• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших

Tuesday, September 09, 2014

Amazon компаний манлайллын 14 зарчим

Онлайн худалдааны гигант Амазон компани бизнесийн гайхалтай амжилтанд хүрэхэд манлайллын зарчмууд нь томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Менежер үү, жирийн ажилтан уу гэдгээс үл хамааран уг компанид ажиллаж байгаа хүн бүхэн Амазоны манлайлагч хэмээн тооцогддог. Амазоны манлайлагч бүр дараахь 14 зарчмыг өдөр тутмынхаа ажилд мөрдлөг болгодог аж.

Хэрэглэгчээр "өвчлөх"
Манлайлагчид хэрэглэгчээс эхлэж ажилладаг. Хэрэглэгчийн итгэлийг олж авах, итгэлийг нь алдахгүйн тулд эцэж цуцалтгүй ажиллана. Манлайлагчид өрсөлдөгчдөд анхаарлаа хандуулах хэдий ч хэрэглэгчээрээ бол бүр "өвчилсөн" байдаг.

Эзэн шиг байх 
Манлайлагчид бол эздүүд. Тэд хол сэтгэж, ойрын хугацаанд гарах үр дүнгийн төлөө урт хугацаанд гарах үнэ цэнийг золиослодоггүй. Тэд зөвхөн өөрийн багаар үл хязгаарлагдаж, компанийхаа өмнөөс ажилладаг. Тэд хэзээ ч "энэ миний ажил биш" гэж хэлдэггүй.

Зохион бүтээ бас энгийн болго 
Манлайлагчид өөрийн багаасаа инноваци, шинэ зүйлсийг шаарддаг төдийгүй аливааг энгийн болгох арга замуудыг олдог. Тэд гаднийг орчныг анхаардаг, хаанаас ч хамаагүй шинэ санааг хайж олдог, манайхнаас гараагүй санаа гээд хаячихдаггүй. Шинэ зүйлийг хийхдээ биднийг урт хугацаанд буруугаар ойлгож болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Зөв байх, голдуу 
Манлайлагч нар голдуу зөв байдаг. Тэд бизнесийн өөрийн гэсэн хүчтэй санаа бодол төдийгүй зөн совинтой байдаг.

Хамгийн сайныг ажилд авч хөгжүүлдэг
Манлайлагчид ажилд авах, тушаал дэвшүүлэх бүртээ тавих шалгуураа илүү өндөр түвшинд өргөж байдаг. Тэд онцгой авьяасыг олж таньдаг төдийгүй тэднийг байгуулагын хэрэгцээтэй газарт нь шилжүүлэн ажиллахад бэлэн байдаг. Манлайлагчид ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлдэг ба бусдыг дасгалжуулах үүргээ ухамсарласан байдаг.

Хамгийн өндөр стандартыг шаардах
Хэдийгээр маш олон хүмүүс хэт өндөр гэж хардаг ч манлайлагчид хамгийн өндөр шаардлагуудыг эцэж цуцалтгүй тавьдаг. Манлайлагчид "хөндлөвч модыг" байнга дээшлүүлж өөрсдийг багийн илүү өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд чиглүүлдэг. Манлайлагчид гологдлыг буцаагаад өнгөрөх бус асуудлыг шийдвэл шийдсэн шиг шийддэг.

Томоор сэтгэ
Жижиг сэтгэх нь амиа аргацаахад л хэрэг болдог. Манлайлагчид бодит үр дүнг хүрэхийг уриалан дуудсан зоригтой чиглэл, даалгавар өгдөг. Тэд өөрөөр бодож сэтгэж, хэрэглэгчдэд үйлчлэхийн төлөө "булангийн цаадхыг" ч хардаг.

Гүйцэтгэх сонирхол
Бизнест хурд чухал. Олон шийдвэр, үйлдлийг эргүүлж болдог бөгөөд маш их судалгаа хэрэггүй байдаг. Бид тооцоолсон эрсдэлийг хүлээх нь зөв гэж үздэг.

Арвич хямгач
Бид хэрэглэгчдэд огт хамаагүй зүйлд мөнгө үрэхгүйг хичээдэг. Арвич хямгач байх нь аливаа бүтээлийг хийх эх үүсвэр хангалттай байх нөхцөлийг бүрдүүлдэг. Маш олон хүнтэй байх, өндөр төсөв, тогтмол зардалтай байх нь давуу тал биш.

Өөрийгөө чангаар шүүмжилж чаддаг байх
Манлайлагчид өөрсдийгөө хэзээ ч алдаа гаргадаггүй гэж боддоггүй. Асуудал гарсан үед өөрт нь хэчнээн хүнд, эвгүй, ичмээр байсан ч асуудлыг, бодит мэдээллийг гаргаж тавьдаг. Манлайлагчид өөрсдийгөө болон багаа хамгийн шилдгүүдтэй л харьцуулж өрсөлддөг.

Бусдын итгэлийг олох
Манлайлагчид сэтгэлээсээ нээлттэй байж бусдын хэлэхийг бодитоор сонсдог бөгөөд өөрийн хамгийн хүчтэй итгэл үнэмшлээ ч даруухнаар эргэж харж чаддаг.

Гүн шумба
Манлайлагчид бүх түвшинд ажилладаг. Ажлын деталиудтай холбоотой байх төдийгүй тогтмол аудит хийдэг. Ямар ч ажил тэдний түвшнээс хэт доор ажил биш.

Ноён нуруутай байх. Санал нийлэхгүй байсан ч гарсан шийдвэрт өөрийгөө зориулах
Манлайлагчид аливаа шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол уг шийдвэрийг яагаад дэмжихгүй байгааг өөрт нь хэчнээн эвгүй, хүнд байсан гэсэн илэрхийлдэг. Манлайлагчид өөрийн бодолтой төдийгүй тууштай зантай. Тэд эв эеэ бодохын тулд амархан бууж өгөөд байдаггүй. Харин нэгэнт эцсийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт өөрийгөө бүрэн зориулдаг.

Үр дүн гаргах
Манлайлагчид бизнесийнхээ гол ажлуудад фокуслаж чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэдэг. Алдах үе байсан ч босоод л ирдэг төдийгүй хэзээ ч тайван алгуурладаггүй.

Monday, September 01, 2014

Жижиг бизнесүүд сошиал медиа ашиглахдаа гаргадаг 10 алдаа

1. Сошиал медиа буюу нийгмийн сүлжээгээр түгээж буй контент чинь асуулт асуусан, хэрэглэгчийн санал бодлыг мэдэхийг хүссэн, оролцоог нь сэдэлжүүлсэн бол тэдний бичилтэд хурдан хариу өгч байх хэрэгтэй. Юм асуучихаад дараа нь өөрөө таг болчих нь түгээмэл алдаа болдог.
2. Бизнесийн ертөнцөд нэр хүнд маш чухал. Сошиал медиа платформуудаар хийж буй пи-ар чинь танай компаний үнэн бодитой илэрхийлэл байх хэрэгтэй. Сошиал медиа дахь хувийн дансаа бизнесийн данснаас тусдаа байлга. Маш олон жижиг бизнес эрхлэгчид хэт хувийн чанартай контентыг бизнесдээ хольж алдаа гаргадаг.
3. Хувийн үзэл бодлоо өөртөө л хадгал. Олон хүмүүс өөрийн хувийн бухимдал, нийгмийн шинжтэй үзэл бодлоо хүргэхийг тулд бизнесийнхээ сошл медиа сувгийг ашиглачих гээд байдаг. Энэ нь олон хэрэглэгчийн дургүйг хүргэх, бизнесийнхээ талаар маш буруу сэтгэгдэл төрүүлэх шалтгаан болно.
4. Спам цацаж болохгүй. Хүмүүс спамаас залхсан, зүгээр л дургүйг нь хүргэдэг.
5. Ялгаатай платформуудыг хэрхэн үр дүнтэй хэрэглэхийг сурч ав. Сошиал медиа бүр өөр өөрийн онцлогуудтай, хоорондоо ялгаатай байдаг. Үүнийг ойлгож, юуг яаж хэрэглэвэл зорилгодоо илүү үр дүнтэй хүрэхийг өөрөө хэрэглэж мэдэж аваарай.
6. Харамсах хэрэггүй. Бодож байж ярь гэдэг. Тавьсан контент дээр чинь хүмүүс хэлэлцэж байхад нь устгачих нь байдлыг бүр дордуулдаг. Энэ нь хэт мэргэжлийн бус, чадваргүй, нууж хайцаалагчийн дүрх төрхийг харуулдаг.
7. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Нэгэнтэй л сошиал медиа дээр бизнесээ байршуулж байгаа бол ядаж профилиа бүрэн бөглөөд шинэчлээд байх хэрэгтэй. Дутуу сэглэчихсэн хуудас хэтэрхий сонирхогчийн маягийн дүр төрхийг хүмүүст хүргэдэг.
8. Хэрэглэгчийн суурь баазаа хадгал. Бизнесийнхээ сошл медиа хуудсандаа боломжийн дагагчидтай болчихсон хойноо зүгээр л хаячих тохиолдол элбэг. Энэ нь тэднийг аажим, аажмаар алдахад хүргэнэ.
9. Тогтвортой бай.  Сошиал медиа дээр брендээ зөв танигдахуйц байлгах, ялангуяа брендийн онцлог шинж чанаруудыг тогтвортойгоор харуулах нь чухал. Танай компаний лого, дүрс, өнгө, дуу зэрэг нь хэн болохыг нь илэрхийлдэг.
10. Хэмж, тэгээд сайжруул. Сошиал медиа дээр хэрэглэгчиддээ хэр хүрч буйгаа хэмжиж, үнэлж дүгнэж байх нь уг сувгийн боломжийг бүрэн дүүрэн ашиглахад маш чухал.

