрээтэй хийж байжээ. Уг хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насанд халдаж цаазаар авахуулсан бөгөөд, удалгүй дампуурсан тус хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө Барон Унгерний алт шиг алга болжээ.
* Онигоо: Барон Унгерн алтаа хаана нуусан бэ? – Оюутолгойд

Thursday, February 5, 2009

Garbage - Tell Me Where It Hurts

Америкийн алтернатив рок хамтлаг Garbage 90-ээд оны дунд үед ид хүчээ авч байсныг санаж байгаа байх. Ер нь тэр жилүүдэд алтернатив, брит поп, инди, панк, гранж стилиүд ид оргилдоо хүрч байсан гээд хэлчихэд худлаа болохгүй байх. Nirvana, Oasis, Radiohead, Cranberries, Green Day, Blur, Garbage, Pulp, Pearl Jam гэх мэт олон хамтлагууд толгой эргэм өндөр амжилтуудад хүрч байсан бол одоо тэдний амжилтанд хүрч байгаа нь их цөөхөн болсон байх шүү. Тэгэхээр хуучнуудынхаа гаргаж байгааг нь л сонсоод байхаас. Ажил, гэр гэсээр байгаад MTV үзэхээ дээр үед больж дээ. Дээр нь MTV ч гэсэн ер нь дуу хөгжим гэхээсээ илүү элдэв реалити шоугаар л дүүрэн болсон шиг байна лээ. Харин Монголд одоо л энэ урсгалууд овоо гарч ирж байна. 90 хэдэн онд ганц Нисванис л байсан санагдана. Одоо харин Lemons, A-Sound, Bulsara, L-Guards, гээд хөөрхөн хамтлагууд гарч ирлээ. Тэр Starfish, Softcore, Pilots ч гэсэн ганц нэг хөөрхөн дуунууд гаргасан байна лээ.
Garbage шинэ альбом гаргах сураг гараад л байсан. Shirley Manson элдэв кинонд тоглоод байхаар хойшлоод байх шиг байна. Beautiful Garbage шиг дэмий альбом бүү гаргаасай даа. Bleed Like Me боломжийн байсан, гэхдээ анхны 2-т яаж хүрэх вэ дээ. Харин сүүлд гарсан Greatest Hits дотор их дажгүй шинэ дуу байсан нь Tell Me Where It Hurts байгаа юм. Видеогоо нэлээн хөөрхөн хийсэн байсан. Сэдэв нь Belle de jour гэдэг 1967 онд Catherine Deneuve тоглосон нэг франц киноноос авсан. Киноны гол баатар бүсгүй багын золнүй явдлаас болоод сексийн сонирхлын хувьд комплекстой болсон бөгөөд нөхрөөсөө ханамж авч чадахгүйгээсээ болоод өдрийн цагаар бордельд ажиллаж, сүүлд нь нэг үйлчлүүлэгчдээ дурладаг боловч тэр нь үхдэг ч гэлүү нэг тийм үйл явдалтай юм гэсэн. Shirley Manson хэдий 40 гарсан ч гэсэн их кинки секси харагдаж байна лээ. Өөрөө ч "I love playing a prostitute" гэж хэлсэн байна лээ. Хэхэ.

Wednesday, February 4, 2009

Их дажгүй реклам

Хайнекений энэ рекламыг их зөв бодож хийсэн нь хөгжилтэй дээрээ хүнд хүрэхүйц болгож чадсан санагдлаа. Би лав ийм хөргөгч хараад хашгирдаггүй юм аа гэхэд амаа том ангайгаад wow гэх юм байна.

