• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Thursday, March 28, 2013

Төр ба хувийн хэвшил

Шинэ засгийн газар ажиллаж эхэлснээс хойш төр бизнесийн үйл ажиллагаа хийх, бизнесийн ертөнцөд хийх зохицуулалтаа нэмэгдүүлэх гэсэн хандлага их ажиглагдаж байгаа. Миний улс төрийн идэвхи сонгуульд санал өгөхөөс нэг их хэтэрч байсангүй, аль ч намд элсэх тухай бодож ч байсангүй, хувийн бизнес эрхэлж байсангүй, хувийн компанид ажил хийгээд цалингаараа амьдарч ирсэн болохоор жирийн нэг иргэн хүний хувийн үзэл бодол гэж харна биз. Монгол улс маань ардчилал, зах зээлд шилжээд хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монголын төр, хувийн хэвшил аль аль нь сонгосон замаараа явахад суралцаж, явж, алдаж онож л ирлээ. Социализмын үеийн сэтгэлгээнээсээ ард олон минь салахад амархан байсангүй. Баабарын хэлснээр энэ сэтгэлгээний инерцийн үлдэгдэл ажиглагдсаар.
Би хувьдаа Монгол улсын хөгжлийн хамгийн том түлхүүр нь хүчтэй хувийн хэвшил гэж боддог. Компаниуд ашигтай амжилттай ажиллаж өргөжин тэлж, ялж байх нь эздэд нь төдийгүй ард түмэнд хэрэгтэй. Бид за энэ ч баяжиж байна даа, их идсэн байх даа гэдэг өнцгөөс л голдуу хардаг. Гэтэл амжилттай яваа компаниуд ажлын байр бий болгодог, ажиллагсаддаа илүү өндөр цалин хангамж, мэргэжлийн ур чадвар, туршлагыг өгснөөр нийгэмд илүү өндөр бүтээмжтэй иргэдийг бий болгож байдаг. Илүү өндөр татвар төлснөөр төр засагтаа ард олныхоо төлөө илүү олон, сайн эмнэлэг, сургууль, дэд бүтэц, нийгмийн хангамжийг хүргэх боломжийг өгдөг.
Аливаа компани ашигтай ажилласнаар шинэ техник технологийн хөрөнгө оруулалт хийж зах зээл дээр шинэ илүү үнэ цэнийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж шинэ зах зээлийг бий болгодог. Жишээ авахад өнөөдөр нийгмээрээ шулаач, баян гэж үзэх хандлагад өртөгдөж байгаа үүрэн холбооны компаниуд үр ашигтай, амжилттай ажиллаж олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг ард олондоо хүргэж ирсэн байдаг. Дэлхийн зах зээл дээр байгаагүй шинэ зүйлийг бодож олоод хийчихсэн жишээнүүд ч бий. Намайг Скайтелийг удирдаж ажиллаж байхад ч ажиглагдаж байсан. Гадаад компани ирээд өөрсдийн шинэ шийдэл, боломжуудыг танилцуулахад манай маркетинг, биллингийнхэн энийг бид уржнан нэвтрүүлсэн, тэрийг манай өрсөлдөгч хийчихсэн гэх мэт тохиолдол элбэг байсан. Оксфорд бизнес группынхэн Монгол 2012 номоо гаргаж байхдаа танай Монголд мэдээлэл, харилцаа холбооны салбар л янз бүрийн асуудал багатай, хурдтай, амжилттай хөгжиж байгаа гэж хэлж болохоор байна гэж дурдаж билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрийн өмч, оролцоотой компаниуд бий. Төр муу менежер гэдгээсээ болдог юм уу ашигт ажиллагаа нь тун тааруухан. Ажиллаж байгаа хүмүүс нь зоригтой, хурдтай, амжилттай ажиллая гэхээр төрийн байгууллагын хүнд суртлын аппарат нь урагшаа алхуулдаггүй, улс төрийн томилгоо, шийдвэрүүдээс их хамаараад хэцүү байдаг байж мэдэх л юм. Дээр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс уламжлагдаж ирсэн компаниуд голдуу тул зах зээлд дээр хүчтэй өрсөлдөх хандлагаасаа илүүтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах хандлага нь давамгайлдаг юм шиг. Гэхдээ дунд нь ажиллаж үзээгүй болохоор энэ зөвхөн миний таамаг л даа. Миний хэлмээр байгаа гол зүйл нь гэхээр ингэж амжилтгүй ажиллаж байгаа компаниудынхаа бизнесийн хүрээг төр нэмээд байх нь Монгол улсдаа хэрэгтэй ашигтай юм уу даа. