Буур хээрийн тулалдаан

Posted by Batzorig Begzsuren on Sunday, January 13, 2008 with 1 comment

Нэр: Буур хээрийн тулалдаан
Огноо: 1180 оны хавьцаа
Байршил: Буур хээр, Сэлэнгэ мөрөн
Талууд: 1. Хэрэйдийн Тоорил хан, Жадараны Жамуха, Хиад боржигоны Тэмүжин, 40000 гаруй цэрэг
2. Гурван мэргид (Тогтоа бэхи, Дайр-Үсүн, Хаатай Дармала), цэргийн тоо тодорхойгүй

Ялалт: Тоорил хан, Жамуха, Тэмүжин

Бүгд мэргидийг
Бүрэлгэн довтолж
Бөртө үжинийг чинь
Буцааж өгье...
Эвдэн мөхөөж
Эхнэр Бөртийг
Эргүүлэн авчиръя...


Шалтгаан
Уг тулалдаанаас өмнө Тэмүжиний хувьд зөвхөн жижиг хэмжээний мөргөлдөөн, харвалдаануудтай л тулгарч байсан тул түүний хувьд анхны тулалдаан, анхны ялалт байжээ. Үүний өмнө Гурван мэргид цэрэглэн ирж өмнө мэргидийн Их Чилэдү эхнэр Өөлүнийг Есүхэй баатарт булаалган алдасны өшөөг авахаар ирэн Бөртө үжинийг булаан авсанд Тэмүжин Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд Тоорил хан Нууц товчоонд бичсэнээр:
...Булган дахны чинь хариуд
хэмээн зөвшөөрч, мөн Жамухад хэл өгсөн гэдэг. Булган дах нь Бөртэ үжиний инжинд ирсэн бөгөөд Тэмүжин үүний өмнөхөн эцгийн хуучин анд хэмээн Тоорилд очиж үүнийг бэлэг барин холбоо тогтоосон байжээ. Тоорил хан өөрийн нэг түм, дүү Жаха Хамбугийн нэг түмэн цэргийг дайчилсан бөгөөд Жамуха ч туслахаар амлан
...Эдгээр мэргид аймгийг

хэмээж нэг түмэн цэргээ авч замдаа Онон мөрнийг даган нутаглах Тэмүжинийн харьяат нараас нэгэн түмэн цэрэг дайчлан авч Ононы эх Ботохан бооржи гэдэг газар очиж хүлээжээ. Нууц товчоонд Жамуха ингэж Тэмүжиний харьяат хэмээн хэлсэн нь өмнө Есүхэй баатарт харьяалагдаж байсан хиад боржигон овгийн монголчууд нь Тэмүжинд харьяалагдахыг дэмжсэн санаа гэж ойлгож байна. Тэмүжин яг энэ үед хүчээ авч амжаагүй байсан тул түүний цэргийн тоо тун цөөн буюу Гурван мэргид маягийн томоохон аймагтай дайтах хэмжээнд хүрээгүй байсан нь тодорхой. Харин Жамуха тал нутгийн нөлөө бүхий хүчтэй феодал болсон байсан тул түүнд цэрэг дайчлахад тйим ч төвөгтэй байгаагүй бололтой. Чухам Тоорил хан, Жамуха хоёр Тэмүүжинд тусалсан учир нь гэвэл мэдээж юуны өмнө тэдэнд өмнө хэлсэн ам тангараг байсан, дээр нь тэд Мэргидийг довтлон талах шалтаг гарч ирэхэд шүүрэн авахаас буцахгүй, эцэст нь Тэмүжин тэдний гарын доор байж боржигон аймгийн найдвартай холбоотон болгох хүн гэж харсан байж болох юм. Хэрэв сүүлд Тэмүжин хэр хүчирхэгжин амжилт олохыг тэд зүүдэндээ харсан бол туслах гэж тийм ч ихээр яарахгүй л байсан болов уу даа.

Тулалдаан
Тоорил өөрийн нэг түмэн цэрэг, дүү Жаху хамба ба түүний нэг түмэн цэргийн хамтаар Тэмүжинтэй нийлэн Ботохан бооржид хүлээн буй Жамухатай нэгдэн цаашид Жамухагийн нэгдсэн удирдлагын доор хойд зүгт Хилго голыг (одоогийн ОХУ-д Буриадын нутагт Сэлэнгэ мөрөнд цутгадаг) өгсөн явж гатлаад Сэлэнгэ мөрнийг өгсөн Буур хээрийн талд байсан Тогтоа, Дайр-Үсүн нарыг довтлон цохилт өгч Баргужингийн зүгт дутаалгаж эд хөрөнгө, хүн ардаас нь олзолсон төдийгүй Тэмүжиний хувьд гол зорилго байсан Бөртэ үжинг буцаан олж авсан байна. Мөн Хаад Мэргидийн удирдагч Хаатай-Дармалаг олзлон авчээ. Тогтоа болон Дайр-Үсүнийг гэнэт довтлон нойрон дунд нь барин устгаж болох байсан боловч ойн иргэд түүнд хэл хүргэсэн тул амьд дутаан гарч хойно нь олон жилийн турш Тогтоа болон түүний хүү Хуту нар Тэмүжинтэй дайн тулаан олныг хийсэн гэдэг. 1206 онд Их Монгол улс байгуулагдсанаас хойно Мэргид аймаг бүрэн дарагдсан гэдгээс харахад тэд их зүрх зориг ихтэй, дайнч байлдаанч хүмүүс байсан нь ил байна.

Тулалдааны дараа
Уг тулалдаан нь уулгалан довтолсон гэнэтийн довтолгооны хэлбэртэй тул бас яг хоёр талаас бэлдэн хүч тулсан сонгодог тулаан биш боловч үүний дараа үүссэн нөхцөл байдал Тэмүжиний хувьд томоохон өөрчлөлт амжилт болсон гэж хэлж болно. Үүнд тэрээр тал нутгийн дунд хүчирхэг холбоотнуудтай гэдгээ харуулж чадсан, овог аймгийн удирдагч, цэргийн жанжин болох чадвартайгаа бодит байдалд харуулсан, өөрийн овог аймгийнхныхаа дунд тэрээр лидер нь болох боломжтой гэсэн итгэлийг тэдэнд төрүүлсэн гэх зэргийг дурдаж болно. Мөн уг тулааны дараа Тэмүжин, Жамуха хоёр түр хугацаанд хамт нутагласан нь Тэмүжиний хувьд хүчирхэг андын нөмөрт бусад овог аймгийн аюул заналхийллээс тодорхой хугацаанд хол байж хүчээ нэмэгдүүлэх, өөрийн овог аймгийнхийгаа өөртөө татах бодлого явуулах боломжийг олгосон ашигтай алхам байсан болов уу. Жил хагас хамт нутагласны дараа Жамухаас салж явснаас хойш олон монголчууд ирж Тэмүжиний ивээлд ирж нэгдсэн байна.