Source: BZP Consulting

Monday, August 11, 2014

2500 жилийн тэртээх бизнесийн ухаан

Эртний Хятадын Хавар, намрын үеийн (МЭӨ 771-476 он) Юэ улсын зөвлөх, стратегич, бизнесмен Фань Ли нь өөрийн Юэ улсын ван Гоузян хөрш У улсыг эзлэн ноёрхлоо тогтооход голлох үүрэг гүйцэтгэсэн ба тун удалгүй төрийн албаны ажлаа өгч эмийн худалдаа эрхлэн бизнесийн өндөр амжилтанд хүрсэн төдийгүй “Бизнесийн амжилтын алтан дүрмүүд” хэмээх бүтээлээ туурвижээ. Фань Лигийн бизнесийн зарчмууд, зөвлөмжүүд нь өнөөгийн буюу хоёр мянга таван зуун жилийн хойно ч үнэ цэнээ алдаагүй гэж судлаачид үнэлэн дүгнэдэг аж. Фань Ли бизнесийн хэрхэн амжилттай удирдахыг өөрийн арван хоёр зарчим ба арван хоёр хориглох зүйлсээр тодорхойлжээ. 
Арван хоёр алтан дүрэм нь: 
1. Хүний зан төлвийг таньж мэдэх. Туршлагаас шинж чанарын нотолгоог олж харах. 
2. Хүмүүсийн учрыг олох. Ирээдүйтэйг нь хэзээ ч бүү дутуу үнэл. 
3. Бизнес өөрийн фокусаа хадгалах. Амьдрал болон бизнесийн аль алинд нь өөрийн тодорхой фокустай байж, ийш тийш замбараагүй үсчихээс зайлсхийх хэрэгтэй. 
4. Зохион байгуулалттай бай. Замбараагүй байх нь хэний ч дур сонирхлыг татдаггүй.
5. Өөрчлөгдөн зохицох чадвартай бай. Зохион байгуулалттай байснаар аливаад хурдтай хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.  
6. Авлагаа сайн хяна. Найдваргүй авлага бүү үүсгэ. Зээлээр өгснөө авч бай. 
7. Хүмүүсийн хэргийг гаргах, зөв ажилд томилох. Ажиллагсдынхаа чадавхи потенциалыг бүрэн дүүрэн гаргаж ажиллуул. 
8. Зах зээлд таниулах. Өөрийн бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэглэгчдэд таниулан ойлгуул. 
9. Худалдан авалтыг төгөлдөршүүлэх. Бараа, материал авахдаа сайн бодож зөв шийдэх. 
10. Зах зээлийн боломж болон аюул заналхийллыг сайтар шинжлэх. Хаана юу зарагдаж байгаа трендийг мэдэж бай. 
11. Үлгэр жишээ болж манлайлах. Өөрийн тодорхой зарчмуудтай байж тэдгээрийг мөрдөж, мөрдүүлснээр сайн харилцааг бий болго. 
12. Бизнесийн алсын хараатай бай. Зах зээлийн хэтийн тренд болон үечлэлийг мэд. 
Фань Лигийн арван хоёр хориглох зүйлс нь: 
1. Харамч нарийн зан бүү гарга. Үр бүтээмжтэй байна гэдэг нь хүнлэг бус байна гэсэн үг биш. 
2. Зорилгогүйгээр цагийг бүү дэмий үр. Боломжийг араас хөөхдөө өөртөө итгэлтэй бай. Цаг хугацаа хамгийн чухал нь. 
3. Бүү бардам, сайрхуу зан гарга. Сэтгэгдэл төрүүлэхийн төлөө хамаагүй зарцуулах буруу. 
4. Шударга бус зан бүү гарга. Үнэн шударга байдал бизнесийн суурь болдог. Энэгүйгээр хэн нэгэн хохирч л дуусдаг. 
5. Авлага барагдуулахдаа удаан байж болохгүй. Авлагаа барагдуулахгүй бол хөрвөх чадавхи муудна. 
6. Үнээ хамаагүй цавчиж болохгүй. Үнийн дайнд бүх талууд хохироод дуусдаг. 
7. Сүрэг амьтны зөн билгээр бүү хөдөл. Боломжийг бодитой бөгөөд галзуурлын нэг хэсэг биш гэдгийг магадлаж бай. 
8. Бизнесийн циклийн эсрэг бүү яв. Аливаа зүйлийн үнэ унавал дараа нь өсдөг, өсвөл дараа нь унана. 
9. Шаварт унасан шарга даага болж болохгүй. Аливаа ажлыг байнга урагшлуулж ахиц гаргаж бай. Шинэ зүйлсийг обьектив байдлаар хар. 
10. Зээлийг бүү хэтрүүлэн ав. Зээл бол замбараагүй үр гэсэн үг биш. 
11. Хадгаламж үүсгэхдээ бүү гар тат. Хуримтлал бий болго. Бизнес муу үед хүмүүс хаалгаа барьж байхад мөнгөтэй нь бизнесээ тэлдэг. 
12. Ямар ч бүтээгдэхүүнд бүү мөнгө сохроор оруул. Ханган нийлүүлэгч нараа үйл ажиллагааны зохих стандарт процедуруудыг дагаж байгааг магадлаж бай. 

Source: BZP Consulting LLC

Thursday, March 28, 2013

Төр ба хувийн хэвшил

Шинэ засгийн газар ажиллаж эхэлснээс хойш төр бизнесийн үйл ажиллагаа хийх, бизнесийн ертөнцөд хийх зохицуулалтаа нэмэгдүүлэх гэсэн хандлага их ажиглагдаж байгаа. Миний улс төрийн идэвхи сонгуульд санал өгөхөөс нэг их хэтэрч байсангүй, аль ч намд элсэх тухай бодож ч байсангүй, хувийн бизнес эрхэлж байсангүй, хувийн компанид ажил хийгээд цалингаараа амьдарч ирсэн болохоор жирийн нэг иргэн хүний хувийн үзэл бодол гэж харна биз. Монгол улс маань ардчилал, зах зээлд шилжээд хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монголын төр, хувийн хэвшил аль аль нь сонгосон замаараа явахад суралцаж, явж, алдаж онож л ирлээ. Социализмын үеийн сэтгэлгээнээсээ ард олон минь салахад амархан байсангүй. Баабарын хэлснээр энэ сэтгэлгээний инерцийн үлдэгдэл ажиглагдсаар.
Би хувьдаа Монгол улсын хөгжлийн хамгийн том түлхүүр нь хүчтэй хувийн хэвшил гэж боддог. Компаниуд ашигтай амжилттай ажиллаж өргөжин тэлж, ялж байх нь эздэд нь төдийгүй ард түмэнд хэрэгтэй. Бид за энэ ч баяжиж байна даа, их идсэн байх даа гэдэг өнцгөөс л голдуу хардаг. Гэтэл амжилттай яваа компаниуд ажлын байр бий болгодог, ажиллагсаддаа илүү өндөр цалин хангамж, мэргэжлийн ур чадвар, туршлагыг өгснөөр нийгэмд илүү өндөр бүтээмжтэй иргэдийг бий болгож байдаг. Илүү өндөр татвар төлснөөр төр засагтаа ард олныхоо төлөө илүү олон, сайн эмнэлэг, сургууль, дэд бүтэц, нийгмийн хангамжийг хүргэх боломжийг өгдөг.
Аливаа компани ашигтай ажилласнаар шинэ техник технологийн хөрөнгө оруулалт хийж зах зээл дээр шинэ илүү үнэ цэнийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж шинэ зах зээлийг бий болгодог. Жишээ авахад өнөөдөр нийгмээрээ шулаач, баян гэж үзэх хандлагад өртөгдөж байгаа үүрэн холбооны компаниуд үр ашигтай, амжилттай ажиллаж олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг ард олондоо хүргэж ирсэн байдаг. Дэлхийн зах зээл дээр байгаагүй шинэ зүйлийг бодож олоод хийчихсэн жишээнүүд ч бий. Намайг Скайтелийг удирдаж ажиллаж байхад ч ажиглагдаж байсан. Гадаад компани ирээд өөрсдийн шинэ шийдэл, боломжуудыг танилцуулахад манай маркетинг, биллингийнхэн энийг бид уржнан нэвтрүүлсэн, тэрийг манай өрсөлдөгч хийчихсэн гэх мэт тохиолдол элбэг байсан. Оксфорд бизнес группынхэн Монгол 2012 номоо гаргаж байхдаа танай Монголд мэдээлэл, харилцаа холбооны салбар л янз бүрийн асуудал багатай, хурдтай, амжилттай хөгжиж байгаа гэж хэлж болохоор байна гэж дурдаж билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрийн өмч, оролцоотой компаниуд бий. Төр муу менежер гэдгээсээ болдог юм уу ашигт ажиллагаа нь тун тааруухан. Ажиллаж байгаа хүмүүс нь зоригтой, хурдтай, амжилттай ажиллая гэхээр төрийн байгууллагын хүнд суртлын аппарат нь урагшаа алхуулдаггүй, улс төрийн томилгоо, шийдвэрүүдээс их хамаараад хэцүү байдаг байж мэдэх л юм. Дээр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс уламжлагдаж ирсэн компаниуд голдуу тул зах зээлд дээр хүчтэй өрсөлдөх хандлагаасаа илүүтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах хандлага нь давамгайлдаг юм шиг. Гэхдээ дунд нь ажиллаж үзээгүй болохоор энэ зөвхөн миний таамаг л даа. Миний хэлмээр байгаа гол зүйл нь гэхээр ингэж амжилтгүй ажиллаж байгаа компаниудынхаа бизнесийн хүрээг төр нэмээд байх нь Монгол улсдаа хэрэгтэй ашигтай юм уу даа. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн хөрөнгө оруулалтыг ашигтай ажиллуулж чадахгүй байгаа байгууллагад татвар төлөгч бидний мөнгөөр хөрөнгө оруулаад байх нь буруу л гэмээр байна. 
Аяллын eSIM Төр өөрөө ямар үүрэгтэй аппарат вэ гэдгийг эргээд нэг харъя л даа. Хамгийн түрүүнд төр баялаг бүтээдэггүй гэдгийг онцолмоор байна. Бидний сонгосон зах зээлийн нийгэмд хувийн хэвшил баялгийг бүтээж, төр харин батлан хамгаалах, хууль, эрх зүйг тогтоох, сахиулах, ард олны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, дэд бүтэц гэх мэт нийгмийг сайн сайхан, зөв зүйтэй байлгах маш олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Төр баялаг бүтээдэггүй тул бид татвар төлж, төр харин тэр мөнгийг үр ашигтай зарцуулж дээр дурдсан зүйлсийг хийх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл төр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг нь болохоос эдийн засгийн хөдөлгүүр нь бол биш юм. Өнөөдөр АНУ, Япон, Их Британи, Франц, Герман, за бидэнд ойрхон гэвэл Өмнөд Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудын жишээг харахад үндэсний том корпорациуд нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийг урагш нь чирч, үүнийг дагаж хүчтэй дунд давхарга гарч ирсэн үзэгдэл байдаг. Баабар энэ тухай оны эхээр Зүүн талаар гүйцэж түрүүлэхүй гээд өгүүлэлдээ тодорхой биччихсэн байсан болохоор олон зүйл ярихаа болилоо. 
Саяхан твиттер дээр нэг залуутай санаа бодлоо солилцож үзсэн чинь капиталист нийгэм явцгүй болох нь харагдаж байгаа, ирээдүйд нийгмээрээ зохицуулалттай амьдардаг, хүн хэрэгцээгээрээ л өмч хөрөнгөтэй байдаг ч билүү нэг тийм нийгмийн дүр зураг ялан дийлнэ гэж яриад байсан. Миний сэтгэн бодох чадвар тийм хязгаартай юм уу, надад бол утопи коммунизм, фашизм л санаанд орсон. Би антрополог биш л дээ, гэхдээ Масловын хүний хэрэгцээний шатлалын онолоос харахад бүх хүний хэрэгцээний хязгаарыг хүрэхэд тийм амаргүй л болов уу даа. 500 жилийн дараа ийм нийгэм боломжтой болж болохыг үгүйсгэхгүй ч ойрын 200 жилдээ бидэнд капиталист нийгэм нь илүү ойрхон гэмээр байна. Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад эхний байж болох арга зам бол маш чадварлаг, ухаалаг манлайлагчтай байгаад чанга гараар байдлыг цэгцлэх, аажмаар чөлөөлж тавих Өмнөд Солонгос, Сингапур маягийн зам. Гэхдээ бид энэ замаар явахаасаа өнгөрсөн гэж бодож байна. Ингээд явчих хүчтэй манлайлагч (жишээ нь: Чингис хаан, Lee Kuan Yew) ч огт харагдахгүй байна. Нөгөө зам нь ардчилал, чөлөөт зах зээлээ дэмжээд, харин төрийг интеллектүүд удирдаад явах зам. Хувь хүнийхээ хувьд би энэ зам нь илүү зөв гэж боддог, гэхдээ өнөөдрийн нийгмийн байдал, ард олны сэтгэлгээний хандлагаас анзаарахад зүүний популизмийн өвчнөөс бид нэг хэсэгтээ салахааргүй харагдаж байна даа харамсалтай нь.