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн хөрөнгө оруулалтыг ашигтай ажиллуулж чадахгүй байгаа байгууллагад татвар төлөгч бидний мөнгөөр хөрөнгө оруулаад байх нь буруу л гэмээр байна. 
Төр өөрөө ямар үүрэгтэй аппарат вэ гэдгийг эргээд нэг харъя л даа. Хамгийн түрүүнд төр баялаг бүтээдэггүй гэдгийг онцолмоор байна. Бидний сонгосон зах зээлийн нийгэмд хувийн хэвшил баялгийг бүтээж, төр харин батлан хамгаалах, хууль, эрх зүйг тогтоох, сахиулах, ард олны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, дэд бүтэц гэх мэт нийгмийг сайн сайхан, зөв зүйтэй байлгах маш олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Төр баялаг бүтээдэггүй тул бид татвар төлж, төр харин тэр мөнгийг үр ашигтай зарцуулж дээр дурдсан зүйлсийг хийх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл төр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг нь болохоос эдийн засгийн хөдөлгүүр нь бол биш юм. Өнөөдөр АНУ, Япон, Их Британи, Франц, Герман, за бидэнд ойрхон гэвэл Өмнөд Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудын жишээг харахад үндэсний том корпорациуд нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийг урагш нь чирч, үүнийг дагаж хүчтэй дунд давхарга гарч ирсэн үзэгдэл байдаг. Баабар энэ тухай оны эхээр Зүүн талаар гүйцэж түрүүлэхүй гээд өгүүлэлдээ тодорхой биччихсэн байсан болохоор олон зүйл ярихаа болилоо. 
Саяхан твиттер дээр нэг залуутай санаа бодлоо солилцож үзсэн чинь капиталист нийгэм явцгүй болох нь харагдаж байгаа, ирээдүйд нийгмээрээ зохицуулалттай амьдардаг, хүн хэрэгцээгээрээ л өмч хөрөнгөтэй байдаг ч билүү нэг тийм нийгмийн дүр зураг ялан дийлнэ гэж яриад байсан. Миний сэтгэн бодох чадвар тийм хязгаартай юм уу, надад бол утопи коммунизм, фашизм л санаанд орсон. Би антрополог биш л дээ, гэхдээ Масловын хүний хэрэгцээний шатлалын онолоос харахад бүх хүний хэрэгцээний хязгаарыг хүрэхэд тийм амаргүй л болов уу даа. 500 жилийн дараа ийм нийгэм боломжтой болж болохыг үгүйсгэхгүй ч ойрын 200 жилдээ бидэнд капиталист нийгэм нь илүү ойрхон гэмээр байна. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад эхний байж болох арга зам бол маш чадварлаг, ухаалаг манлайлагчтай байгаад чанга гараар байдлыг цэгцлэх, аажмаар чөлөөлж тавих Өмнөд Солонгос, Сингапур маягийн зам. Гэхдээ бид энэ замаар явахаасаа өнгөрсөн гэж бодож байна. Ингээд явчих хүчтэй манлайлагч (жишээ нь: Чингис хаан, Lee Kuan Yew) ч огт харагдахгүй байна. Нөгөө зам нь ардчилал, чөлөөт зах зээлээ дэмжээд, харин төрийг интеллектүүд удирдаад явах зам. Хувь хүнийхээ хувьд би энэ зам нь илүү зөв гэж боддог, гэхдээ өнөөдрийн нийгмийн байдал, ард олны сэтгэлгээний хандлагаас анзаарахад зүүний популизмийн өвчнөөс бид нэг хэсэгтээ салахааргүй харагдаж байна даа харамсалтай нь.


Source: BZP Consulting LLC

Wednesday, March 27, 2013

Гүйцэтгэлийн үнэлгээ ба ялгаварлал

Гүйцэтгэлийн үнэлгээ бизнесийн олон байгууллагын толгойны өвчин байсаар байна. Жижиг компани чадварлаг эзэнтэй байгаад тэр нь шууд удирдаж ажилладаг бол асуудал харьцангуй бага. Арван хуруунд багтах хүнийг удирдаад сайн, мууг нь хараад, үнэлээд ажиллахад болохгүй юмгүй. Харин бизнес өргөжин тэлэх тусам уг лидерийн физик хэмжээ хязгаараас хамааран бүх түвшний хяналтанд байх боломжгүй болоод ирэхээр бас толгой өвтгөөд л эхэлнэ. Өнөөдөр нийгэмд ихэд ажиглагдаж байгаа зүүний чиг хандлагыг ард олны социалист сэтгэлгээний инерци дээр тоглож буй улс төрийн популизм хэмээн үл тоовол бидний гаруй жилийн өмнө сонгосон капиталист өнцгөөс гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг харъя гэж бодлоо. Хэрэв компани эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зүүний хэлбэрийн тэгшитгэх бодлоготой бол гүйцэтгэлийг бодитой үнэлэх гэж зовлон болж суух шаардлага тун бага. Харин ухаалаг гүйцэтгэх удирдлагууд бодитой гүйцэтгэлийн үнэлгээний системтэй байснаараа шагнал урамшууллыг оновчтой өгч ажиллагсдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх сэдлийг үүсгэх, өндөр гүйцэтгэлтэй чадварлаг ажиллагсдыг сэдэлжүүлж тэд компанийг хөгжил дэвшил рүү нь чирэх хүч нь болдог гэдгийг хардаг. 

Энд парето бас үйлчилнэ. Компаний нийт ажиллагсдын 20 хувь нь компаний амжилтын 80 хувийг авчирдаг. Женерал Электрикийн гүйцэтгэх захирал асан Жак Вэлш энэ паретог барьж топ 20%-даа илүү цалин, урамшуулал, хангамж, албан тушаал, эрх мэдэл өгдөг байсан. Үлдсэн 80 хувийг дотор нь дундаж 70 хувь, доод 10 хувь гэж ялгана. Доод хэсэгт хамгийн ажил хийдэггүй, буруу хандлагатай, компанийхаа үнэт зүйлсийг дагадаггүй, багийн алаач, хүнд сурталтнууд орох ба эднийг халчихдаг байжээ. Өөрөөр хэлбэл ажиллагсдаа ялгаварлана гэсэн үг. Нэг талаасаа муухай, харгис, ашиг хөөсөн, хүний сэтгэлгүй гэж харагддаг. Гэхдээ бизнес бол ашгийн төлөө гэдгийг дахиад нэг саначихвал харин ч зөв шийдэл гэж хэлж болно. Жим Коллинз өөрийн Сайнаас Агууд хэмээх номондоо компанид хамгийн үнэтэй зүйл бол хүмүүс нь биш, харин зөв хүмүүс байдаг гэж онцолсон нь дээрхтэй нийлнэ. Дүгнэлт нь бизнесээ амжилттай удирдая гэж байгаа бол зөв сайн хүмүүсээ дэмж, буруу муу хүмүүстэйгээ хариуцлага тооц, хал, товчоор бол ялгавартай ханд.

