Самурай гэж...

Posted by Batzorig Begzsuren on Wednesday, November 12, 2008 with 8 comments
Дарт Вэйдерийн зураг уу? Үгүй самурай. Бидний жоохон байхад самурай гэхээр гамин цэрэг гэдэг шиг л нэг л муу муухай хүмүүс санаанд буудаг байж. Халх голд, дараа нь Чөлөөлөх дайнд япончуудтай зөндөө буудалцсан болохоор арга ч үгүй биз дээ. Бас дээр нь тухайн үед Өвөр Монголд цахарын хунтайж Дэмчигдонров Японы дэмжлэгээр Монголын нэгдсэн автономит засгийн газар гэгчийг байгуулсан нь хөлөө олж ядаж яваа БНМАУ-ын тусгаар тогтнолд аюултай байсан болохоор японы эсрэг суртал ухуулга, японы тагнуул гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт ч их явсан. Дандар баатар японтой кино үзээд дэлгэц уруу буудсан гэсэн гээд бид хүүхэд байхад цуурцгаагаад л. Манай хийсэн кинонууд ч гэсэн сөрөг дүрийн мастер Дамчааг жишээ нь япон цэргийн даргад тоглуулж муугаар харуулах жишээтэй. Чөлөөлөх дайнд дайтаж явсан өвөө маань бидний үед япон харагдвал буудаад л байдаг байсан, одоо ч япон харагдвал барьж авч үнсээд байдаг болж гэж хошигноод сууж байгаа.
Одоо ямар жинхэнэ самурай гэж байх биш ном зохиол, кино дэлгэцнээс л самурайн соёлын тухай сонсож мэддэг. Алдартай кинонуудаас дурдахад мэдээж Куросавагийн Долоон самурай гээд гайхалтай сайхан кино байна. Ёжимбо гээд бас алдартай бүтээл ч гэсэн эрт үеийн самурайн амьдралаас сонирхолтой харуулсан байдаг. Үнэндээ бол самурайнууд бидний боддог шиг муу муухайн туламнууд ч харин язгуур угсаа, ёс журам, итгэл үнэмшил өндөртэй хүмүүс байсан байгаа юм. Дээр нь бас бага зэрэг муйхар тэнэгдүү ч юм шиг. Ямар сайндаа дайсанд олзлогдохгүй, эсвэл гутамшиг болохгүй гэхдээ гэдсээ хүүлдэг заншил тэднээс гарах вэ дээ. Дэлхийн 2-р дайны үед япончуудын энэ чанар ихээр харагдсан. Камиказе нисгэгчид буюу очиж мөргөн амиа хорлон дайсны обьектыг устгагчид 1944-өөс 1945 онуудад америкийн цэргийн хүчинд ихээхэн хохирол учруулсан гэдэг. Сонирхолтой баримт гэхээр камиказе гэдэг үг нь Бурханы салхи гэсэн утгатай бөгөөд гарал нь монголчуудтай холбоотой аж. 13-р зууны эцсээр Хубилай хаан Япон руу аян дайн хийхэд монгол армийн ялагдлын шалтгаан болсон далайн хар салхийг камиказе гэж нэрлэдэг. Дайны үеийн нэгэн камиказе нисгэгч Сабуро Сакай гэгчийн гайхалтай түүх байдаг. Дисковери билүү нэг сувгаар баримтат кино хийсэн гаргаж байхыг нь үзэж билээ. Сабуро дайны үеэр нийтдээ 60 гаруй онгоц унагаасан топ ас нисгэгч байсан бөгөөд нэгэн агаарын тулалдааны үеэр америкийн бөмбөгдөгч онгоцны пулемётны гал онгоцыг нь онож сум зүүн тархийг нь нэвт цохиод гарахад онгоц нь эргэлдэн далай руу унаж эхэлсэн байна. Унадагийн даваан дээр онгоцоо эргүүлж хөөргөж чадсан Сабуро улайран америкийн усан онгоцнуудыг хайж мөргөж сөнөхөөр шийдэн хэрэв би үхэх ёстой бол самурайн ёсоор үхнэ хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. Гэвч удалгүй ухаан нь хэсэг сэргэхийн алдад бааз руугаа буцаж нисэхээр шийдсэн байна. Толгойны хүнд шархтай, нэг нүд сохорсон тэрээр 4 цаг гаруй нисч бааздаа газардаж амьд гарсан гэдэг. Хамгийн гайхалтай нь Сабуро дайн дуусахаас өмнө дахин дайны талбарт гарч байлдааны ажиллагаанд оролцож байсан байна. Бүр сонирхолтой нь дайны дараа Сабуро Буддын шашинд гүн орж дахиж амьд амьтан бүү хэл шумуул ч алахгүй гэж ам тангараг өргөсөн гэдэг. Сүүлд тэрээр АНУ-д зочилж өөрийнх нь толгойг буудсан пулемётчинтой ч уулзаж хууч хөөрч байжээ.
Өөр нэгэн сонирхолтой баримтуудыг дурдахад Япон хэдийгээр 1945 онд бууж өгсөн ч гэсэн зарим цэргүүд нь бууж өгөхгүй байсаар 1970-аад оныг гаргасан гэдэг. Нэгэн жишээ Хироо Онода Филиппиний нэгэн арал дээр 29 жил бууж өгөхгүй нуугдаж эцэст нь Японы засгийн газраас дайны үед түүний удирдах офицер байсан хүнийг явуулж бууж өгөх тушаал өгүүлснээр арай гэж нэг юм гарч ирсэн гэдэг. За нэг иймэрхүү инээдтэй орчин үеийн самурайнууд бас байсан аж.
Төгсгөлд нь нэгэн хөнгөн онигоо бичье. Нэгэн еврей дундад зууны Японд оччихжээ. Японууд барьж алах гэтэл Еврей сандарсандаа арга сүвэгчлэн хөөе би самурай байна гэж. Юмыг яаж мэдэх вэ гээд шогун дээр аваад очиж. Шогун сонсоод гайхаад л. Өөрийн хамгийн сайн самурайг дуудаад хөмөрсөн аягаа сөхөж гэнэ. Дотроос нь ялаа гараад л нисэж. Самурайн сэлэм гялс хийгээд сүн хийх дуу гараад л. Ялаа хоёр хэсэг болоод газар унаж байна гэнэ. Шогун өөр нэг аяга сөхөж гэнэ. Еврей цавчаад л, сэлэм сүн хийгээд л, ялаа ч дүнгэнээд л цаашаагаа нисч байна гэнэ. Шогун чи самурай биш л байна даа гэхэд мань еврей
- Үгүй юу л даа. Би сая энэ ялааны хөвчийг нь хөндсөн юм аа.