Source: BZP Consulting LLC

Wednesday, March 27, 2013

Гүйцэтгэлийн үнэлгээ ба ялгаварлал

Гүйцэтгэлийн үнэлгээ бизнесийн олон байгууллагын толгойны өвчин байсаар байна. Жижиг компани чадварлаг эзэнтэй байгаад тэр нь шууд удирдаж ажилладаг бол асуудал харьцангуй бага. Арван хуруунд багтах хүнийг удирдаад сайн, мууг нь хараад, үнэлээд ажиллахад болохгүй юмгүй. Харин бизнес өргөжин тэлэх тусам уг лидерийн физик хэмжээ хязгаараас хамааран бүх түвшний хяналтанд байх боломжгүй болоод ирэхээр бас толгой өвтгөөд л эхэлнэ. Өнөөдөр нийгэмд ихэд ажиглагдаж байгаа зүүний чиг хандлагыг ард олны социалист сэтгэлгээний инерци дээр тоглож буй улс төрийн популизм хэмээн үл тоовол бидний гаруй жилийн өмнө сонгосон капиталист өнцгөөс гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг харъя гэж бодлоо. Хэрэв компани эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зүүний хэлбэрийн тэгшитгэх бодлоготой бол гүйцэтгэлийг бодитой үнэлэх гэж зовлон болж суух шаардлага тун бага. Харин ухаалаг гүйцэтгэх удирдлагууд бодитой гүйцэтгэлийн үнэлгээний системтэй байснаараа шагнал урамшууллыг оновчтой өгч ажиллагсдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх сэдлийг үүсгэх, өндөр гүйцэтгэлтэй чадварлаг ажиллагсдыг сэдэлжүүлж тэд компанийг хөгжил дэвшил рүү нь чирэх хүч нь болдог гэдгийг хардаг. 

Энд парето бас үйлчилнэ. Компаний нийт ажиллагсдын 20 хувь нь компаний амжилтын 80 хувийг авчирдаг. Женерал Электрикийн гүйцэтгэх захирал асан Жак Вэлш энэ паретог барьж топ 20%-даа илүү цалин, урамшуулал, хангамж, албан тушаал, эрх мэдэл өгдөг байсан. Үлдсэн 80 хувийг дотор нь дундаж 70 хувь, доод 10 хувь гэж ялгана. Доод хэсэгт хамгийн ажил хийдэггүй, буруу хандлагатай, компанийхаа үнэт зүйлсийг дагадаггүй, багийн алаач, хүнд сурталтнууд орох ба эднийг халчихдаг байжээ. Өөрөөр хэлбэл ажиллагсдаа ялгаварлана гэсэн үг. Нэг талаасаа муухай, харгис, ашиг хөөсөн, хүний сэтгэлгүй гэж харагддаг. Гэхдээ бизнес бол ашгийн төлөө гэдгийг дахиад нэг саначихвал харин ч зөв шийдэл гэж хэлж болно. Жим Коллинз өөрийн Сайнаас Агууд хэмээх номондоо компанид хамгийн үнэтэй зүйл бол хүмүүс нь биш, харин зөв хүмүүс байдаг гэж онцолсон нь дээрхтэй нийлнэ. Дүгнэлт нь бизнесээ амжилттай удирдая гэж байгаа бол зөв сайн хүмүүсээ дэмж, буруу муу хүмүүстэйгээ хариуцлага тооц, хал, товчоор бол ялгавартай ханд.