Tuesday, February 3, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №6

Aerosmith үү? Guns N' Roses үү гэж бодоод л байна. Aerosmith ч сак хамтлаг байсан л даа. Гоё гоё дуунууд зөндөө л байсан. Миний дуртайнууд нь Alicia Silverstone тоглосон 3 дуу, Dream on, Living on the edge энэ тэр байсан. Гишүүдийн хувьд ч гэсэн Tyler, Perry гээд сонирхолтой этгээдүүдтэй. Манай найзууд энэ Батзоригоос яаж ийм охин яаж гарчихав аа гэж явуулаад байдаг шиг Steven Tyler-ийн охин гэхэд тун их царайлаг бүсгүй байсан чинь одоо ч нэг их үзэгдэхээ больжээ дээ. Бодвол ээжийгээ дуурайсан юм байлгүй. Guns N' Roses ч дутахгүй шүү. Axl, Slash гээд хүнд гарууд November Rain, Don't Cry гээд хит болсон гоё дуунууд гаргаж байсан. Тухайн үед буюу 90 оны эхэн үед маш өндөр амжилт олж байсан Nirvana хамтлагийн алдарт Cobain-тэй Axl муудалцсан гэсэн нэг түүх байдаг. 1992 оны MTV VMA дээр Kurt эхнэр Courtney-гийн хамт Axl-ийг өдөөд байсан юм шиг байгаа юм. Axl дургүй нь хүрээд зодолдоё гэж дайраад л, гэхдээ тэр хоёр арай ч зодолдоогүй гэж сонссон. Уг шоун дээр Нирвана алдарт Lithium-аа дуулаад дуусч байхдаа хөгжмөө цохиж эвдлээд, Dave Grohl микрофоноор Axl хаана байна? гэж хашгираад, Novoselic хөөрөөд гитараа дээш шидчихсэн чинь гай болж духан дээр нь унаж нам цохиод л, нэг тийм хөгжилтэй юм болж билээ. Axl гэхдээ тэндээс November Rain-ээрээ нэг шагнал авсан санагдаж байна. Хамтлаг нэг хэсэг алга болж байгаад саяхнаас Chinese Democracy гээд шинэ альбом гаргасан гэсэн. Хэр дажгүй юм бүү мэд. За тэгээд дээр дурдсан дуунуудаас алийг нь сонгосныг харахгүй юу доо.

Friday, January 30, 2009

Спорт мэдээ

Аса аварга түрүүлчихээд баяр хөөрөө илэрхийлэн гараа өргөснийг YDC-ийн хурлаар нэлээн шүүмжилсэн сурагтай. Ганц Такахико Цурута л энийг тоогоогүй бололтой. "Asashoryu has really done well this basho. Personally I wasn't bothered by his 'manner' (after the yusho kettei-sen). I'd like to do my best to serve as the new chairman so that all sekitori can display their best sumo." Япончуудын хэлж ярьж байгаагаар бол ёс заншил зөрчиж байгаа юм байх. Жишээ япончууд Монгол очоод монгол бөхөөр барилдаад бас адилхан гараа савчаад байвал монголчууд дургүйцнэ шүү дээ гэсэн аргумент гаргаж тавьж байна. Манай бөхөд тийм заншил байгаагүй л дээ. Гэхдээ бөхчүүд түрүүлэхээрээ хааяа тэгдэг. Тэрнийг нь бид нэг их асуудал болгоод яриад байсныг санахгүй л юм байна.

Австралийн нээлттэй тэмцээн ихэд сонирхолтой болж байна. Өнөө өглөө Федерер Роддикыг 3-н сетээр хожсоноор шигшээд үлдлээ. Нийтдээ 18 тоглосноос Федерер манай америк залууг 16-д нь хожсон байгаа юм. Харин финалд Федерерийн эрлэг болсон (12:6, Надал тэргүүлж байгаа) дэлхий нэг номер Рафа бараг хүлээж байгаа болов уу даа. Вердаско бүр тийм сайн байна гэж харагдаагүй. Цонга харин их муу тоглосондоо хожигдчих шиг болсон. Эмэгтэйчүүдийн хэсэгт Серена, Дементьева хоёр харин алалцсан даа. Хоёулаа хүчтэй цохилттой тоглогчдыг хэлэх үү. Буудаад л буудаад л. Серена сайн байна лээ, Дементьеваг талбайгаас гартал буудсан даа. Сафина бүр гайхамшигтай тоглодоггүй юм бол Серена 10 дахь аваргын дуулгаа авч "өмсөх" нь дээ. Сафина гэхдээ хүчтэй харагдаж байна лээ. Бараг л ах Марат Сафинг эмэгтэй болгочихсон юм шиг биерхүү бадриун байна лээ. Хагас шигшээд 3 орос бүсгүй үлдсэн гээд харахад оросуудын давамгайлал хүчтэй хэвээр байна шүү. Дээр нь Сербийн хоёр бүсгүйг (Янкович, Иванович) нэмчихээр славян бүсгүйчүүд теннисийн талбайг нийтэд нь эзлэн ноёрхож байна. Дунд нь барууныхан гэхээр америкийн алдарт эгч дүү бакиуд л байна лоо. За тэгээд энэ хоёрын ялсан нь түрүүлэх төдийгүй дэлхийн нэг номер болно гэсэн. Би хувьдаа Марат найзыгаа дэмждэг байсан болохоор дүүг нь дэмжиж байгаа.

Thursday, January 29, 2009

Онигоо

Ленин үхжээ. Бурхан шүтдэггүй ч гэсэн сайн хүн байсан болохоор нь диваажин там хоёрт жил жилээр ээлжилж байлгахаар болжээ. Жилийн дараа Сатан диваажинд очоод:
- Хөөе Бурхан, нөгөө Ленинг авахаар ирлээ. За тэгээд сонин сайхан юу байна даа. Яриад байгаарай.
- Нэгд би зүгээр Бурхан биш Нөхөр Бурхан. Хоёрт би их яарч байна. Төв хорооны хурлаас хоцрох нь.

2 индиан ярилцаж сууна.
- Манай эхнэр үс хагтаад байна гээд үглээд. Одоо больсон л доо.
- Тэгээд яасан? Head and Shoulders авч өгөв үү?
- Үгүй ээ. Хуйхыг нь хуулчихсан.

7 сарын нэгний үймээн. Цагдаагийн салаан дарга гудамжинд яваа хүнийг зогсоогоод асууж байна.
- Үймээнд оролцсон уу?
- Тэгсэн.
Цагдаа нарт хандан
- Наадхаа хурдан машинд ачаад!
Дараагийн хүнийг зогсоогоод
- Үймээнд оролцсон уу?
- Ёстой үгүй шүү. Би зүгээр гэртээ харьж яваа хүн байна.
- Наадхаа хурдан үймээнд оролцуулчихаад машинд ачаад!

Эрт дээр цагт Чукча нарын нутагт нэгэн маш ухаалаг хүүхэд төржээ. Хүүхэд байхдаа л сэтгэн бодох чадвар, амьдрах ухаанаараа бусдаас хол давуу байсан тул алс нутгийн нэгэн арал уруу цөлж гэнэ. Япон үндэстний уг гарал үүсэл ийм түүхтэй ажгуу.

Tuesday, January 27, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №7

Ирландын алдарт U2 хамтлагийг хөгжмийн түүхэнд хамгийн айконик хамтлаг байсан гэхэд нэг их буруудахгүй биз. 30 гаруй жил оршин тогтнож буй энэ агуу хамтлагийн тухай энд би хэдхэн мөрөнд юу бичив гэж. Ганц хоёр сонссон сонирхолтой юм байвал дурдчихъя.

- Боногийн нэрийг хэд хэдэн удаа Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлсэн гэж ярьдаг. Хэдий албан ёсны биш ч гэсэн дуучин хүний хувьд бас нэгэн гайхалтай үзүүлэлт гэж бодож байна. Тэрээр африкийн тив дэх ядуурал, ДОХ-ын эсрэг олон улсын төрийн бус байгууллагын үүсгэн байгуулж байжээ.

- Paul david Hewson-ы Боно гэдэг хоч нь Bono Vox буюу сайхан хоолой гэсэн латин үгнээс гаралтай аж. Их л зохисон хоч байна даа.

- Их Британий хатан хаан Элизабет II Боног Морьтон хүлэг баатарын (Honorary Knighthood) цолоор шагнасан, харин Элтон Жон шиг Сэр цол аваагүй нь мань эр Ирландын иргэн буюу Их Британид хамаардаггүйтэй холбоотой гэнэ.

Ингээд U2 хамтлагийн One гээд хит болсон дууг нэг дурсаад сонсоорой.

