• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Friday, April 03, 2015

Т.Мөнхтөр: Монгол улсынхаа энергийн, эдийн засгийн аюулгүй байдлыг хангая гэсэн бодолтой байгаа

М-Си-Эс Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөртэй түүний удирдаж буй Монгол улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, цахилгаан станц барьж байгуулах зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн тухай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.
Т.Мөнхтөр @MunkhturTMT Токиогийн технологийн дээд сургуулийг төгсөөд Япон улсад PWC, Mizuho Securities зэрэг томоохон компаниудад ажиллаж байгаад Монгол улсдаа 5 жилийн өмнөөс эргэн ирж хийж бүтээж яваа залуу захирал билээ.
Ярилцсан: Business Radio 98.9-ийн сэтгүүлч Н.Уянга @UyangaNyamsuren, BZP Consulting ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг @BBatzorig.
Монгол улсын хөгжлийн түүчээ болсон томоохон компаниудын захирлуудтай ярилцдаг Vision нэвтрүүлэг маань үргэлжилсээр...
Шингэн түлшний импорт манай эдийн засагт хамгийн том дарамт үзүүлдэг, нийт импортын 20-оос 30 хувийг эзэлдэг хамгийн том импортын бүтээгдэхүүн. Бид чүү айтай зэс, нүүрс, төмрийн хүдрээ экспортолж орж ирсэн валютаа гадагшаа ингэж буцаан урсгаж байгаа. Үүний тодорхой хэмжээг нь ч гэсэн Монголынхоо эдийн засагтаа буцаан үлдээвэл эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тус дэм үзүүлнэ.

Н.Уянга (У): Vision нэвтрүүлгийн энэ удаагийн зочин маань М-Си-Эс Энержи компанийн Мөнхтөр захирал. Би-Зи-Пи Консалтинг компаний Батзориг захирал бид хоёр компанийх нь vision, mission, core values тухай ярилцах болно.
Б.Батзориг (БЗ): Бид М-Си-Эс Энержи компанийг нүүрс шингэрүүлэх төсөл (CTL) хэрэгжүүлж буй гэдгээр нь бид сайн мэддэг. Хэдэн зуун сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардах томоохон бөгөөд маш сонирхолтой төсөл. Энэ төсөл хэзээ хэрхэн эхэлсэн түүхтэй вэ?
Т.Мөнхтөр (ТМТ): Өнөөдөр компанийхаа тухай танилцуулах боломж олгож буй та бүхэнд их баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулангаа төслүүдээ танилцуулъя. Миний бие Японд их сургуульд баклавр, магистрын зэргээ хамгаалаад консалтинг, санхүү, худалдааны компаниудад ажиллаж байгаад таван жилийн өмнө Монголдоо ирсэн. Японд эрчим хүч, энерги, нүүрс хийжүүлэх зэрэг талбаруудад ажиллаж байсан.
Монголдоо буцаж ирсэн тэр үед коксжих нүүрс экспортлох нь эрчимтэй эхэлж байсан үе байсан. Нүүрс дээр үндэслэсэн аж үйлдвэрийн салбар бүрдүүлье, нэмүү өртөг шингэсэн салбар болгон хөгжүүлье. Манай улсын бодлого ч энэ чиглэлд хандаж байсан. Бид Монголд байгаа ийм арвин их нүүрсний нөөцийг ашиглаж юу хийж болох вэ? Нэмүү өртөг шингээх ямар төслүүдийг хэрэгжүүлж болох вэ? Бид нүүрс боловсруулах бүхий л технологийг судлаж үзээд хоёр төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дүгнэж стратегиа гаргаад хэрэгжүүлж байна. Нэг төсөл нь Таван толгойн цахилгаан станцын төсөл. Нөгөө төсөл нь сая дурдсан Багануур Энержи Корпорейшн гэсэн төсөл байгаа.

