• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Friday, September 21, 2007

“The Genetic Legacy of the Mongols” судалгааны тухай

Энэ судалгааны ажлыг Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монгол гэсэн олон улсын их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэд, судлаач нар хийж 2003 онд нийтлэгдсэн. Энд би зөвхөн гол гаргасан дүгнэлтүүдээс нь арай энгийнээр тайлбарлах гээд үзье гэж бодлоо. Нарийн унших хүсэлтэй бол доор байгаа линкээр үзээрэй.
Судалгаагаар хэд хэдэн жирийн бус шинжүүдтэй Y хромосомын бүлэг илрүүлсэн. Энэ нь Тодруулбал Ази тивд Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл өргөн уудам нутагт 16 улс үндэстэнд энэ хромосомын бүлэг өндөр давтамжтайгаар олдсон байна. Энэ нь уг бүс нутгийн хүн амын 8 хувь нь буюу дэлхийн хүн амын ойролцоогоор 0.5 хувь болж байна. Уг бүлэг доторхи ялгаатай хэлбэрүүдийг судлахад тархалтын эх үүсэл нь 1000 орчим жилийн өмнөх Монгол, бүр цаашлаад Чингис хааны ойрын ураг төрөл байх үндэслэл хамгийн их байна гэж үзжээ. Ийм хурдан тархсан нь жирийн биш бөгөөд зөвхөн хүчтэй сонголтын процессоор явагдсан байх учиртай юм байна.
Хамгийн сонирхолтой нь олдож буй газруудын газар зүйн байршлаар харахад Чингис хааны байлдан дагуулж байсан газар нутгууд буюу Манжуур, Шинжаан Уйгур, Дундад азийн улсуудын газар нутаг таарч байгааг олж харсан байна. Мэдээж үүн дээр Монгол, Өвөр Монгол орно. Сүүлд байлдан дагуулсан газар нутгуудад Хазараас бусдад мэдэгдэхүйц хэмжээгээр олдоогүй. Хазаруудын 30 хувьд ийм генийн онцлог байдаг нь тэд өөрсдийгөө монгол гаралтай хэмээн ярьдаг аман домог яриа үнэн болохыг батлаж байгаа хэрэг.
Судалгаагаар өөр бас боломжуудыг авч үзсэн байна л даа. Жишээ нь ер нь энэ газар нутаг нь эрт дээр үеэс нэгэн овог аймгаас гаралтай байснаас болсон уу гэхээр эдгээр нутгийн хүн ард өөр ямар нэгэн ижил төрлийн Y хаплотипгүй тул бараг боломжгүй юм байна. Эсвэл тэр үеийн бүх монголчууд ийм хаплотиптэй байсан уу гэхээр одоогийн монголын хүн амын зөвхөн 20 хувьд байдаг тул боломжгүй талдаа.
Ингээд энэ судалгаагаар гарсан дүнгээс үзэхэд миний бодлор Чингис хааны уг клан буюу Боржигон кланы эрчүүд ийм Y хаплотиптэй байсан юм болов уу даа. Ургийн овгоо Боржигон гэж авсан хүмүүс талаас лав илүү гэж сонссон юм байна. Ингэхлээр эдгээрийн ихэнх нь худлаа боржигонууд гэдэг нь тодорхой юм шиг.