Хэрэв тухайн байгууллага гүйцэтгэлийн үнэлгээний системгүй, бодитой үнэлж чаддаггүй, үзэмжээр эсвэл цээжний пангаар явдаг нөхцөлд ялгавар үүсгэх нь ажиллагсдыг сэдэлжүүлэхээс илүүтэйгээр зарим ажилтнуудад дарга, захиралдаа долигнох, фракцлах, ажил их хийж байгаа дүр эсгэх, хийснээ хий дөвийлгөх, хэрэггүй ажил хийх, сайн ажиллаж байгаа бусдыгаа доош хийх хэлбэрээр өөрийн байр суурийг өргөх зэрэг сэдлийг өгдөг ба шударга, чадварлаг, гүйцэтгэл сайн, зөв ажилтнуудын хувьд урам зоригийг хугалах нь элбэг. Иймд ялгаварлалыг бий болгохдоо гүйцэтгэлийг үнэлгээний зөв, бодитой тогтолцоог алхам алхмаар нэвтрүүлж, энэ алхмуудтайгаа уялдуулан ялгаварлалыг нэмнэ. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээ, ялгаварлал нь дээд түвшнээс доош гэсэн чиглэлээр хөгжиж, удирдах ажилтнууд, ялангуяа гүйцэтгэх захирал өөрийн биеэр үлгэрлэн, энэ өөрчлөлтийн чирэх гол хүч нь байж амжилтанд хүрнэ. Өнөөдөр ямар нэг зөвлөхөөр сургалт, ажил хийлгээд өөрчлөлт хийчих бодолтой захиралууд элбэг, энэ ажил нь бүтэл муутай бол нөгөө зөвлөхийг муу гэж боддог. Гэтэл амьдрал дээр зөвлөх бол зөв замыг зөвлөнө, хийхийг нь бол бид л өөрсдөө хийж байж ажил хэрэг болно.

Өөр нэгэн асуудал нь компаний гүйцэтгэл ба ажилтнуудын гүйцэтгэлийн уялдаа холбоог үүсгэх явдал. Ажилтнууд ажиллаад л ажиллаад л, илүү цагаар ч ажиллаад л, зарим нь ядаргаанд ороод л. Гэтэл компани нь тэр хэмжээнд амжилттай ажиллаагүй байх нь элбэг. Энэ нь хийсэн ажлынх хагас нь хэрэггүй ажил байдгаас болдог. 50% гэдэг нь судалгаагаар гарсан байдаг юм билээ. Яагаад хэрэггүй ажил хийцгээгээд суудаг гэхээр стратегийн удирдлага сул ба гүйцэтгэлийн үнэлгээ нь стратегийн бус байдгаас үүддэг. Өөрөөр хэлбэл компаний стратегид чиглээгүй ажлуудыг хийгээд байдаг тул эцэстээ үр дүн тэр хэмжээгээр муу гардаг. Америкчууд элс чулуугаар зүйрлэдэг юм билээ. Аяганд элс буюу элдэв жижиг сажиг ажлаа эхлэж хийгээд араас том чулуунууд буюу гол чухал ажлуудаа хийхэд багтахгүй. Харин том чулуунуудаа эхлэж хийчихээд завсар зайгаар нь элсээ хийвэл илүү ихийг багтаах аж. Залхуу, биеийн амрыг харсан, компаний амжилтыг төлөө зүтгэх сэтгэл хандлага байхгүй, илүү ажиллачихвал хөдөлмөрөө шулууллаа гэж боддог ажилтнууд элсээр аягаа дүүргээд сууж байх сонирхолтой байдаг. Тэгэхээр тэдний ажлыг элсээр нь биш чулуугаар нь голлож хэмжие гэсэн санаа юм.

Компаний өдөр тутмын үйлдлийн түвшний гүйцэтгэл дээр ажиллагсдын гүйцэтгэлийг үнэлэх нь илүү хялбар, тодорхой байдаг ба зөв хэмжүүрүүдийг тодорхой хугацааны хөгжлийнхөө үр дүнд олж тогтоогдсон байдаг. Эдгээр ажиллагсдын гүйцэтгэлийг тухайн бизнесийнх нь онцлогт нь тохироод гаргаад ирсэн түлхүүр үзүүлэлтүүдээр нь хэмжих нь зүйтэй ба бизнес болгонд ялгаатай. Нөгөө талаасаа энэ түлхүүр үзүүлэлтүүд дээр бизнес төлөвлөгөөний дагуу тодорхой стратегийн зорилтууд нь тодорхойлогдчихсон байг гэж бодъё. Нэг алхам урагшаа явжээ. Гэтэл амьдрал дээр нөгөө зорилтондоо хүрэхгүй нь элбэг. Яагаад хүрсэнгүй вэ гэхээр хэт өндөр төлөвлөсөн, эсвэл энэ тэгээд, тэр тэгээд гээд учиргүй олон шалтгаан бодож олцгоох ажил хийнэ. Энэ нь зорилт тавихдаа уг зорилтонд хүрэхийн тулд ямар ажлууд хийх, санал санаачлагууд юу байх, ямар тактиктай ажиллах, ажлын процесс, мэдлэг чадвар хэрхэн хөгжиж байж энэ зорилтонд хүрэх вэ гэдгийг төлөвлөж хардаггүйгээс их хамаардаг. Өдөр тутмын ажлууд энэ үед л илүү утга учиртай, зорилтондоо хүрэхэд илүү чиглэсэн байдаг.

