Tuesday, March 10, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №4

Би энэ жагсаалтыг гаргахдаа анхнаас нь сонголт хийгээгүй бичээд байсан чинь эхний гурван дуу бол толгойд байгаа хэрнээ 4 дэх дуун дээр нэг бол сонголтгүй нэг бол хэт олон сонголттой болчихдог байна. Aerosmith (Crying, Crazy, Amazing, Living on the Edge), Blur (Beetlebum, Song 2), Green Day (Basket Case), Rammstein (Du Hast), Smashing Pumpkins (1979, Perfect, Tonight Tonight, Thirty Three), Silverchair (Ana's Song), Foo Fighters (Monkey Wrench, Everlong), Metallica (Unforgiven, Unforgiven II, Fade to Black), Marilyn Manson (Dope Show, Beautiful People), Korn (Got the Life) гээд олон супер хамтлагууд хит дуунуудаа 90-ээд онуудад гаргаж байсныг санаж байгаа байх. Эд нараас алийг нь бол алийг оруулчихаар байлаа. Бас Hanson байна. MmmBop санаж байна уу? ;-)

Доорхи видеоны эхэнд явдаг дуу ямар киноны юу гэдэг дуу вэ? Будаа идэлгүй таах гээд үзээрэй. Миний хамгийн дуртай, хэд үзсэн ч уйдддаггүй кинонуудын нэг байгаа юм. Энэ дууны рок бийт ер нь one of the best гэж бодож байна Гэхдээ Нирванагийн Aneurysm-ийн удиртгалын дараа (1:08) явдаг хэсэг бас күүл шүү. Metallica-ийн Orion-ы бөмбөр, басс гитарын ая бас эвгүй мэдрэмж төрүүлдэг байсан санагдана.


Monday, March 2, 2009

Ядуусын хорооллын саятан киноны тухай

Slumdog Millionaire саяхан болсоон Оскараар шилдэг кино болсон төдийгүй, найман шагнал түүчихлээ. Хүн бүр л янз бүрээр хүлээж авч байх шиг байна лээ. Зарим нь утгагүй, уйтгартайг дуудаад л. Зарим нь урлагийн бүтээл болсныг нь гайхаад л. Надад бол мастерпийс биш ч гэсэн боломжийн кино санагдсан шүү. Энэтхэгүүд болохоор өөрсдийг нь нохой гэж доромжиллоо гээд найруулагчийг нь мануухай болгож шатаагаад байсан. Борат ах Казахстаныг будаа болгодгийн хажууд бол энэ юу ч биш байхаа даа.

Харин хамгийн сүүлийн асуулт нэлээд бодолд оруулав. Би хэн саятан болох вэ маягийн асуулт хариулт, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдэд маш их дуртай л даа. Хүүхдийн нэвтрүүлэг ч байсан хамаагүй үзээд суучихдаг гэж байгаа. 20 сая рупийн шагналын асуулт буюу хамгийн эцсийн асуулт нь Дюмагийн Шадар гурван цэрэг зохиолоос байна лээ. Энэ хэр их мөнгө вэ гээд хөрвүүлээд үзвэл 384 мянган америк доллар хэрийн юм байна. Бас их мөнгө байна шүү. Гэтэл асуулт нь болохоор шадар гурван цэргийн хоёр нь Атос, Портос бол гурав дахь хэн бэ? Хариултын сонголтууд нь Арамис, Ришилье, Д'Артаньян, Планше. Номыг нь 4 удаа уншсан, киног нь 6 хувилбараар үзсэн хүнд энэ асуулт хэт амархан санагдах нь тодорхой байх. Тэгээд бодоод байсан чинь найруулагч энэ асуултыг их сэргэлэн бодож оруулсан байгаа юм. Маш олон хүн номыг нь уншаагүй, киног нь ялангуяа америкуудын хийсэн тун муухан хувилбаруудыг үзсэн байдаг юм байна. Надад бол оросуудын бас француудын хийсэн нь хамаагүй өөр түвшинд сайн кинонууд шиг санагдаж байсан. Тэгээд киноны хамгийн гол дүр л толгойд илүү хадгалагдана. Артаньян болохоор сүүлд шадар цэрэг болдог болохоор шадар цэрэг гэж хүмүүст тогтоогддог, харин Арамис харьцангуй туслах дүр болохоор тийм ч их анзаарагддаггүй. Ингээд кино театерт үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь хариултуудыг уншаад Артаньян хариулт нь гэж итгээд сууж байдаг. Гэтэл манай Жамал болохоор Арамис гээд таамгаараа хариулахаар хүмүүс ӨӨӨӨӨ!!!! буруу хариулчихлаа гэж бодоод л. Тэгсэн чинь зөв байхаар нь бүгд баярлалдаад л.

Sunday, March 1, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №5

Манай нэг найз энэ Батзориг биднийг оюутан байхад юу билээ нэг Ирландын хамтлаг сонсоод байдаг байсан, аан тийм Cranberries гээд л одоо хүртэл байнга дурсаж ярьдаг юм. Тухайн үед Монголд альтернатив тийм хүчтэй байгаагүйгээс болоод ч тэр үү, манай найз нар иймэрхүү урсгалын хөгжим нэг их сонсдоггүй байсан санагдана. Cranberries анх хүчтэй гарч ирэхэд альбомд нь Dreams бас Linger гээд хоёр их дажгүй дуу байсан санагдана. Харин дараагийн альбом No Need To Argue нь Ode To My Family, Zombie гээд хоёр хит дуутай гарсан нь одоо хүртэл сонсоод л байгаа. Дараагийн альбомуудад Salvation, Promises, Animal Instinct гээд боломжийн дуунууд байсан ч гэсэн өмнөхүүддээ хүрээгүй. Боснийн дайны нөлөөтэй дуунууд хийгээд жоохон улс төржсөн санагдаж байна. Харин тэр хамгийн сүүлийн альбом бол дэмийдүү болсон санагдсан. Тэгээд л тарсан байхаа даа.
Zombie миний бодлоор Cranberries хамтлагийн хамгийн сайн дуу нь гэж хэлмээр байна. Клип нь олдсонгүй, гэхдээ энэ амьд тоглолт их дажгүй санагдлаа.