http://web.unife.it/progetti/genetica/Giorgio/PDFfiles/ajhg2003.pdf

Saturday, September 15, 2007

Улааныхан ба шарынхан

Цогт тайж хэмээх 1945 онд хийсэн киногоор бид түүнийг бид үндэсний баатар гэж үздэг бол харин Гүш хааныг дайсан этгээд гэж ойлгодог. Цогтын хувьд гэвэл тэрээр Цахарын Лигдэн хааныг дэмжсэн халхын цөөн ноёдын нэг байсан бөгөөд хүчирхэгжиж буй манжуудтай амжилт муутай дайтсаныхаа дараа Хөх нуурын зүг явж байсан Лигдэнд нийлэхээр явсан боловч сүүлийн хаантан маань 1634 онд нас барж улмаар Лигдэнгийн хүү Нурхаачийн хүү Хуан Тайжид дагаар орон өвөр монгол манжийн эрхшээлд орсон байна. Хөх нуурын орчим амжилттай цэргийн үйл ажиллагаа явуулсан Цогт тайж хүчирхэгжиж цэргийн тоо нь 40 мянга хүрсэн гэсэн барагцаа байдаг. Мөн энэ үеэр Ойрдын Хошуутын Гүш хаан цэргийн хувьд хүчирхэг байсан бөгөөд Түвдэд улааны ба шарын урсгалуудыг хоорондын тэмцэлд ороцох болсон байна. Гүш хаан 5-р Далай ламын толгойлсон шарынхныг дэмжсэн бол харин Цогт тайж улааныхныг дэмжин тэдний хооронд 1637 онд Хөх нуурын хойд эрэг орчим тулалдаан болжээ. Энэ үймээнд манжуудын оролцоо хэр их байсныг мэдэхгүй юм гэхдээ шуудхан харахад бол Монголын хоёр том феодал шашны зөрчлийн улмаас хоорондоо тулалдсан гэж харагдаад байгаа юм. Цогт тайж үхэвч Монгол улс мөнх гэдэг үг бол уг тулалдааны утга учиртай бас ч тийм их шууд холбоотой биш шиг. Шар ба улааны алийг нь Монгол гэлтэй билээ дээ. Кинонд Далай лам жоохон хүүхдээр гардаг бол тэрээр уг тулалдааны үед 20 настай байсан байна. Уг Далай лам хүчтэй удирдагч гэдгээрээ алдартай байсан бөгөөд манж хятадуудтай ихээхэн амжилттай дипломат бодлого явуулж чадсан гэдэг. Үхсэн хойно нь 15 жил үхлийг нь нууцалсан гэх бөгөөд энэ хооронд нас балчир 6-р Далай лам эрийн цээнд хүрсэн боловч хэтэрхий дампуу, зугаа цэнгэл хөөсөн завхай зайдан ямар ч чадваргүй нэгэн байсан гэдэг. Агуу их Ришильегийн дараа тагдгар Мазарини гарч ирсэн мэт гэж хэлж болох юм. Тэр 1637 оны тулалдааны талаар гэвэл оюутан байхад түүхийн хичээл дээр Цогт тайж хүчний илт давуу байдалтай мөртлөө бут цохигдчихсон гэж заалгаж байсан юм байна. Цогт ялсан бол улааны шашин хүчээ авч Далай ламууд байхгүй болчих ч байсан юм билүү. Тэр үед шарын шашныхан Гүш хаантай нийлж түүний цэргийн хүчээр Цангийн хунтайж, улааны том ламтан Дорж нарыг бут цохин төв Түвдийг эзлэн ноёрхлоо тогтоон улааны шашныг хавчин шарын болгох үйл ажиллагаа явуулж байсан байна. Энд нөгөө Түвд Монголын алдартай Priest ба Patron хэмээх харилцааны сонгодог жишээ харагдах аж. Гүш хаан Далай ламыг Түвдийн буддын шашны тэргүүн болгосон бол Далай лам түүнд Гүш хэмээх цолыг олгосон гэдэг. Гүш хааны уг нэр нь Төрбайх гэдэг байсан. Дэлхийн түүхээс харахад шашин гэдэг зүйл маш олон дайн түйвээний үндэс байсан гэж харагдах бөгөөд нөгөө хорхой шавьжийг үл хөндөх шарын шашин маань хүртэл дайн дажин хийдэг байсан байна шүү.

Зурган дээр 5-р Далай лам.

Thursday, September 06, 2007

Диктатур уу? Ардчилал уу?

Диктатур ба эрх чөлөө гэсэн 2 зүйл нийгмийн хүрээнд дэлхийн түүхийн хугацаанд янз бүрийн хэлбэрээр гарч ирж сайн муу янз бүрийн талууд нь харагдаж байсан. Хамгийн ойрын жишээ нь ЗХУ. Энэ нийгэм тодорхой хэмжээгээр социализм коммунизмын үзэл суртал тогтоосон дэг журамд баригдсан диктатурын нийгэм байсан гэж хэлж болно. Үүнийхээ хүчээр хувьсгалын өмнөх туйлдсан Орос орныг хүчирхэг ЗХУ болгочихсон тал бий. Манай улс ч гэсэн энэ үеэр муугүй хөгжил дэвшилд хүрснийг үгүйсгэхгүй. Чили, БНСУ гэх мэт улсууд ч тодорхой хэмжээгээр дарангуйлагч нийгмээр дамжаад үр дүнд нь хөгжиж амжилт олсон, улмаар ардчилсан нийгэм уруу шилжсэн. Өнөөдөр манай нийгэм муу муухай зүйл ихтэй болж, настай хүмүүс хуучин социализмээ санагалзан тэр үед ямар сайн сайхан байсныг дурдах аж. Хуучин нийгэмд маань хэд хэдэн давуу талууд байсан. Хамгийн энгийн жишээнүүд нь тэр үед хүмүүс хүний мөс моральтай, урлаг соёлын хөгжил өнөөгийнхтэй харьцуулах зүйлгүй сайн байсан бол одоо харин гэмт хэрэг ихсэж хүнд хэлбэрт орсон, архидалт ихэссэн гээд дурдаж болно байх. Товчоор хэлэхэд Монгол улст хүчтэй удирдагч гарч ирээд бүх зүйлийг гартаа атган дэг журманд нь диктатураар оруулаад өгвөл хөгжиж, байдал сайжирч мэдэх л юм. Гэтэл үүнд юу саад болоод байна вэ? Хариултыг нь нэгэн эрх чөлөөнд дурласан шуувууны тухай сургаальт үлгэр өгчихдөг. Эрх чөлөө гэдэг юутай ч харьцуулашгүй амттай зүйл шүү дээ.