Т.Мөнхтөр: Монгол улсынхаа энергийн, эдийн засгийн аюулгүй байдлыг хангая гэсэн бодолтой байгаа

Posted by bbatzorig on Friday, April 03, 2015 with No comments
М-Си-Эс Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөртэй түүний удирдаж буй Монгол улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, цахилгаан станц барьж байгуулах зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн тухай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.
Т.Мөнхтөр @MunkhturTMT Токиогийн технологийн дээд сургуулийг төгсөөд Япон улсад PWC, Mizuho Securities зэрэг томоохон компаниудад ажиллаж байгаад Монгол улсдаа 5 жилийн өмнөөс эргэн ирж хийж бүтээж яваа залуу захирал билээ.
Ярилцсан: Business Radio 98.9-ийн сэтгүүлч Н.Уянга @UyangaNyamsuren, BZP Consulting ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг @BBatzorig.
Монгол улсын хөгжлийн түүчээ болсон томоохон компаниудын захирлуудтай ярилцдаг Vision нэвтрүүлэг маань үргэлжилсээр...
Шингэн түлшний импорт манай эдийн засагт хамгийн том дарамт үзүүлдэг, нийт импортын 20-оос 30 хувийг эзэлдэг хамгийн том импортын бүтээгдэхүүн. Бид чүү айтай зэс, нүүрс, төмрийн хүдрээ экспортолж орж ирсэн валютаа гадагшаа ингэж буцаан урсгаж байгаа. Үүний тодорхой хэмжээг нь ч гэсэн Монголынхоо эдийн засагтаа буцаан үлдээвэл эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тус дэм үзүүлнэ.

Н.Уянга (У): Vision нэвтрүүлгийн энэ удаагийн зочин маань М-Си-Эс Энержи компанийн Мөнхтөр захирал. Би-Зи-Пи Консалтинг компаний Батзориг захирал бид хоёр компанийх нь vision, mission, core values тухай ярилцах болно.
Б.Батзориг (БЗ): Бид М-Си-Эс Энержи компанийг нүүрс шингэрүүлэх төсөл (CTL) хэрэгжүүлж буй гэдгээр нь бид сайн мэддэг. Хэдэн зуун сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардах томоохон бөгөөд маш сонирхолтой төсөл. Энэ төсөл хэзээ хэрхэн эхэлсэн түүхтэй вэ?
Т.Мөнхтөр (ТМТ): Өнөөдөр компанийхаа тухай танилцуулах боломж олгож буй та бүхэнд их баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулангаа төслүүдээ танилцуулъя. Миний бие Японд их сургуульд баклавр, магистрын зэргээ хамгаалаад консалтинг, санхүү, худалдааны компаниудад ажиллаж байгаад таван жилийн өмнө Монголдоо ирсэн. Японд эрчим хүч, энерги, нүүрс хийжүүлэх зэрэг талбаруудад ажиллаж байсан.
Монголдоо буцаж ирсэн тэр үед коксжих нүүрс экспортлох нь эрчимтэй эхэлж байсан үе байсан. Нүүрс дээр үндэслэсэн аж үйлдвэрийн салбар бүрдүүлье, нэмүү өртөг шингэсэн салбар болгон хөгжүүлье. Манай улсын бодлого ч энэ чиглэлд хандаж байсан. Бид Монголд байгаа ийм арвин их нүүрсний нөөцийг ашиглаж юу хийж болох вэ? Нэмүү өртөг шингээх ямар төслүүдийг хэрэгжүүлж болох вэ? Бид нүүрс боловсруулах бүхий л технологийг судлаж үзээд хоёр төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дүгнэж стратегиа гаргаад хэрэгжүүлж байна. Нэг төсөл нь Таван толгойн цахилгаан станцын төсөл. Нөгөө төсөл нь сая дурдсан Багануур Энержи Корпорейшн гэсэн төсөл байгаа.

