Төр ба хувийн хэвшил

Posted by bbatzorig on Thursday, March 28, 2013 with No comments
Шинэ засгийн газар ажиллаж эхэлснээс хойш төр бизнесийн үйл ажиллагаа хийх, бизнесийн ертөнцөд хийх зохицуулалтаа нэмэгдүүлэх гэсэн хандлага их ажиглагдаж байгаа. Миний улс төрийн идэвхи сонгуульд санал өгөхөөс нэг их хэтэрч байсангүй, аль ч намд элсэх тухай бодож ч байсангүй, хувийн бизнес эрхэлж байсангүй, хувийн компанид ажил хийгээд цалингаараа амьдарч ирсэн болохоор жирийн нэг иргэн хүний хувийн үзэл бодол гэж харна биз. Монгол улс маань ардчилал, зах зээлд шилжээд хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монголын төр, хувийн хэвшил аль аль нь сонгосон замаараа явахад суралцаж, явж, алдаж онож л ирлээ. Социализмын үеийн сэтгэлгээнээсээ ард олон минь салахад амархан байсангүй. Баабарын хэлснээр энэ сэтгэлгээний инерцийн үлдэгдэл ажиглагдсаар.
Би хувьдаа Монгол улсын хөгжлийн хамгийн том түлхүүр нь хүчтэй хувийн хэвшил гэж боддог. Компаниуд ашигтай амжилттай ажиллаж өргөжин тэлж, ялж байх нь эздэд нь төдийгүй ард түмэнд хэрэгтэй. Бид за энэ ч баяжиж байна даа, их идсэн байх даа гэдэг өнцгөөс л голдуу хардаг. Гэтэл амжилттай яваа компаниуд ажлын байр бий болгодог, ажиллагсаддаа илүү өндөр цалин хангамж, мэргэжлийн ур чадвар, туршлагыг өгснөөр нийгэмд илүү өндөр бүтээмжтэй иргэдийг бий болгож байдаг. Илүү өндөр татвар төлснөөр төр засагтаа ард олныхоо төлөө илүү олон, сайн эмнэлэг, сургууль, дэд бүтэц, нийгмийн хангамжийг хүргэх боломжийг өгдөг.
Аливаа компани ашигтай ажилласнаар шинэ техник технологийн хөрөнгө оруулалт хийж зах зээл дээр шинэ илүү үнэ цэнийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж шинэ зах зээлийг бий болгодог. Жишээ авахад өнөөдөр нийгмээрээ шулаач, баян гэж үзэх хандлагад өртөгдөж байгаа үүрэн холбооны компаниуд үр ашигтай, амжилттай ажиллаж олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг ард олондоо хүргэж ирсэн байдаг. Дэлхийн зах зээл дээр байгаагүй шинэ зүйлийг бодож олоод хийчихсэн жишээнүүд ч бий. Намайг Скайтелийг удирдаж ажиллаж байхад ч ажиглагдаж байсан. Гадаад компани ирээд өөрсдийн шинэ шийдэл, боломжуудыг танилцуулахад манай маркетинг, биллингийнхэн энийг бид уржнан нэвтрүүлсэн, тэрийг манай өрсөлдөгч хийчихсэн гэх мэт тохиолдол элбэг байсан. Оксфорд бизнес группынхэн Монгол 2012 номоо гаргаж байхдаа танай Монголд мэдээлэл, харилцаа холбооны салбар л янз бүрийн асуудал багатай, хурдтай, амжилттай хөгжиж байгаа гэж хэлж болохоор байна гэж дурдаж билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрийн өмч, оролцоотой компаниуд бий. Төр муу менежер гэдгээсээ болдог юм уу ашигт ажиллагаа нь тун тааруухан. Ажиллаж байгаа хүмүүс нь зоригтой, хурдтай, амжилттай ажиллая гэхээр төрийн байгууллагын хүнд суртлын аппарат нь урагшаа алхуулдаггүй, улс төрийн томилгоо, шийдвэрүүдээс их хамаараад хэцүү байдаг байж мэдэх л юм. Дээр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс уламжлагдаж ирсэн компаниуд голдуу тул зах зээлд дээр хүчтэй өрсөлдөх хандлагаасаа илүүтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах хандлага нь давамгайлдаг юм шиг. Гэхдээ дунд нь ажиллаж үзээгүй болохоор энэ зөвхөн миний таамаг л даа. Миний хэлмээр байгаа гол зүйл нь гэхээр ингэж амжилтгүй ажиллаж байгаа компаниудынхаа бизнесийн хүрээг төр нэмээд байх нь Монгол улсдаа хэрэгтэй ашигтай юм уу даа. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн хөрөнгө оруулалтыг ашигтай ажиллуулж чадахгүй байгаа байгууллагад татвар төлөгч бидний мөнгөөр хөрөнгө оруулаад байх нь буруу л гэмээр байна. 
