Гайдай

Posted by Batzorig Begzsuren on Tuesday, February 26, 2008 with 3 comments
Шурикийн адал ядвлуудаас эхлээд Моргунов, Вицин, Никулины гурвал, Эрдэнэ нуусан гар, 12 сандал зэрэг гайхалтай бүтээлүүдээрээ бидний танил болсон Оросын алдарт найруулагч Леонид Гайдайн тухай нэг баримтат кино үзлээ. Түүний инээдмийн кинонууд ЗХУ-ын хамгийн сайн нь байсан гэхэд хилсдэхгүй. За Эльдар Рязановын кинонууд л харин их ойрхон очих байх. Бидний үе Шурик гэхээр бүгд сайн мэддэг ч Гайдай гэхээр сайн мэдэхгүй мөрөө хавчина. Уг хүн нь нэр хүнд, мөнгө төгрөг сонирхдоггүй байсан болохоор Оросууд ч өөрсдөө сайн таньж мэддэггүй байсан гэдэг. Энэ хүний бүтээлүүд коммунист нийгмийн шалгуурт орж шүүмжлэгдэж байсан ч ард түмэн кинонуудыг маш өргөнөөр хүлээн авсан тул яаж ч чаддаггүй байсан гэдэг. Эрдэнэ нуусан гарыг жишээ нь 76 сая хүн театрт үзсэн гэдгээс харахад одоогийн америкийн бокс оффисийн мундагуудтай өрсөлдөхүйц байсан байгаа юм.
Нэг сонирхолтой баримт гэвэл тэр 1941 онд Монголд цэргийн алба хааж байхдаа жижиг биетэй монгол морьдыг унахад угийн өндөр хүн тул их инээдтэй харагддаг байж. Үүнийгээ Шурикт илжиг унуулахад ашигласан байх талтай.
Эрдэнэ нуусан гар киног дээрээс үзээд хамаг хэсгүүдийн хасах даалгавар өгсөн гэдэг. Гайдай киногоо тэгж үрэн таран хийлгэхийг хүссэнгүй, харин ч эцэст нь атомын бөмбөгний дэлбэрэлт нэмээд өгчихөж. Комиссынх ч бөөн сүр болоод атомын бөмбөгтэй хэсгийг хасах даалгавар өгч. Манай гар хасаад өгч. Дараа нь түүнээс атомын дэлбэрэлт ямар учиртай юм гэхэд аан тэр үү миний хөөлгөсөн чулуу юм аа гэсэн гэдэг. Ингээд эрхтэн дархтнуудыг чулуу хөөлгөөд оросын хамгийн сайн комеди гэхэд буруудахгүй тэр гайхалтай бүтээлээ үзэгчдэд байгаагаар нь хүргэж чадсан аж. Гэхдээ бас дандаа ч тэгж зүтгээд байж чадаагүй. Шурикийг Догшин Иван архи уу гэхэд уусныг нь Зөвлөлтийн инженер архи уудаггүй гээд зас гэсэн гэдэг. Коммунизмын үед бас их балай байж шүү.
1960-аад онуудад түүний кинонуудыг театрт 600 сая гаруй хүн үзсэн гэхээр тэрээр нэг билетнээс нэг цент авахад л элбэг мульт саятан болох байсан ч эгэл жирийн хүний амьдралаар амьдарсаар мөнгө, нэр алдраар биш харин хэзээ ч хуучрашгүй дахин давтагдахгүй бүтээлүүдээрээ кино урлагийн түүхэнд үлдсэн ажээ.


Categories: