Ээжийн минь нутаг

Posted by Batzorig Begzsuren on Monday, June 28, 2010 with 8 comments
Миний бие өдийг хүртэл цөөнгүй тооны улс орноор зочлож, зарим нэгд нь амьдарч үзлээ. Сайхан байгаль, уул ус төдийгүй хүний гараар бүтсэн гайхаж сүрдмээр бүтээн байгуулалт харсан. Найз нөхдөөсөө бас олон улс орны тухай, тэр бүү хэл Африкийн шугуйн ойн амьдралын тухай амнаас нь сонсож байсан. Гэхдээ эцсийн эцэст хүний төрж өссөн нутаг бүхнээс сайн сайхнаараа үлддэг бололтой. Би хэдий Улаанбаатарт төрж өссөн гэсэн ч хүүхэд насандаа Хөвсгөл нутагт Таавай, Тээвэй дээрээ арай сүүлд нагац дээрээ зуны гурван сарыг өнгөрөөдөг байж билээ. Тэгээд энэ нутаг намайг харь улсад явахад зүүдэнд минь орж хүүхэд насны сайхан дурсамжийг сануулан, нутаг усаа бахдах баяр хөөрийг өгч явдаг билээ.

Ээжийн маань нутаг болох Цагаан-Үүр сум Хөвсгөл аймгийн зүүн хойд хэсэгт Орос- Монголын хилийн дагуу ой хөвч, тайгын бүст оршдог. Уг сумын нутгаар урсдаг Уйлган голын хөндийгөөс Дамдин (Тээвэйгийн маань үеэл дүү байсан), Цэвээнравдан, Бээжин гэсэн гурван аварга төрж гарснаараа энэ нутаг Монголдоо алдартай. Зөвхөн аваргууд төдийгүй сээрэн дунгуй мэхээрээ алдаршсан хурц арслан Бадамсэрээжид, улсын гарьд Баяраа зэрэг олон сайн бөхчүүд төрөн гарсан билээ.

Цагаан-Үүрийн тухай би өмнө нэг бичлэг хийж байсан, энд Үүрийн гол, Бургалтайн хөндийн тухай бичиж байсан санагдана, орж үзээрэй. Мөн Таавай Тээвэйнхээ тухай, буриад амьдрал, аж ахуйнх нь тухай ч бичиж байсан. Ноднин зун би гэр бүлийн хамтаар Булган, Хөвсгөлөөр аялсан ба манай эхнэрийн аян замын тэмдэглэлд нэлээн дэлгэрэнгүй бас сонирхолтой бичигдсэн тул орж сонирхоорой.

Эцэст нь хэлэхэд Бургалтайгаас минь сайхан нутаг, Үүрээс минь тунгалаг гол, Овоотоос минь сүрлэг уул, Ёпоошигноос нь минь сайхан хоол байдаггүй л юм билээ. Би саяхан Саранцацралт зураачаар Овоотын уулаа зуруулсан байгаа, зургийг аваад удахгүй тавинаа.