Манай компаний дээдэлдэг зүйлс гэвэл Монголынхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлох томоохон төслүүд, нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийе гэсэн үндсэн зорилготой. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд 100% импортоос хамааралтай. Энэ хамаарлын тодорхой хэмжээгээр бууруулж Монгол улсынхаа энергийн, эдийн засгийн аюулгүй байдлыг хангая гэсэн бодолтой байгаа. Шингэн түлшний импорт манай эдийн засагт хамгийн том дарамт үзүүлдэг, нийт импортын 20-оос 30 хувийг эзэлдэг хамгийн том импортын бүтээгдэхүүн. Бид чүү айтай зэс, нүүрс, төмрийн хүдрээ экспортолж орж ирсэн валютаа гадагшаа ингэж буцаан урсгаж байгаа. Үүний тодорхой хэмжээг нь ч гэсэн Монголынхоо эдийн засагтаа буцаан үлдээвэл эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тус дэм үзүүлнэ.
Нөгөө нэг том зорилго нь хийн түлш гаргаж агаарын бохирдлын асуудлыг шийдье гэсэн байгаа. Манай Монголд нийгэм, эдийн засгийн том асуудал болчихоод байгаа. Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатар хотод нас баралтын 10-аас 30 хувь нь агаарын бохирдлоос болж байгаа гэж гарсан. Та бүхэн сайн мэдэж байгаа, нялх хүүхдүүд маш их өвдөж байна. Эдийн засгийн хувьд ч том асуудал болж байгаа, 2011 оны судалгаагаар жил бүр агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатарт гарч буй нийгмийн зардал 400 сая доллар давсан байна гэж гарсан, одоо бүр ихсэж л байгаа байх. Монгол улсад тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдье гэсэн зорилготой байгаа.

У: Та ярианыхаа эхэнд 2010 онд Монголд ирээд энэ төслийг эхлүүлэх санаа төрсөн гэж дурдсан. Тухайн үед та алсын хараагаа хэрхэн харж байв? 

ТМТ: Би Монголд ирэхээсээ өмнө нүүрс хийжүүлэх, цахилгаан эрчим хүчтэй холбоотой төслүүд дээр ажиллаж байсан тул тодорхой хэмжээгээр алсын хараа маань бүрдчихсэн байсан. Монголд ялангуяа нүүрс хийжүүлэлт заавал хэрэгтэй гэдэгт бат итгэлтэй байсан. Манай Монголд нефть, байгалийн хий байхгүй үед нүүрсээ хийжүүлэх юм бол шингэн түлш, хийн түлш, химийн бүхий л бүтээгдэхүүн, гангийн үйлдвэрлэл зэргийг хийх бүрэн боломжтой тул нүүрс хийжүүлэлтийн Монголдоо хэзээ нэгэн цагт заавал ч үгүй хэрэгжүүлье гэсэн бодолтой ирсэн, тэрнийхээ төлөө одоо ч гэсэн ажиллаж байгаа нь эх орныхоо төлөө өөрийхөө чадсан, мэдсэнээ хэрэглэх боломж юм болов уу гэж бодож ажиллаж байгаа.

БЗ: Нүүрс шингэрүүлэх технологи Монголчууд бидний хувьд цоо шинэ зүйл болов уу гэж бодож байна. Технологийн нөү-хау дээр дээр ямар компанитай хамтарч ажилладаг вэ? Монгол хүмүүсийн дунд технологийн нөү-хау хэрхэн орж ирдэг юм бол?

ТМТ: Нүүрс химийн технологи маш удаан хугацааны түүхтэй. 19-р зууны сүүл үеэс Европт нүүрсээ хийжүүлээд гарч ирсэн хийгээр гудамжны гэрэлтүүлэг ахуйн хэрэглээнд хоол хийх зэрэгт хэрэглэж байсан түүхтэй. 1920-30 оны үед нефтийн нөөц дуусч магадгүй байх гэж яригдаж байсан тул Европ болон Америкт маш эрчимтэй судалгаа хийгдэж нүүрс химийн салбар маш эрчимтэй хөгжиж байсан. Сүүлийн үед ялангуяа 2000 оноос хойш Хятадад нүүрс хийжүүлэлтийн салбар маш эрчимтэй хөгжиж байна. 200-аас 300 нүүрс хийжүүлэлтийн үйлдвэр байаа гэж яригддаг.

БЗ: Нүүрснээс дизель түлш гаргаж аваад, дайвар бүтээгдэхүүнд нь шатдаг хий гаргаж хийн баллонд савлаад гэр хорооллын айлууд халаалт, хоол ундаа хий зэрэгт ашиглаж болноо гэж би ойлгодог. Энэ зөв үү?

ТМТ: Нүүрс шингэрүүлэх технологи хоёр үе шаттай байдаг. Эхлээд нүүрсээ хийжүүлнэ. Гарч ирж буй хий нь бүдүүлгээр хэлэхэд бараг угаарын утаатай төсөөтэй хий байгаа. Нийлэг хий буюу англиар synthetic gas. Хий гаргасныхаа дараа Fischer-Tropsch технологиор шингэн түлш гаргаж авдаг. Үүний дайвар бүтээгдэхүүнд зарим нэг хий гаргаж авна. Гэхдээ манай төсөлд дээр бол тийм биш, нийлэг хийгээс нь таслаад зөвхөн тэр хий үйлдвэрлэхэд зориулагдсан процесс оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл нийлэг хийгээ гаргаж авлаа, хоёр тийшээ хуваана. Нэг нь шингэн түлш үйлдвэрлэхэд нөгөөх нь хийн түлш үйлдвэрлэхэд.

Монголын батлагдсан нөөцтэй эрчим хүчний нүүрс дээр үндэслэхэд энэ нь хорин мянган жилийн хэрэгцээг хангах юм байна гэсэн тооцоог гаргаж байсан.
БЗ: Багануурт гэхээр түлшний нүүрс гэж ойлгож байна. Монголын түлшний нөөц хэр их вэ? Хэрэв нөөц нь их өдөр бол энэ технологийг хэрэглэвэл эрчим хүчний маш сайн нөөц юм биш үү? Гэтэл дотоодын маань хэрэгцээ хэр их байдаг юм бол? Нүүрсний өөр төслүүд бас хэвлэлээр мэдээлэл хийж харагддаг. Магадгүй бид зах зээлээсээ хэтэрсэн хэт олон төсөл хэрэгжүүлэх юм биш биз дээ? Гэхдээ бас экспортлох боломж гарч ирэх юм болов уу?

ТМТ: Манай Монголын нүүрсний геологийн нөөц нь 170 тэрбум тонн орчим гэж яригддаг. Үүнээс 22 тэрбум тонн нь батлагдсан бөгөөд эдийн засгийн үр ашигтайгаар олборлож болно гэж үздэг. Үүний 80-аад хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. Бусад нь коксжих нүүрс, гангийн үйлдвэрлэлд голдуу хэрэглэдэг. Эрчим хүчний нүүрсийг цахилгаан станц эсвэл хийжүүлэхээс өөр хэрэглээ бараг байгүй. Манай Монголын ирээдүйн хэрэглээ өсөөд шингэн түлшний хэрэглээ жилдээ хоёроос гурван сая тонн боллоо гэж үзье л дээ. Одоогийн байдлаар нэг сая тонн байгаа. Манай Монголын батлагдсан нөөцтэй эрчим хүчний нүүрс дээр үндэслэхэд энэ нь хорин мянган жилийн хэрэгцээг хангах юм байна гэсэн тооцоог гаргаж байсан. Үүнээс харахад шавхагдаж барагдашгүй их хэмжээний нүүрсний эх үүсвэр, эрчим хүчний эх үүсвэр байна гэж бид үзэж байгаа.
Нөгөө талаас яагаад заавал ч үгүй бид нүүрс гээд байгаа юм гэхээр онолын хувьд нефть байгаа, байгалийн хий байгаа, гэх мэтчилэн нөөцүүд байж болно. Нефть их хэмжээгээр олдвол Монголд маш сайн. Энийг бол шууд экспортлох хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл нефть үнэтэй. Одоо түр үнэ нь унасан байгаа ч гэсэн ирээдүйд үнэ нь өснө гэж яригдаж байгаа. Энийг Хятад руу экспортолбол шууд гадаад валютын орлого олно. Харин эрчим хүчний нүүрсийг экспортлох бараг боломжгүй, ирээдүйд ч бараг боломжгүй байх. Тийм учир хэрэглэж болохгүй, экспортолж чадахгүй, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй, "хог" шиг хэвтэж байгаа, ямар ч эдийн засгийн үр ашиг өгөхгүй байгаа зүйлээ ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулаад шингэн түлш болговол нэмүү өртөг шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн бодлогоор бид нүүрсэн ажиллаж байгаа.
Монголдоо буцаж ирээд энэ ажлуудаа яаж ийж байгаад амжилтанд хүргэж Монгол улсынхаа хөгжилд өөрийнхөө чадах ядахаар хувь дэм оруулъя гэсэн бодолтой ажилладаг
У: Мөнхтөр захиралтай ярилцаад суухаар тэр чигээрээ нүүрсээр "амьсгалчихаж" л дээ. Хувь хүний талаас ганц асуулт асууя. Та ер нь бизнестэй төдийгүй амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

ТМТ: Миний амьдралдаа баримталдаг том зүйл гэвэл Монгол эх орныхоо эдийн засгийн хөгжилд чадах ядахаараа зүтгэж хувь нэмэр үзүүлье гэсэн бодолтой би одоо хүртэл амьдарч ирсэн, ирээдүйд ч энэ зарчмаа барина. Бага байхдаа би физик, электроникс сонирхдог байсан тул Монголдоо хагас дамжуулагчийн Silicon Valley гэдэг шиг салбар хөгжүүлье гэсэн чин эрмэлзэлтэй 10 жилдээ сурч байсан. Японд явахдаа ч гэсэн Японы тэргүүн технологийг судалж авчраад Монголдоо хагас дамжуулагч, IT-ийн салбарыг хөгжүүлье гэсэн зорилготой бол очиж байсан.
Японд сураад үзэхэд Монголд тэр салбарыг гэхээс илүү суурь эдийн засагтаа анхаарах хэрэгтэй юм биш үү? Ялангуяа хагас дамжуулагчийн салбарт Япон гэх мэт тэргүүлэгч улсуудыг гүйцэж очих, тэдэнтэй өрсөлдөх гэдэг бол бараг боломжгүй юм байна гэдэг нь надад харагдсан. Дараа нь Японы худалдааны компанид ороод нүүрс хийжүүлэх төсөл хийх боломж надад олдсон. Энийг Монголд заавал үгүй хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон. Японд ажил хийж, янз янзын төсөл дээр ажилласны үр дүнд Монголдоо хэрэгтэй гэх зүйлсийг олж авах завшаан гарсан юм уу гэж боддог. Монголдоо буцаж ирээд энэ ажлуудаа яаж ийж байгаад амжилтанд хүргэж Монгол улсынхаа хөгжилд өөрийнхөө чадах ядахаар хувь дэм оруулъя гэсэн бодолтой ажилладаг. Энэ миний амьдралдаа барьдаг үндсэн зарчим.

БЗ: Мөнхтөр захирал нүүрсээ яриад эхлэхээрээ дуусдаггүй гэдгийг би сайн мэднэ л дээ. Хүн ер нь хийж буй зүйлдээ дуртай, хүсэл тэмүүлэлтэй, магадгүй хайртай байх нь амжилт гаргахад хэр чухал вэ?

ТМТ: Таны хэлдэг яг зөв. Хүн хийдэг зүйлдээ дуртай байж байж л энийгээ өдөр болгон хийнэ, энэнийхээ төлөө ажиллана, зовно, жаргана. Залуу сонсогчиддоо зөвлөхөд өөрийн хийе гэсэн ажлын олон ажил сольж олон орноор явж хайх хэрэггүй. Хүний ойр хавьд заавал ч үгүй өөрийнх нь дуртай ажил байдаг гэж амьдралын минь туршлагаас харагддаг. Төдийлөн дуртай биш ажлыг ч гэсэн хийгээд үзэхэд, маш сайн хийгээд, эцэст нь тултал нь судлаад, ажлаа амжилтан хүргэхийн төлөө тэмцээд ажиллаад байвал тэр ажлын сонирхолтой хэсэг, юу нь нийгэмд, хүнд хэрэгтэй гэдэг тал нь харагдаж эхэлнэ. Салбараа, төслөө илүү сайн мэдэх тусам хүн үүндээ дуртай, хайртай, тэрнийхээ төлөө амьдралаа зориулах гэсэн үе шатыг дамждаг юм болов уу гэж би үздэг.
Би цахилгаан эрчим хүч, нүүрс хийжүүлнэ гэж бодоогүй байсан. Гэхдээ ажиллаад, гүнзгий ороод байх тусам энэ бол хэрэгтэй гэдэг харагдаж өөрийнхөө ирээдүйд ажиллах төслүүдийг олсон юм болов уу гэж үзэж байгаа. Тэгэхээр сая Батзориг захирлын хэлсний дагуу өөрийнхөө ажилдаа дуртай байх ёстой, хайртай байх ёстой, тэрнийхээ төлөө амь насаа золиослоно гэх нь арай ч юу юм, гэхдээ тэр хүртлээ бодож ажиллахгүй бол болохгүй гэж боддог. Яагаад гэх юм бол ямар ч бизнес ч бай ажил ч бай, урлагийн ажил ч байж болно, спортын ажил ч байж болно. Энэ бүгд тэмцэл байдаг. Дандаа хэцүү байдаг. Ямар ч үр дүнд хүрэхэд амархан үр дүн байхгүй. Ялангуяа том зүйл хийх тусам улам их том сорилтууд байгаа. Үүнийг давахын тулд хүн бол өөрөө маш их бэлтгэгдсэн, чин эрмэлзэлтэй, хийж буй ажлынхаа төлөө хайртай дуртай, үүнийхээ төлөө эцсийнхээ хүч чармайлтыг ч тавьж чадах тиймэрхүү зоригтой сэтгэл хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
У: Та бүхэнд энэ удаагийн Бизнес Радио 98.9-ийн Vision нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Сэнтрал Тауэрийн 15 давхраас та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцсон Мөнхтөр захиралдаа баярлалаа. Батзориг захиралдаа баярлалаа.
ТМТ, БЗ: Баярлалаа.
Ярилцлагыг сонсохыг хүсвэл та дараахь холбоосоор зочлоорой.

Friday, February 27, 2015

BZP TIME: Жижиг дунд бизнесийг сошиал медиад хэрхэн байршуулах вэ?

Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзахаар "бид сошиал медиа, интернэт дээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зах сурталчилгааг хиймээр байна, үндсэн бизнесийн ажил их тул яг яаж хийхээ ч сайн ойлгохгүй явна, яах вэ?" гэж надаас их асуудаг. Томоохон компаниуд ч яахав маркетингийн бүхэл бүтэн баг ажиллуулчихна, ядаж л маркетингийн менежертэй, зарим нь бүр сошиал медиа маркетингийн ажилтан, дижитал маркетер гээд ажлын байр бий болгочихсон. Харин жижиг бизнес эрхлэгчид өөрсдөө голдуу бүх ажлаа хийдэг, ялангуяа эдийн засгийн хямралын энэ үед зардлаа хэмнэх талаас нь харахаас биш нэмэх боломж тун тааруухан.

Интернэт, сошиал медиа бол жижиг дунд бизнесийнхэн том бизнесүүдтэй хүчтэй өрсөлдөх цоо шинэ боломжуудыг бий болгож байна. Би өмнө нь хэдэн зуу, бүр хэдэн мянган хүнтэй томоохон групп компаниудад менежер, гүйцэтгэх удирдлагын ажил хийдэг байсан. Тэнд олон хүнтэй мэргэжлийн багууд ажилладаг тул тоглоомын дүрэм арай өөр, том бүтэцтэй аппаратаар ажил хийчихдэг, олон арван, зуун сая төгрөг зарцуулаад масс медиа дээр зар сурталчилгаа, брэндинг, пи-ар хийж ажилладаг. Харин өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн маш бага зардлаар өөрийн ниш сегментэд хүрэх маркетинг хийх боломж бий болсон.

Яаж бага зардлаар сошиал медиад бизнесээ байршуулах вэ?
Сошиал дээр контент маркетинг хийх хэрэгтэй болдог. Гэтэл яаж тийм их контент бэлдэх вэ?
Энэ их олон янзын сошиал медиа платформууд дээр зэрэг маркетинг хийж амжих уу?
Та ажлынхаа хажуугаар энэ бүхнийг яаж амжуулаад байна?
Вэб сайт энэ бүхний дунд хэрэггүй болж байгаа юм биш биз дээ?
Олон лайктай хуудас худалдаж аваад асуудлыг шийдчих юм биш үү?
Сошиал дээр зураг, видео сайн явдаг гэсэн. Тэр их олон зураг, график дизайныг яаж бэлдэх вэ? Ядаж байхад бүгд өөр өөр хэмжээ дамжаатай.
Хэрвээ танд дээрх асуултууд тулгарч буй бол жижиг, дунд бизнесүүд хэрхэн сошиал медиа дээр хурдан, бага зардлаар, үр дүнтэй байрших бодитой боломж, шийдэл, арга замууд байгаа тухай Бизнес Радио 98.9-ийн BZP Time нэвтрүүлгээр өөрийн туршлагаасаа хуваалцсаныг минь сонсоорой.



Хэрэв таны бизнест дээрх асуултууд тулгарч буй бол та манай сошиал медиа маркетингийн сургалтанд хамрагдах боломжтой. Бид 2014 оны 11-р сараас эхлэн явуулж буй энэ нэг өдрийн сургалтаа нийт 5 удаа зохион байгуулж нийт 100 шахуу бизнес эрхлэгчид, маркетерүүд хамрагдсан байгаа. Та дараахь холбоосоор орж 2015 оны 3-р сарын 6-нд зохион байгуулагдах ээлжит сургалтын мэдээлэлтэй танилцаарай.


Хэрэв та бизнесээ сошиал медиад байршуулахад зөвлөх үйлчилгээ авах сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой:
Утас: 99091623, И-мэйл: batzorig@bzp.mn


Saturday, January 31, 2015

SOCIAL MEDIA FRIDAY!


Сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн яг л тийм байдлаар бизнест ялангуяа маркетингийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтийг авч ирж байна. 

Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: 
“БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ‪#‎SMFRIDAY

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.bzp.mn/p/socialmediafriday.html

Wednesday, January 28, 2015

BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр


Байгууллагын соёлын хэлбэрүүдийн дундаас хамгийн уян хатан төдийгүй байгууллагын гадаад ертөнц рүү хандсан хэлбэр нь ад хок хэв маяг юм. Соёлын энэ хэв маяг давамгайлсан байгууллагын ажилтнууд зоригтойгоор эрсдэл хүлээх, бүтээлчээр сэтгэх, сэтгэснээ хийх, алдах, алдаанаасаа суралцан хөгжих боломжтой байдаг тул энтрепренёрын хэв маягийн байгууллагын соёл ч гэж нэрлэдэг.


Хүнд сурталгүйгээр, инновацийг хурдтай, зоригтой хийж ажиллах орчин хэрэгтэй байдаг мэдээллийн технологийн компаниуд энэ хэлбэрийн соёлыг бүрдүүлэх нь элбэг байдаг. Монголчууд бидний эхний ангиудыг нь ихэд шимтэн үзсэн Марко Поло цуврал киног өөрийн өөрийн онлайн платформоор хүргэж буй Нетфликс компаний албан томилолт, бизнес уулзалтын журам нь "Нетфликст яавал сайн байх вэ, түүгээр шийд" гэсэн товчхон өгүүлбэр байх аж. 


Байгууллагын соёлын хамгийн сонирхолтой энэхүү хэлбэрийн давуу ба сул талууд, хэрэв байгууллагадаа баримтлахыг хүсч буй бол чухам юунд анхаарах нь чухал вэ, яагаад ийм соёл гайхалтай амжилтанд хүргэж болох тухай BZP Consulting компаний гүйцэтгэх захирал Б.Батзоригийн ярилцлагыг сонсоорой. 


Sunday, January 11, 2015

Гай Кавасакигийн Enchantment

Гай Кавасакигийн Enchantment буюу монголоор Сэтгэл татах увдис хэмээх маш сонирхолтой номыг уншиж байна. Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай өөрийн амьдралын туршлагаасаа гаргасан тун дажгүй зөвлөмжүүдийг "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж.
Гай Apple компанид Macintosh хэсэгт ажиллаж байснаар бид мэддэг. Бизнесийн гараагаа үнэт эдлэлийн компанид эхэлсэн Гай өрөөний найзынхаа үзүүлсэн Macintosh компьютерийн зургийн програмыг харсан нь түүний амьдрал тухайн үед хоёрт орохоор сэтгэл татам зүйл байсан тул Apple компанид орж ажилласан гэдэг. Хамгийн сэтгэл татам явдал эхнэрээ анх харсан мөчид тохиолдсон гэж номондоо дурсахаа тэрээр мартсангүй. 
Хэрвээ та энэ номын унших тухай бодож байгаа бол Станфордын их сургууль дээр номныхоо тухай хийсэн ярилцлагыг нь сонсоорой.