Хэрэв тухайн байгууллага гүйцэтгэлийн үнэлгээний системгүй, бодитой үнэлж чаддаггүй, үзэмжээр эсвэл цээжний пангаар явдаг нөхцөлд ялгавар үүсгэх нь ажиллагсдыг сэдэлжүүлэхээс илүүтэйгээр зарим ажилтнуудад дарга, захиралдаа долигнох, фракцлах, ажил их хийж байгаа дүр эсгэх, хийснээ хий дөвийлгөх, хэрэггүй ажил хийх, сайн ажиллаж байгаа бусдыгаа доош хийх хэлбэрээр өөрийн байр суурийг өргөх зэрэг сэдлийг өгдөг ба шударга, чадварлаг, гүйцэтгэл сайн, зөв ажилтнуудын хувьд урам зоригийг хугалах нь элбэг. Иймд ялгаварлалыг бий болгохдоо гүйцэтгэлийг үнэлгээний зөв, бодитой тогтолцоог алхам алхмаар нэвтрүүлж, энэ алхмуудтайгаа уялдуулан ялгаварлалыг нэмнэ. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээ, ялгаварлал нь дээд түвшнээс доош гэсэн чиглэлээр хөгжиж, удирдах ажилтнууд, ялангуяа гүйцэтгэх захирал өөрийн биеэр үлгэрлэн, энэ өөрчлөлтийн чирэх гол хүч нь байж амжилтанд хүрнэ. Өнөөдөр ямар нэг зөвлөхөөр сургалт, ажил хийлгээд өөрчлөлт хийчих бодолтой захиралууд элбэг, энэ ажил нь бүтэл муутай бол нөгөө зөвлөхийг муу гэж боддог. Гэтэл амьдрал дээр зөвлөх бол зөв замыг зөвлөнө, хийхийг нь бол бид л өөрсдөө хийж байж ажил хэрэг болно.

Өөр нэгэн асуудал нь компаний гүйцэтгэл ба ажилтнуудын гүйцэтгэлийн уялдаа холбоог үүсгэх явдал. Ажилтнууд ажиллаад л ажиллаад л, илүү цагаар ч ажиллаад л, зарим нь ядаргаанд ороод л. Гэтэл компани нь тэр хэмжээнд амжилттай ажиллаагүй байх нь элбэг. Энэ нь хийсэн ажлынх хагас нь хэрэггүй ажил байдгаас болдог. 50% гэдэг нь судалгаагаар гарсан байдаг юм билээ. Яагаад хэрэггүй ажил хийцгээгээд суудаг гэхээр стратегийн удирдлага сул ба гүйцэтгэлийн үнэлгээ нь стратегийн бус байдгаас үүддэг. Өөрөөр хэлбэл компаний стратегид чиглээгүй ажлуудыг хийгээд байдаг тул эцэстээ үр дүн тэр хэмжээгээр муу гардаг. Америкчууд элс чулуугаар зүйрлэдэг юм билээ. Аяганд элс буюу элдэв жижиг сажиг ажлаа эхлэж хийгээд араас том чулуунууд буюу гол чухал ажлуудаа хийхэд багтахгүй. Харин том чулуунуудаа эхлэж хийчихээд завсар зайгаар нь элсээ хийвэл илүү ихийг багтаах аж. Залхуу, биеийн амрыг харсан, компаний амжилтыг төлөө зүтгэх сэтгэл хандлага байхгүй, илүү ажиллачихвал хөдөлмөрөө шулууллаа гэж боддог ажилтнууд элсээр аягаа дүүргээд сууж байх сонирхолтой байдаг. Тэгэхээр тэдний ажлыг элсээр нь биш чулуугаар нь голлож хэмжие гэсэн санаа юм.

Компаний өдөр тутмын үйлдлийн түвшний гүйцэтгэл дээр ажиллагсдын гүйцэтгэлийг үнэлэх нь илүү хялбар, тодорхой байдаг ба зөв хэмжүүрүүдийг тодорхой хугацааны хөгжлийнхөө үр дүнд олж тогтоогдсон байдаг. Эдгээр ажиллагсдын гүйцэтгэлийг тухайн бизнесийнх нь онцлогт нь тохироод гаргаад ирсэн түлхүүр үзүүлэлтүүдээр нь хэмжих нь зүйтэй ба бизнес болгонд ялгаатай. Нөгөө талаасаа энэ түлхүүр үзүүлэлтүүд дээр бизнес төлөвлөгөөний дагуу тодорхой стратегийн зорилтууд нь тодорхойлогдчихсон байг гэж бодъё. Нэг алхам урагшаа явжээ. Гэтэл амьдрал дээр нөгөө зорилтондоо хүрэхгүй нь элбэг. Яагаад хүрсэнгүй вэ гэхээр хэт өндөр төлөвлөсөн, эсвэл энэ тэгээд, тэр тэгээд гээд учиргүй олон шалтгаан бодож олцгоох ажил хийнэ. Энэ нь зорилт тавихдаа уг зорилтонд хүрэхийн тулд ямар ажлууд хийх, санал санаачлагууд юу байх, ямар тактиктай ажиллах, ажлын процесс, мэдлэг чадвар хэрхэн хөгжиж байж энэ зорилтонд хүрэх вэ гэдгийг төлөвлөж хардаггүйгээс их хамаардаг. Өдөр тутмын ажлууд энэ үед л илүү утга учиртай, зорилтондоо хүрэхэд илүү чиглэсэн байдаг.

