"Та" гэх үү "Чи" гэх үү?

Posted by bbatzorig on Wednesday, March 07, 2007 with 8 comments
Орос хэлэнд ахмад эсвэл танихгүй хүнийг хүндлэхдээ Вы гэдэг. Герман, Швед хэлнүүд ч бас энэ тал дээр ижил төсөөтэй. Хоёр дугаар биеийн олон тооны хувирлыг та гэсэн үг болгоод ашиглачихдаг. Англи хэл бол амар юм аа ганцхан үгтэй. Шашны болон утга зохиолын маягийн thou гэсэн үгийг тооцдоггүй юм бол шүү дээ. Шведэд амьдрах үед нэг анзаарсан зүйл гэвэл тэнд нэлээн олон жилийн өмнөөс du (чи) реформ гэж болоод ni (та эсвэл та нар) гэсэн үгийг нэг тоон дээр хэрэглэхийг больсон явдал юм. Одоо тэнд настай хүмүүсийг та гэж авгайлбал ууртайгаар энэ нэг юм намайг хөгшин төгцөг гэх гээд байна уу даа гэсэн ухааны юм боддог гэсэн. Жишээ нь автобусанд та энэ суудал дээр суу гэвэл уурлах маягтай. Хөгширснөөр минь ялгаж гадуурхаад байна уу гэсэн маягтай харна. Нэг үгээр хэлэхэд хүмүүс насаар ялгаа үүсэх явдал харьцангуй багассан гэх юм уу даа. Энэ харин зөв үү. Би лав хувьдаа их дэмждэг. Хүү маань нэгэнт та гээд сурчихсан болохоор боиулна гэдэг ч худлаа байх. Охин маань намайг чи гэдэг надад ч дажгүй санагддаг. 2 хүний хоорондох насны ялгааг мэдрэхгүй байх нь хоорондын харьцааг мэдрүүлдэг мэт санагдах юм. Оросууд ч танихгүй хүнийг та гээд байдаг чи гэчихвэл бүдүүлэг гээд байдаг мөртлөө дотны хүнээ чи гээд байдаг нь учиртай бус уу.

Шведэд нэг хийсэн судалгаагаар хааны хүүхдүүд буюу ханхүү болон гүнж нарыг чи гэх үү та гэх үү гэсэн асуултад тал хувь нь чи гэвэл зүгээр гэсэн байдаг. Удам залгамжлах гүнж та гэлгэхийг илүүд үзсэн бол ханхүү, бага гүнж 2 бол чи гэлгэх дуртай ухааны юм ярьцгаадаг. Даларна нутгийнхан бол нэлээн өвөрмөц хөгжилтэй хүмүүс байдаг. Ханхүүг тэнд очиход нэг хүн түүнд бид энд Даларнад бүгдийг чи гэж дууддаг. Ганцхан чамайг бас эцгийг чинь бол та гэдэг юм даа гэсэн гэдэг.

Манайд бол бүгд бие биенээ чи гэлцэхэд хол зайтай л даа. Нэгд ёс заншил байна. Дээр нь та гэдэг тусдаа үгтэй. Дээр нь настангаа хүндлэж харьцах дуртай хүмүүс. Миний хувьд өөрийн бодлоо зөвтгөх нэг бодол бол чи дөнгөж 18-тай мангар бацаан намайг та гэх ёстой гэх албагүй юм шиг. 60-тай, 70-тай настай хүн улс эх орондоо ихийг хийж бүтээсэн байж болох юм. Хүндлэх хэрэгтэй. Гэхдээ 18-тай бацаан 60-тай бишдээ буруутай юу? Тэр сүүлд бүр ихийг бүтээх ч юм бил үү? Та нар юу гэж бодож байна?
Categories: