• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Saturday, March 24, 2007

Цаг агаарыг урьдчилан тооцоолох

Ноднин цаг агаарын тооцоолон бодох төв билүү нэг тйимэрхүү нэртэй газар ажилладаг хүнээс сонирхоод асууж билээ. Манайхан цаг агаарын мэдээгээ яаж тооцоод байгаа үүндээ програм хангамжийн систем ашигладаг эсэхийг сонирхсон юм . Яг тэр үед бол ашигладаггүй харин ойрын үед оруулж ирэх төлөвтэй гэж байсан. Цаг агаарын өгөгдлүүд дээр ажиллаад урьдчилан таамаглал гаргах туршлагатай хүмүүс ажиллаж гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл туршлагаараа хийчихдэг тал уруугаа. Муу ч юу байхав, хүн гэдэг чинь ямар ч компьютерт гүйцэгдэхгүй айхтар оюун ухаан шүү дээ.
Өндөр хөгжилтэй орнуудад бол дэлхийн атмосфер маань хий шингэнд хамаарах тул шингэний динамик болон дулааны динамикийн хуулиудад үндэслээд математикаар загварчлаад тоон аргуудаар маш хүч чадалтай супер компьютерүүд ашиглан бодчихдог. Төгс юм байдаггүйн адилаар яг таг бодчихож болохгүй л дээ мэдээж ойролцоо нарийвчлалтайгаар бодно. Манай нэг багш лекцэн дээрээ цаг агаарын бодлогыг бодоход маш их өгөгдөл хэрэгтэй, өндөр нарийвчлал гаргахын тулд температур, даралт, чийгшилт гэх мэт хувьсагчуудын утгыг өндөр нягтралтайгаар авах хэрэгтэй болдог гэж ярьж байсан. За авдаг юмаа гэхэд нөгөө супер компьютерүүд маань хэдийгээр хэдэн мянган CPU, хэдэн терагийн шуурхай ойтой байсан ч бодох бодлого нь аймшгийн том болчихдог. Томхон онгоцны гадуурх урсгалыг шууд бодоход компьютерийн хөгжинө гээд тооцоход 72 жил болно гэдэг (Хүмүүс ухаалаг юм болохоор турбуленсийг нь өөрөөр загварчлаад бага зэрэг алдаатай ч гэсэн зальдаад хурдан бодчихдог).
Тэгээд юуны өмнө өгөгдөлтэй болоод авна. Энэ нь анхны нөхцөл болох бөгөөд эдгээр дээр цаш хугацааны хувьд ухагш алхаад бодно гэсэн үг. Яг ийм байхад 1 секундийн дараа ямар болох нь вэ гээд ч юм уу. Бодохдоо орон зайн хувьд жижиг хэсгүүдэд хуваагаад уг цэгүүд эсвэл нэгж эзэлхүүн дээрх утгыг байгаа өгөгдлөөсөө интерполяци хийгээд авчихаж болно. Дээр хэлээд байсан физикийн хуулиуд маань олон хувьсагчтай тухайн дифференциал тэгшитгэлүүд байх бөгөөд шууд аналитик аргаар мэдээж бодогдохгүй нь тодорхой. Тэгэхээр барагцаалал ашиглаад тэгшитгэлүүдээ шугаман хэлбэртэй болгож бодох бөгөөд ингэх аргууд нь тоон аргууд болно. Энэ үед маш том хэмжээний матрицууд бодох хэрэг гарах бөгөөд эрдэмтэн мэргэд энийгээ яаж хурдан бодох вэ гэдгийн янз бүрээр бодсоор байгаад нэлээн үр дүнд хүрчихсэн байгаа. Тэгээд супер комюьтердээ бодуулахын тулд бас өндөр гүйцэтгэлтэй програмчлал ашиглах бөгөөд жишээ нь маш том бодлогыг бодохдоо олон CPU-д хувааж өгөөд зэрэг бодуулаад үр дүнг нь цуглуулж аваад зохих ёсоор нэгтгэчих жишээтэй. За нэг иймэрхүү маягаар цаадуул чинь цаг агаараа бодоод байх шиг байна.
Гэхдээ байгаль дэлхий маань маш оло зүйлээс хамааран оршин тогтдог тул индианууд ч илүү зөв хэлж мэдэх л юм. Нэг тйим онигоо байдаг даа. Индиан омгийн ахлагч цаг агаар уруу утасдаад өвөл хүйтэн болох нь уу гэтэл хүйтэн ч болж магадгүй үгүй ч байж магадгүй гэдэг. Юмыг яаж мэдэхэв түлээгээ сайн бэлдэе гээд бэлдэж бэлдэж асуутал цаг агаарынхан хүйтэн өвөл болно гэж байна. Бүх хүнийхээ хүчээр маш эрчимтэй түлээгээ бэлдээд утасдтал урдаас нь олон жил болоогүй хүйтэн өвөл болно, цаана чинь индианууд чөтгөрт хөөгдсөн мэт түлээгээ бэлдэж байна гэдэг юм.