Төр өөрөө ямар үүрэгтэй аппарат вэ гэдгийг эргээд нэг харъя л даа. Хамгийн түрүүнд төр баялаг бүтээдэггүй гэдгийг онцолмоор байна. Бидний сонгосон зах зээлийн нийгэмд хувийн хэвшил баялгийг бүтээж, төр харин батлан хамгаалах, хууль, эрх зүйг тогтоох, сахиулах, ард олны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, дэд бүтэц гэх мэт нийгмийг сайн сайхан, зөв зүйтэй байлгах маш олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Төр баялаг бүтээдэггүй тул бид татвар төлж, төр харин тэр мөнгийг үр ашигтай зарцуулж дээр дурдсан зүйлсийг хийх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл төр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг нь болохоос эдийн засгийн хөдөлгүүр нь бол биш юм. Өнөөдөр АНУ, Япон, Их Британи, Франц, Герман, за бидэнд ойрхон гэвэл Өмнөд Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудын жишээг харахад үндэсний том корпорациуд нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийг урагш нь чирч, үүнийг дагаж хүчтэй дунд давхарга гарч ирсэн үзэгдэл байдаг. Баабар энэ тухай оны эхээр Зүүн талаар гүйцэж түрүүлэхүй гээд өгүүлэлдээ тодорхой биччихсэн байсан болохоор олон зүйл ярихаа болилоо. 
Саяхан твиттер дээр нэг залуутай санаа бодлоо солилцож үзсэн чинь капиталист нийгэм явцгүй болох нь харагдаж байгаа, ирээдүйд нийгмээрээ зохицуулалттай амьдардаг, хүн хэрэгцээгээрээ л өмч хөрөнгөтэй байдаг ч билүү нэг тийм нийгмийн дүр зураг ялан дийлнэ гэж яриад байсан. Миний сэтгэн бодох чадвар тийм хязгаартай юм уу, надад бол утопи коммунизм, фашизм л санаанд орсон. Би антрополог биш л дээ, гэхдээ Масловын хүний хэрэгцээний шатлалын онолоос харахад бүх хүний хэрэгцээний хязгаарыг хүрэхэд тийм амаргүй л болов уу даа. 500 жилийн дараа ийм нийгэм боломжтой болж болохыг үгүйсгэхгүй ч ойрын 200 жилдээ бидэнд капиталист нийгэм нь илүү ойрхон гэмээр байна. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад эхний байж болох арга зам бол маш чадварлаг, ухаалаг манлайлагчтай байгаад чанга гараар байдлыг цэгцлэх, аажмаар чөлөөлж тавих Өмнөд Солонгос, Сингапур маягийн зам. Гэхдээ бид энэ замаар явахаасаа өнгөрсөн гэж бодож байна. Ингээд явчих хүчтэй манлайлагч (жишээ нь: Чингис хаан, Lee Kuan Yew) ч огт харагдахгүй байна. Нөгөө зам нь ардчилал, чөлөөт зах зээлээ дэмжээд, харин төрийг интеллектүүд удирдаад явах зам. Хувь хүнийхээ хувьд би энэ зам нь илүү зөв гэж боддог, гэхдээ өнөөдрийн нийгмийн байдал, ард олны сэтгэлгээний хандлагаас анзаарахад зүүний популизмийн өвчнөөс бид нэг хэсэгтээ салахааргүй харагдаж байна даа харамсалтай нь.


Source: BZP Consulting LLC