Monday, January 26, 2009

Youtube in High Definition 720p

Youtube өргөн дэлгэцийн болоод удаагүй байтал HD гаргадаг болчихлоо. High Definition 720p нь видеоны хувьд: MPEG4 Video (H264) 1280x720 30.00fps, аудиогийн хувьд AAC 44100Hz stereo 1411Kbps гэсэн үзүүлэлттэй тул маш өндөр чанартай видео үзүүлэх аж. За энийг бараг өөрсдөө үзчихэд мэдрэгдэх байхаа даа. Энд дарж сая болж өнгөрсөн Хацу башогийн плей-оффын барилдааныг HD форматаар үзэж сонирхоорой. Телевизээр үзсэнээс бараг илүү тод харагдаж байна лээ. Асашорю сайхан давж түрүүлж биднийгээ баярлуулсан шүү. Энэ блог дээрээс уншиж уг форматаар байгаа видеог хэрхэн хадгалж авахыг сурч аваарай. Мэдээж чанар сайжрах тул татаж унших хугацаа ихсэнэ гэсэн үг. Гэхдээ зарим нэг харагддаггүй зүйлийг харахад хэрэг болно. Жишээ нь шайб, бөмбөг харагдахгүй уур хүргэдэг. Энд дараад харагдах эсэхийг туршаад үзээрэй.

HQ (high quality)-ийн хувьд гэвэл видеоны холбоосон дээр &fmt=18 гэж нэмж үзэж болдог. Гэхдээ үнэхээр цаад видео нь нарийвчлал муутай байсан бол энэ бүтэхгүй л дээ. watch in high quality гэсэн линк дараад үзчихийн оронд ингэж зовох хэрэг юу байна гэвэл зарим дээр ийм линк байхгүй боловч HQ дээр байдаг.

Цагаан сарын маргааны тухай

Тэр зурхай энэ тэрийг нь сайн мэдэхгүй юм байна. Солонгос, Хятад өнөөдөр тэмдэглээд Монгол, Түвд хоёр л хоёр сард гээд байгаа юм аа даа. Миний бодлоор Хужаагийн хуанли, Түвдийн хуанли хоёр аль аль нь зөв болоод л хүмүүс нь хэрэглээд байгаа юм шиг. Өмнө нь нэг өдрөөр зөрөхөд Төгс буянтын зурхай илүү таарч байх шиг санагдсан, тэрийгээ бариад явбал яасан юм бэ. Шашин соёлын хувьд бид Түвдэд илүү ойрхон, бас хужаатай тааруулж хар хүйтэнд цагаан сар хийж байхаар хоёр сардаа л хийе л дээ. Ер нь гадаа бол хавар болж байгаа шинж zero байна даг. Бас тэр цагаан сар буруу өдөр хийвэл гай гамшиг ирнэ гэдэг бол жинхэнэ "бухын баас" гээд хэлчихье. Социализмийн үед шинэ жилээр хүртэл золгоод л байсан даг. Гай гамшиг болоод байсныг нь санадаггүй ээ.

Wednesday, January 21, 2009

Онигоо

Арго багш өөдрөг амьдрах тухай сургааль айлдана. Лекцэнд оролцогчдод асуулт тавьж байна гэнэ.
- Гадаа явж байтал толгой дээр шувуу баавал та нар яах вэ?
Нэг залуу
- Пизда л гэж хараах байх даа.
- Буруу байна. Үхрийг нисдэг болгоогүйд бурхан тэнгэрт талархал илэрхийлэх хэрэгтэй.

Нэг замын цагдаа гэртээ иртэл эхнэр их л удаж удаж хаалгаа нээж гэнэ. Мань эр орон доогуур харснаа
- Энд алга.
Ширээн доогуур харснаа
- Энд алга.
Шкаф нээтэл урдаас нь нэг гар 20 цаас сарвайж байна гэнэ. Мөнгийг авснаа
- Энд ч бас алга.

Нэг залуу онигоочин найзаасаа онигоо яаж сайн мэддэг ярьдаг болох вэ гэж асууж нөгөөх нь:
- Гадны онигоо олж унш. Дараа нь монголчил. Жишээ нь: Путины тухай онигоог Энхбаярын тухай болгож болно. Чи нэг оролдоод үз дээ.
Манай залуу хэсэг бодож байснаа:
- Дэлгэрмөрөнг дүүжлэв.
гэжээ.

Нэг эр цахилгаан багажны дэлгүүрт хөрөө барьж ороод гомдол тавьж байна.
- Энэ хөрөөг танайхаас уржигдар авахад өдөрт 10 метр куб мод хөрөөдөж бадна гээд байсан. Өчигдөр би зовж зовж 5 метр кубыг хөрөөдлөө.
Худалдагч хөрөөг аваад асаатал гайхсан эр:
- Үгүй энэ чинь юу хүржигнээд эхлэв ээ?