Манай компаний дээдэлдэг зүйлс гэвэл Монголынхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлох томоохон төслүүд, нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийе гэсэн үндсэн зорилготой. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд 100% импортоос хамааралтай. Энэ хамаарлын тодорхой хэмжээгээр бууруулж Монгол улсынхаа энергийн, эдийн засгийн аюулгүй байдлыг хангая гэсэн бодолтой байгаа. Шингэн түлшний импорт манай эдийн засагт хамгийн том дарамт үзүүлдэг, нийт импортын 20-оос 30 хувийг эзэлдэг хамгийн том импортын бүтээгдэхүүн. Бид чүү айтай зэс, нүүрс, төмрийн хүдрээ экспортолж орж ирсэн валютаа гадагшаа ингэж буцаан урсгаж байгаа. Үүний тодорхой хэмжээг нь ч гэсэн Монголынхоо эдийн засагтаа буцаан үлдээвэл эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тус дэм үзүүлнэ.
Нөгөө нэг том зорилго нь хийн түлш гаргаж агаарын бохирдлын асуудлыг шийдье гэсэн байгаа. Манай Монголд нийгэм, эдийн засгийн том асуудал болчихоод байгаа. Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатар хотод нас баралтын 10-аас 30 хувь нь агаарын бохирдлоос болж байгаа гэж гарсан. Та бүхэн сайн мэдэж байгаа, нялх хүүхдүүд маш их өвдөж байна. Эдийн засгийн хувьд ч том асуудал болж байгаа, 2011 оны судалгаагаар жил бүр агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатарт гарч буй нийгмийн зардал 400 сая доллар давсан байна гэж гарсан, одоо бүр ихсэж л байгаа байх. Монгол улсад тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдье гэсэн зорилготой байгаа.

У: Та ярианыхаа эхэнд 2010 онд Монголд ирээд энэ төслийг эхлүүлэх санаа төрсөн гэж дурдсан. Тухайн үед та алсын хараагаа хэрхэн харж байв? 

ТМТ: Би Монголд ирэхээсээ өмнө нүүрс хийжүүлэх, цахилгаан эрчим хүчтэй холбоотой төслүүд дээр ажиллаж байсан тул тодорхой хэмжээгээр алсын хараа маань бүрдчихсэн байсан. Монголд ялангуяа нүүрс хийжүүлэлт заавал хэрэгтэй гэдэгт бат итгэлтэй байсан. Манай Монголд нефть, байгалийн хий байхгүй үед нүүрсээ хийжүүлэх юм бол шингэн түлш, хийн түлш, химийн бүхий л бүтээгдэхүүн, гангийн үйлдвэрлэл зэргийг хийх бүрэн боломжтой тул нүүрс хийжүүлэлтийн Монголдоо хэзээ нэгэн цагт заавал ч үгүй хэрэгжүүлье гэсэн бодолтой ирсэн, тэрнийхээ төлөө одоо ч гэсэн ажиллаж байгаа нь эх орныхоо төлөө өөрийхөө чадсан, мэдсэнээ хэрэглэх боломж юм болов уу гэж бодож ажиллаж байгаа.

БЗ: Нүүрс шингэрүүлэх технологи Монголчууд бидний хувьд цоо шинэ зүйл болов уу гэж бодож байна. Технологийн нөү-хау дээр дээр ямар компанитай хамтарч ажилладаг вэ? Монгол хүмүүсийн дунд технологийн нөү-хау хэрхэн орж ирдэг юм бол?

ТМТ: Нүүрс химийн технологи маш удаан хугацааны түүхтэй. 19-р зууны сүүл үеэс Европт нүүрсээ хийжүүлээд гарч ирсэн хийгээр гудамжны гэрэлтүүлэг ахуйн хэрэглээнд хоол хийх зэрэгт хэрэглэж байсан түүхтэй. 1920-30 оны үед нефтийн нөөц дуусч магадгүй байх гэж яригдаж байсан тул Европ болон Америкт маш эрчимтэй судалгаа хийгдэж нүүрс химийн салбар маш эрчимтэй хөгжиж байсан. Сүүлийн үед ялангуяа 2000 оноос хойш Хятадад нүүрс хийжүүлэлтийн салбар маш эрчимтэй хөгжиж байна. 200-аас 300 нүүрс хийжүүлэлтийн үйлдвэр байаа гэж яригддаг.

БЗ: Нүүрснээс дизель түлш гаргаж аваад, дайвар бүтээгдэхүүнд нь шатдаг хий гаргаж хийн баллонд савлаад гэр хорооллын айлууд халаалт, хоол ундаа хий зэрэгт ашиглаж болноо гэж би ойлгодог. Энэ зөв үү?

ТМТ: Нүүрс шингэрүүлэх технологи хоёр үе шаттай байдаг. Эхлээд нүүрсээ хийжүүлнэ. Гарч ирж буй хий нь бүдүүлгээр хэлэхэд бараг угаарын утаатай төсөөтэй хий байгаа. Нийлэг хий буюу англиар synthetic gas. Хий гаргасныхаа дараа Fischer-Tropsch технологиор шингэн түлш гаргаж авдаг. Үүний дайвар бүтээгдэхүүнд зарим нэг хий гаргаж авна. Гэхдээ манай төсөлд дээр бол тийм биш, нийлэг хийгээс нь таслаад зөвхөн тэр хий үйлдвэрлэхэд зориулагдсан процесс оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл нийлэг хийгээ гаргаж авлаа, хоёр тийшээ хуваана. Нэг нь шингэн түлш үйлдвэрлэхэд нөгөөх нь хийн түлш үйлдвэрлэхэд.