http://en.wikipedia.org/wiki/Numerical_weather_prediction

Monday, March 19, 2007

Ленинээс Сталин

Лениний дараа яагаад Сталин төрийн эрхийг авчихсан юм бол гэдгийг би сайн мэддэггүй байлаа. Уг нь Сталин яг хувьсгалын үеээр сүртэй гавъяа байгуулсан, үүрэг гүйцэтгэсэн юмгүй байлтай. Саяхан харин нэг баримтат кино үзэж суусан чинь тэр талаар гарч байна. Сталин 1922 онд Оросын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Тухайн үед уг албан тушаал тийм ч чухал нөлөөтэй байсангүй. Гэхдээ Сталин энэ албан тушаалынхаа эрх мэдлийг ихэсгэн ашигласнаар төрийн толгойд гарсан юм байна. Дээр нь бас их хутгуур хийж байж шүү. Хувьсгалыг агуу хүмүүс хийгээд олиггүй хүмүүс нь үр дүнг нь завшчихдаг бололтой юм. Ленин 1922 оны эцсээр гэрээслэлээ бичихдээ Сталин овилгон этгээд ажлаас нь авч хаях хэрэгтэй гэсэн. Крупская энэ гэрээслэлийг дарж байгаад 1924 онд Ленин үхсэний дараа гаргаж ирсэн гэдэг. Энэ нь Сталинд ашигтай болсон. Бас бусад удирдагчид ялангуяа Троцкийн тухай шүүмжлэл уг гэрээслэлд байсан нь түүний аз байсан гэх юм уу даа. Удирдагчид уг гэрээслэлийг 100% биелүүлэхгүй гэж шийдсэнээр Сталин сууриндаа тогтож чадсан байна. Энэ үед Зиновьев Каменев нарын дэмжлэг хэрэг болсон. Лениний оршуулгын үеэр Сталин нэлээн сайн жүжиг тоглосноор залгамжлагч болох имижээ бүрдүүлсэн бол түүний хажууд олны өмнө хүлээгдсэн том удирдагч Троцкий өвчтэй байсан бөгөөд оршуулганд орж чадаагүй байна. Дараа нь Сталин жинхэнэ хор найруулалтын гайхамшгийг үзүүлэн Троцкийг унаган улмаар Зиновьев Каменев нарыг барууны жигүүрийн Бухаринтай нийлж зүүний нугалаа хэмээн эрх мэдэлгүй болгосноо сүүлд нийлж байсан Бухаринаа барууны завхрал гээд замаасаа зайлуулсан байгаа юм. Маш амжилттай явуулгууд гэх юм уу даа. Хэрэв Троцкий амжилтанд хүрсэн бол түүх бас арай өөрөөр бичигдэх байсан юм болов уу гэж бодох юм. Сталинд тодорхой нөхцөлүүд дээр аз боломж таараагүй бол яах ч байсан юм билээ тээ?

http://en.wikipedia.org/wiki/Stalin
http://en.wikipedia.org/wiki/Lenin%27s_Testament

Wednesday, March 07, 2007

"Та" гэх үү "Чи" гэх үү?

Орос хэлэнд ахмад эсвэл танихгүй хүнийг хүндлэхдээ Вы гэдэг. Герман, Швед хэлнүүд ч бас энэ тал дээр ижил төсөөтэй. Хоёр дугаар биеийн олон тооны хувирлыг та гэсэн үг болгоод ашиглачихдаг. Англи хэл бол амар юм аа ганцхан үгтэй. Шашны болон утга зохиолын маягийн thou гэсэн үгийг тооцдоггүй юм бол шүү дээ. Шведэд амьдрах үед нэг анзаарсан зүйл гэвэл тэнд нэлээн олон жилийн өмнөөс du (чи) реформ гэж болоод ni (та эсвэл та нар) гэсэн үгийг нэг тоон дээр хэрэглэхийг больсон явдал юм. Одоо тэнд настай хүмүүсийг та гэж авгайлбал ууртайгаар энэ нэг юм намайг хөгшин төгцөг гэх гээд байна уу даа гэсэн ухааны юм боддог гэсэн. Жишээ нь автобусанд та энэ суудал дээр суу гэвэл уурлах маягтай. Хөгширснөөр минь ялгаж гадуурхаад байна уу гэсэн маягтай харна. Нэг үгээр хэлэхэд хүмүүс насаар ялгаа үүсэх явдал харьцангуй багассан гэх юм уу даа. Энэ харин зөв үү. Би лав хувьдаа их дэмждэг. Хүү маань нэгэнт та гээд сурчихсан болохоор боиулна гэдэг ч худлаа байх. Охин маань намайг чи гэдэг надад ч дажгүй санагддаг. 2 хүний хоорондох насны ялгааг мэдрэхгүй байх нь хоорондын харьцааг мэдрүүлдэг мэт санагдах юм. Оросууд ч танихгүй хүнийг та гээд байдаг чи гэчихвэл бүдүүлэг гээд байдаг мөртлөө дотны хүнээ чи гээд байдаг нь учиртай бус уу.

Шведэд нэг хийсэн судалгаагаар хааны хүүхдүүд буюу ханхүү болон гүнж нарыг чи гэх үү та гэх үү гэсэн асуултад тал хувь нь чи гэвэл зүгээр гэсэн байдаг. Удам залгамжлах гүнж та гэлгэхийг илүүд үзсэн бол ханхүү, бага гүнж 2 бол чи гэлгэх дуртай ухааны юм ярьцгаадаг. Даларна нутгийнхан бол нэлээн өвөрмөц хөгжилтэй хүмүүс байдаг. Ханхүүг тэнд очиход нэг хүн түүнд бид энд Даларнад бүгдийг чи гэж дууддаг. Ганцхан чамайг бас эцгийг чинь бол та гэдэг юм даа гэсэн гэдэг.

Манайд бол бүгд бие биенээ чи гэлцэхэд хол зайтай л даа. Нэгд ёс заншил байна. Дээр нь та гэдэг тусдаа үгтэй. Дээр нь настангаа хүндлэж харьцах дуртай хүмүүс. Миний хувьд өөрийн бодлоо зөвтгөх нэг бодол бол чи дөнгөж 18-тай мангар бацаан намайг та гэх ёстой гэх албагүй юм шиг. 60-тай, 70-тай настай хүн улс эх орондоо ихийг хийж бүтээсэн байж болох юм. Хүндлэх хэрэгтэй. Гэхдээ 18-тай бацаан 60-тай бишдээ буруутай юу? Тэр сүүлд бүр ихийг бүтээх ч юм бил үү? Та нар юу гэж бодож байна?

Сая фунт стерлингийн банкнот

Марк Твейний нэг ийм нэртэй богино өгүүллэг уншлаа. Хөгжилтэй юм байна. Дайралдвал уншаарай гэх байна. Америкаас санамсаргүй ирээд хог дээр гарсан нэгэн америк залуу 2 настай ах дүү 2 баяны мөрийний хүн нь болж буй тухай гардаг. Тэдэнд сая фунтын банкнот байдгаа энэ залууд өгөөд сарын дараа юу болох тухай мөрийцдөг. Нэг нь залууг банкнотоо мөнгө болгох гэж яваад цагдаад баригдаад шоронд орж балрана гэсэн бол нөгөө нь түүнийгээ ашиглаж чадна, амьд гарна нэдэг. Хэн нь зөв таасан бол? Та нар өгүүллэгийг нь сонирхоод үзээрэй.

http://www.eastoftheweb.com/short-stories/UBooks/MilPou.shtml

Huckleberry Finn

Марк Твейний Хаклберри Финний адал явдал зохиолыг саяхан дахиж уншлаа. Бараг хүүхэд байхад анх уншсан болохоор нэлээн зүйлүүдийг ойлголгүй анхааралгүй уншсан гэдгээ ч анзаарлаа. Ер нь адал явдалтай сонгодог зохиолууд уншаад байхаар ойлгоогүй үлдсэн зүйлүүд гарч ирээд л байдаг, энэ нь би номыг хурдан анзааргагүй уншдагтай ч холбоотой байж мэдэх л юм. Энд хүүхэд байхад нэг их анзаараагүй зүйл нь Марк Твейний сатир бичих агуу авьяас нь юм уу даа. Тэгээд оросууд уг зохиолын талаар номныхоо урд юу гэж бичсэнийг сонирхож харсан чинь социализмын үеийн ном болохоор тэр юм уу америкуудыг боолчлолтой холбоод бөөн юм бичжээ. Жимийг оргуулж байгаа нь зарим нэг боолчлолыг халъ гэсэн хүмүүс бийг харуулна. Гэхдээ тэд маш цөөн. Том бол цагаан арьстны төлөөлөгч юм байх. Тэр Жим чөлөөтэй боол гэдгийг мэдсээр байж оргуулж байгаа нь боолчлолыг халах явдлаас цагаан арьстнууд нэр хүнд алдар гавъяа хайсан маягтай юм байх. Үнэндээ Марк Твейн юуг хэлэх гэсэн юм бол? Тэрээр өөрөө энэ зохиолыг юу хэлэх гээд байгааг, мораль сургамж зэргийг олж харах гэсэн хүнийг шүүхдэнэ, буудна ухааны юм бичсэн байдаг нь сонирхолтой санагдах юм.

Tuesday, March 06, 2007

Эрчүүдийн боловсрол

Манай эрчүүдийн боловсрол эмэгтэйчүүдийнхдээ хүрэхээ больсон нь одоо ч бүр факт гэж хэлж болохоор болсон санагдах юм. Энэ нь олон эрчүүд гадагшаа амьдрал хайж явснаас бас 90-ээд онуудад ганзагын наймаа, жижиг бизнес энэ тэр хөөж давхиад шатацгааснаас хамаатай болов уу даа. Хүндэтгэх шалтгаан ч гэж болох юм. Харин эмэгтэйчүүд энэ хооронд сургууль соёл гэж их гүйцгээсэн энэ нь ч зөв л дөө. Гэхдээ л энэ бүгдээс болоод одоо манай нийгэм тэнцвэргүй болсон юм шигээ. 28-35 насны олон эмэгтэйчүүд таарах нөхөр олдохгүй юм гэж гомдоллох нь элбэг болжээ. Үеийн таарчихмаар хүмүүс нь аль хэдийн эзэнтэй болчихсон, ганц бие эрчүүд шаардлагыг хангах нь ховор. Ингэхээр залуучууддаа насны залууд толгойгоо сайн цэнэглээрэй, хүүхнүүдэд гологдохгүй өөрт чинь хэрэгтэй гэх байна.

Baltzar von Platen

Eric von Platen гэдэг нэртэй нэг өмгөөлөгчтэй хэдэн жилийн өмнө уулзаж билээ. Мэдлэг боловсролтой, яриа хөөрөөтэй эелдэг дажгүй хүн байсан. Монголын тухай ч бас чиг мэдлэг мэдээлэлтэй, морин өртөө анх байгуулж байсан гэх мэт зүйлсийг мэдэж байсан. Тэр хүн өөрийн нэгэн авга ахын талаар ярьж байсан санаанд орлоо. Яриа түүний удам угсааны нэрнээс үүдсэн санагдана. фон Платенгийнхан Герман уг нь бол герман хүмүүс нийлээд нийтээрээ хэдэн мянга болдог юм гэнэ. Тэр ахыг нь Балтзар фон Платен гэдэг байсан эрдэмтэн хүн байжээ. Стокгольм хотод Хааны Технологийн Дээд Сургууль төгсөхдөө дипломын ажлаараа хөргөгч хийх шинэ технологи гаргаад түүнийх нь патентийг Electrolux худалдаж авсан. 50-аад оны үед тэрээр синтетик алмааз гаргаж авч байсан нь 2 дахь томоохон нээлт нь байсан байна. Нас барахынхаа өмнө мөнхийн хөдөлгүүр хийх тухай юм яриад байдаг байсан гэсэн. Ер нь бол тийм энгийн бус, сонин хүн байсан бөгөөд энэ нь түүний физикийн шинжлэх ухаанд нээлт хийхийн тулд физикийн сурах бичиг огт харалгүйгээр физикийг судлах хэрэгтэй гэж хэлдэг байснаас нь харагддаг байжээ. Үр удам нь түүнд хүрэхгүй ч бүгд л эрдмийн мөр хөөсөн хүмүүс байдаг юм гэнэ лээ. Манай өмгөөлөгч өөрийгөө гэрийнхэн дундаа хамгийн боловсрол муутай нь, бусад ах дүү нар үеэлүүд нь бүгд доктор хамгаалсан гэж ярьж байсан. Нэгэн их эрдмийн хүн араасаа өөрт хүрэхгүй байж мэдэх ч гэсэн олныг дагуулдаг гэдэг ортой л байх. Манай Ринчин докторын гэр бүл ч гэсэн тийм гэж сонсож байсан.

http://en.wikipedia.org/wiki/Baltzar_von_Platen_%281898_to_1984%29