Мэдээж гүйцэтгэлийг үнэлэх олон аргачлалуудыг хүн төрөлхтөн бодож олж, хэрэглэж, хөгжүүлж ирсэн. Нэлээн түгээмэл арга гэвэл тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт, статистикаас харахад ашигласан компаниудын 70%-д үр дүнтэй нэвтэрч чадсан гэсэн тоо байдаг юм билээ. Энэ системийг нэвтрүүлэх арга замын хувьд янз бүр байдаг. Томоохон компаниуд хөрөнгө мөнгө зараад зөвлөх үйлчилгээ авах, төслийн баг гаргаад нэвтрүүлэлт хурдан хийчих замыг сонгох нь элбэг. Энэ тохиолдолд гүйцэтгэх удирдлагын уг системийн утга учир, ач холбогдлыг ойлгох, хийх хүсэл эрмэлзэл, манлайлал гол үүрэгтэй. Мэдээж бүх шатандаа бусад ажилтнууд цаг зав, хүч чадлаа гаргана. Мэдээллийн системийн нэвтрүүлэлтээр хийх арга байж болох боловч энэ нь тухайн системийн сонголт буруу эсвэл уг системийнхээ утга агуулгыг сул ойлгосноос амжилтгүй болох эрсдэлтэй. Өөр нэг зам нь багаараа шат дараатайгаар нэвтрүүлэлт хийх. Өөрийн практикаасаа харахад сүүлийн хэлбэр нь урт хугацаандаа илүү үр өгөөжтэй, хөрөнгө зардал багатайгаар үр дүнтэй хийх боломжийг өгдөг гэж ажиглагдсан. 

Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь өөрөө хөгжлийнхөө явцад стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр илүү боловсронгуй болсон тул стратегийн удирдлагатай уялдан компаний урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг болдог. Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь санхүү, хэрэглэгч, дотоод процесс, сургалт хөгжил гэсэн 4 перспективийг тэнцвэржүүлснээр урт болон богино хугацааны аль алинд компани амжилттай ажиллах гэсэн утга учиртай. 2-р үеийн хувилбарт стратегийн зураглал гэсэн аргачлал нэмэгдсэн. Энэ нь 4 перспективийн шалтгаан үр дагаврын холбоосыг гаргаж өгдөг. Жишээ нь шинэ бүтээгдэхүүн стратегийн зорилттой холбоотойгоор дараахь зураглал үүснэ. Уг бүтээгдэхүүнийг хийхийн тулд багийн мэдлэг, ур чадвар, нөү хау нь хөгжинө. Ингэснээрээ зөв процессоор сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ сайн бүтээгдэхүүн илүү цэнэ авчирснаар бидэнд илүү олон хэрэглэгч бий болгоно. Олон хэрэглэгчидтэй болсноор компаний борлуулалт, ашиг буюу санхүүгийн зорилтууд биелнэ. Товчхон хэлбэл бид зөвхөн санхүүгийн, зах зээл зорилтуудаа хүчилж шахаад байх бус процессоо сайжруулах, ингэснээр илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, илүү бага өртөг зардлаар хийх, илүү хурдан хийх, мөн компаний хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг стратегитэйгээ уялдан зөв чиглэлд хөгжсөнөөр бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг авчрах юм.

Эцэст нь базаад хэлэхэд сайн хүмүүсээ дэмж, муу хүмүүсээсээ сал, ингэхийн тулд хүмүүсийнхээ ажлыг зөв үнэл, зөв ажлыг нь хийлгэ, гэхдээ ганцхан одоохондоо л зөв ажил биш урт хугацаандаа зөв ажлыг бас хийлгэ. Энэ концептийнхоо утга учрыг бүгд ойлго, өөрсдөө хий, мөрд, захирал нь өөрөө үлгэрлэ, манлайл.

Source: BZP Consulting LLC