Монголын батлагдсан нөөцтэй эрчим хүчний нүүрс дээр үндэслэхэд энэ нь хорин мянган жилийн хэрэгцээг хангах юм байна гэсэн тооцоог гаргаж байсан.
БЗ: Багануурт гэхээр түлшний нүүрс гэж ойлгож байна. Монголын түлшний нөөц хэр их вэ? Хэрэв нөөц нь их өдөр бол энэ технологийг хэрэглэвэл эрчим хүчний маш сайн нөөц юм биш үү? Гэтэл дотоодын маань хэрэгцээ хэр их байдаг юм бол? Нүүрсний өөр төслүүд бас хэвлэлээр мэдээлэл хийж харагддаг. Магадгүй бид зах зээлээсээ хэтэрсэн хэт олон төсөл хэрэгжүүлэх юм биш биз дээ? Гэхдээ бас экспортлох боломж гарч ирэх юм болов уу?

ТМТ: Манай Монголын нүүрсний геологийн нөөц нь 170 тэрбум тонн орчим гэж яригддаг. Үүнээс 22 тэрбум тонн нь батлагдсан бөгөөд эдийн засгийн үр ашигтайгаар олборлож болно гэж үздэг. Үүний 80-аад хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. Бусад нь коксжих нүүрс, гангийн үйлдвэрлэлд голдуу хэрэглэдэг. Эрчим хүчний нүүрсийг цахилгаан станц эсвэл хийжүүлэхээс өөр хэрэглээ бараг байгүй. Манай Монголын ирээдүйн хэрэглээ өсөөд шингэн түлшний хэрэглээ жилдээ хоёроос гурван сая тонн боллоо гэж үзье л дээ. Одоогийн байдлаар нэг сая тонн байгаа. Манай Монголын батлагдсан нөөцтэй эрчим хүчний нүүрс дээр үндэслэхэд энэ нь хорин мянган жилийн хэрэгцээг хангах юм байна гэсэн тооцоог гаргаж байсан. Үүнээс харахад шавхагдаж барагдашгүй их хэмжээний нүүрсний эх үүсвэр, эрчим хүчний эх үүсвэр байна гэж бид үзэж байгаа.
Нөгөө талаас яагаад заавал ч үгүй бид нүүрс гээд байгаа юм гэхээр онолын хувьд нефть байгаа, байгалийн хий байгаа, гэх мэтчилэн нөөцүүд байж болно. Нефть их хэмжээгээр олдвол Монголд маш сайн. Энийг бол шууд экспортлох хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл нефть үнэтэй. Одоо түр үнэ нь унасан байгаа ч гэсэн ирээдүйд үнэ нь өснө гэж яригдаж байгаа. Энийг Хятад руу экспортолбол шууд гадаад валютын орлого олно. Харин эрчим хүчний нүүрсийг экспортлох бараг боломжгүй, ирээдүйд ч бараг боломжгүй байх. Тийм учир хэрэглэж болохгүй, экспортолж чадахгүй, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй, "хог" шиг хэвтэж байгаа, ямар ч эдийн засгийн үр ашиг өгөхгүй байгаа зүйлээ ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулаад шингэн түлш болговол нэмүү өртөг шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн бодлогоор бид нүүрсэн ажиллаж байгаа.
Монголдоо буцаж ирээд энэ ажлуудаа яаж ийж байгаад амжилтанд хүргэж Монгол улсынхаа хөгжилд өөрийнхөө чадах ядахаар хувь дэм оруулъя гэсэн бодолтой ажилладаг
У: Мөнхтөр захиралтай ярилцаад суухаар тэр чигээрээ нүүрсээр "амьсгалчихаж" л дээ. Хувь хүний талаас ганц асуулт асууя. Та ер нь бизнестэй төдийгүй амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