Мэдээж гүйцэтгэлийг үнэлэх олон аргачлалуудыг хүн төрөлхтөн бодож олж, хэрэглэж, хөгжүүлж ирсэн. Нэлээн түгээмэл арга гэвэл тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт, статистикаас харахад ашигласан компаниудын 70%-д үр дүнтэй нэвтэрч чадсан гэсэн тоо байдаг юм билээ. Энэ системийг нэвтрүүлэх арга замын хувьд янз бүр байдаг. Томоохон компаниуд хөрөнгө мөнгө зараад зөвлөх үйлчилгээ авах, төслийн баг гаргаад нэвтрүүлэлт хурдан хийчих замыг сонгох нь элбэг. Энэ тохиолдолд гүйцэтгэх удирдлагын уг системийн утга учир, ач холбогдлыг ойлгох, хийх хүсэл эрмэлзэл, манлайлал гол үүрэгтэй. Мэдээж бүх шатандаа бусад ажилтнууд цаг зав, хүч чадлаа гаргана. Мэдээллийн системийн нэвтрүүлэлтээр хийх арга байж болох боловч энэ нь тухайн системийн сонголт буруу эсвэл уг системийнхээ утга агуулгыг сул ойлгосноос амжилтгүй болох эрсдэлтэй. Өөр нэг зам нь багаараа шат дараатайгаар нэвтрүүлэлт хийх. Өөрийн практикаасаа харахад сүүлийн хэлбэр нь урт хугацаандаа илүү үр өгөөжтэй, хөрөнгө зардал багатайгаар үр дүнтэй хийх боломжийг өгдөг гэж ажиглагдсан. 

Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь өөрөө хөгжлийнхөө явцад стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр илүү боловсронгуй болсон тул стратегийн удирдлагатай уялдан компаний урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг болдог. Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь санхүү, хэрэглэгч, дотоод процесс, сургалт хөгжил гэсэн 4 перспективийг тэнцвэржүүлснээр урт болон богино хугацааны аль алинд компани амжилттай ажиллах гэсэн утга учиртай. 2-р үеийн хувилбарт стратегийн зураглал гэсэн аргачлал нэмэгдсэн. Энэ нь 4 перспективийн шалтгаан үр дагаврын холбоосыг гаргаж өгдөг. Жишээ нь шинэ бүтээгдэхүүн стратегийн зорилттой холбоотойгоор дараахь зураглал үүснэ. Уг бүтээгдэхүүнийг хийхийн тулд багийн мэдлэг, ур чадвар, нөү хау нь хөгжинө. Ингэснээрээ зөв процессоор сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ сайн бүтээгдэхүүн илүү цэнэ авчирснаар бидэнд илүү олон хэрэглэгч бий болгоно. Олон хэрэглэгчидтэй болсноор компаний борлуулалт, ашиг буюу санхүүгийн зорилтууд биелнэ. Товчхон хэлбэл бид зөвхөн санхүүгийн, зах зээл зорилтуудаа хүчилж шахаад байх бус процессоо сайжруулах, ингэснээр илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, илүү бага өртөг зардлаар хийх, илүү хурдан хийх, мөн компаний хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг стратегитэйгээ уялдан зөв чиглэлд хөгжсөнөөр бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг авчрах юм.

Эцэст нь базаад хэлэхэд сайн хүмүүсээ дэмж, муу хүмүүсээсээ сал, ингэхийн тулд хүмүүсийнхээ ажлыг зөв үнэл, зөв ажлыг нь хийлгэ, гэхдээ ганцхан одоохондоо л зөв ажил биш урт хугацаандаа зөв ажлыг бас хийлгэ. Энэ концептийнхоо утга учрыг бүгд ойлго, өөрсдөө хий, мөрд, захирал нь өөрөө үлгэрлэ, манлайл.

Source: BZP Consulting LLC