ТМТ: Миний амьдралдаа баримталдаг том зүйл гэвэл Монгол эх орныхоо эдийн засгийн хөгжилд чадах ядахаараа зүтгэж хувь нэмэр үзүүлье гэсэн бодолтой би одоо хүртэл амьдарч ирсэн, ирээдүйд ч энэ зарчмаа барина. Бага байхдаа би физик, электроникс сонирхдог байсан тул Монголдоо хагас дамжуулагчийн Silicon Valley гэдэг шиг салбар хөгжүүлье гэсэн чин эрмэлзэлтэй 10 жилдээ сурч байсан. Японд явахдаа ч гэсэн Японы тэргүүн технологийг судалж авчраад Монголдоо хагас дамжуулагч, IT-ийн салбарыг хөгжүүлье гэсэн зорилготой бол очиж байсан.
Японд сураад үзэхэд Монголд тэр салбарыг гэхээс илүү суурь эдийн засагтаа анхаарах хэрэгтэй юм биш үү? Ялангуяа хагас дамжуулагчийн салбарт Япон гэх мэт тэргүүлэгч улсуудыг гүйцэж очих, тэдэнтэй өрсөлдөх гэдэг бол бараг боломжгүй юм байна гэдэг нь надад харагдсан. Дараа нь Японы худалдааны компанид ороод нүүрс хийжүүлэх төсөл хийх боломж надад олдсон. Энийг Монголд заавал үгүй хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон. Японд ажил хийж, янз янзын төсөл дээр ажилласны үр дүнд Монголдоо хэрэгтэй гэх зүйлсийг олж авах завшаан гарсан юм уу гэж боддог. Монголдоо буцаж ирээд энэ ажлуудаа яаж ийж байгаад амжилтанд хүргэж Монгол улсынхаа хөгжилд өөрийнхөө чадах ядахаар хувь дэм оруулъя гэсэн бодолтой ажилладаг. Энэ миний амьдралдаа барьдаг үндсэн зарчим.

БЗ: Мөнхтөр захирал нүүрсээ яриад эхлэхээрээ дуусдаггүй гэдгийг би сайн мэднэ л дээ. Хүн ер нь хийж буй зүйлдээ дуртай, хүсэл тэмүүлэлтэй, магадгүй хайртай байх нь амжилт гаргахад хэр чухал вэ?

ТМТ: Таны хэлдэг яг зөв. Хүн хийдэг зүйлдээ дуртай байж байж л энийгээ өдөр болгон хийнэ, энэнийхээ төлөө ажиллана, зовно, жаргана. Залуу сонсогчиддоо зөвлөхөд өөрийн хийе гэсэн ажлын олон ажил сольж олон орноор явж хайх хэрэггүй. Хүний ойр хавьд заавал ч үгүй өөрийнх нь дуртай ажил байдаг гэж амьдралын минь туршлагаас харагддаг. Төдийлөн дуртай биш ажлыг ч гэсэн хийгээд үзэхэд, маш сайн хийгээд, эцэст нь тултал нь судлаад, ажлаа амжилтан хүргэхийн төлөө тэмцээд ажиллаад байвал тэр ажлын сонирхолтой хэсэг, юу нь нийгэмд, хүнд хэрэгтэй гэдэг тал нь харагдаж эхэлнэ. Салбараа, төслөө илүү сайн мэдэх тусам хүн үүндээ дуртай, хайртай, тэрнийхээ төлөө амьдралаа зориулах гэсэн үе шатыг дамждаг юм болов уу гэж би үздэг.
Би цахилгаан эрчим хүч, нүүрс хийжүүлнэ гэж бодоогүй байсан. Гэхдээ ажиллаад, гүнзгий ороод байх тусам энэ бол хэрэгтэй гэдэг харагдаж өөрийнхөө ирээдүйд ажиллах төслүүдийг олсон юм болов уу гэж үзэж байгаа. Тэгэхээр сая Батзориг захирлын хэлсний дагуу өөрийнхөө ажилдаа дуртай байх ёстой, хайртай байх ёстой, тэрнийхээ төлөө амь насаа золиослоно гэх нь арай ч юу юм, гэхдээ тэр хүртлээ бодож ажиллахгүй бол болохгүй гэж боддог. Яагаад гэх юм бол ямар ч бизнес ч бай ажил ч бай, урлагийн ажил ч байж болно, спортын ажил ч байж болно. Энэ бүгд тэмцэл байдаг. Дандаа хэцүү байдаг. Ямар ч үр дүнд хүрэхэд амархан үр дүн байхгүй. Ялангуяа том зүйл хийх тусам улам их том сорилтууд байгаа. Үүнийг давахын тулд хүн бол өөрөө маш их бэлтгэгдсэн, чин эрмэлзэлтэй, хийж буй ажлынхаа төлөө хайртай дуртай, үүнийхээ төлөө эцсийнхээ хүч чармайлтыг ч тавьж чадах тиймэрхүү зоригтой сэтгэл хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
У: Та бүхэнд энэ удаагийн Бизнес Радио 98.9-ийн Vision нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Сэнтрал Тауэрийн 15 давхраас та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцсон Мөнхтөр захиралдаа баярлалаа. Батзориг захиралдаа баярлалаа.
ТМТ, БЗ: Баярлалаа.
Ярилцлагыг сонсохыг хүсвэл та дараахь холбоосоор зочлоорой.
Categories: