• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших
Showing posts with label Утга зохиол. Show all posts
Showing posts with label Утга зохиол. Show all posts

Thursday, September 20, 2012

Бямбын Ринченгийн шүлгээс


Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт

Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай



Wednesday, December 10, 2008

Дөлгөөн Дон

Зөвлөлтийн утга зохиолын дээж болсон энэ номыг саяхан дахин нэг уншлаа. Ер нь бол энэ зохиол нь Гюгогийн Les Misérables, Маркесийн Зуун жилийн ганцаардал, Гомерын Илиада зэрэгтэй эн тэнцэхүйц хэмжээний агуу бүтээл гэхэд хэтрүүлэг болохгүй. Хүүхэд болон оюутан ахуй үед хоёр гурав уншсан ч ойлгоогүй бас анзаараагүй үлдсэн хэсгүүд их байжээ. Жинхэнэ сайн бүтээлүүдийг дахин дахин уншихад улам илүүг олж мэддэг гэдгийг та нар ч гэсэн анзаарч байсан байх. Өмнө амьдрал талаас нь илүү харж байсан бол энэ удаа уншихад түүхэн талаас нь бас нийгмийн талаас нь илүү сонирхож анхаарал тавиад дараахь зүйлсийг анзаарснаа хуваалцая гэж бодлоо.
Юуны өмнө уг зохиолын тухай социализмын үед бичихдээ жижиг хөрөнгөтний бурангуй үзэлд нэвширтлээ автагдсан Григорий буруу замаар будаа тээн явсаар амьдралын зам нь мухардаж байхад Михайл Кошевой коммунизмын гэрэлт ирээдүйн өөд итгэлтэй алхалсаар явна гэх маягаар бичсэн байдаг. Яг зохиолыг уншаад үзэхээр миний хувьд Мелехов хэдий
дайн дажны хүнд ширүүн амьдралыг туулан өнгөрсөн хэдий ч хүн хэвээрээ үлдсэн бол Кошевой маш хатуу, хүйтэн сэтгэлтэй коммунизмын залхаан цээрлүүлэх машин болон хувирсан мэт санагддаг. Баригдсан улаантнуудыг Татарск руу тууж явааг сонсоод Григорий хуучин дотны найз Кошевойг аврахаар яаран давхидаг бол Кошевой Петрог буудаж алсан төдийгүй сүүлд улаан армид алба хаагаад ирсэн Григорийг баривчлахыг санаачилдаг. Григорий хэдий урсгалаар ч гэсэн казак эрийн ёсоор амьдарсан бол Кошевой улс төрийн үзлээ хүний нийгмийн харьцаанаас дээгүүр тавин улайрсан мэт. Тухайн үед Оросын ядуу тариачид газаргүй хүнд амьдралаар амьдарч байсан нь тэднийг хувьсгалд түлхсэн бол казакуудын хувьд тэд өөрсдийн үржил шимтэй газартай, харьцангуй боломжийн амьдралтай байсан нь хувьсгалын эсрэг бослого дэгдээхэд нь түлхэц болсон юм шиг.
Шолохов тухайн үедээ коммунист намд багагүй байр суурь эзэлсэн хүн байсан мөртлөө хэт коммунизмын байр сууринаас бус харин ч Донын казакуудыг тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор харуулж чадсан зохиол бичсэн нь их гайхалтай байгаа юм. Уг зохиолыг Шолохов хулгайлсан гэсэн таамаг байдаг нь үүнээс үүдэн гарсан байдаг. Анхны дэвтэр хэвлэлд гарахад Шолохов дөнгөж 23 настай байсан нь бас нэг шалтаг болдог. Магадгүй хэдий коммунист ч гэсэн тэрээр сэтгэл дотроо казак хэвээр байсан ч байж болох талтай. Гэхдээ сүүлд хийсэн судалгаанууд Шолохов үнэхээр энэ зохиолыг бичсэн гэсэн дүгнэлтүүдэд хүрсэн гэдэг. Магадгүй тэр Галуа шиг эрт тодорсон авьяас ч юм бил үү. Тэрээр өөрөө 16, 17 настайдаа хүнсний отрядад явж хүнд үеийг туулж өнгөрөөсөн нь эрт төлөвших амьдрал үзэх бас нэг үндэс болсон буйзаа.
Бас нэгэн маргаантай зүйл гэвэл Григорий чухамдаа хэнд нь илүү хайртай вэ? Аксинья юу? Наталья юу? Яг ийм асуудал Пастернакийн Доктор Живаго дээр ч гардаг. Тоня юу? Лара юу? Манай хүн Аксинья бол завхай хүүхэн, Григорий түүнд хайртай байх утгагүй, харин Наталья нөхөртөө хайртай, үнэнч, бас хүүхдүүдийнх эх учир Григорий түүнд хайртай байх учиртай гээд байдаг юм. Би бодохоор Григорий аль алийг нь өөр өөрөөр хайрладаг байсан болов уу даа. Аксиньяд өгсөн хайр нь гал халуун дурлалаас улбаатай бол Натальяд өгсөн хайр нь өөрт нь хязгаартай үнэнч хайртай хүнийг хүндлэх, үр хүүхдүүдийнх эх гэсэн талаас урган гарч ирсэн болов уу даа. Живагогийн хувьд ч гэсэн бас төстэй дэг.
Сүүлд нь нэмээд хэлэх бас нэг зүйл гэхээр энэ номыг уншсан та бүхэн ч гэсэн бас эргэцүүлэн бодож л байсан байх. Григорий дээрэмчдийн бүлэгт нийлж явсаар эцэст нь залхаж төрөлх тосгон руугаа ирж хүүтэйгээ уулзаж байгаагаар гардаг. Цаашаагаа яасан бол? Манай хүн ч гэсэн энийг надаас асууж л байсан. Би бодвол буудуулаа биз, аз нь таарвал шоронд олон жил суугаад гарсан биз гэж хэлээд урмыг нь хугалчихдаг юм. Шоронд суугаад гарсан ч гэсэн 30-аад оны хэлмэгдүүлгийн жилүүд хүлээж байгаа гэж байгаа. Цагааны офицер байсан хүнийг тийм ч гэрэлтэй ирээдүй хүлээхгүй л байсан. Романы гол дүр болохоор мэдээж уншигчид түүний хувьд бүх зүйл сайн сайхнаар төгсөөсөй гэж хүсдэг. Ард түмэн хаппи эндингд дуртай байдаг нь яах аргагүй факт. Америкууд үүнийг нь ашиглаад коммершл бүтээлүүд самар шиг олноор нь хийчихдэг. Харин Дөлгөөн Дон бол эмгэнэлт зохиол юм шиг ээ. Яг л Шекспирийн зохиолууд шиг. Мелеховын өнөр өтгөн халуун гэр бүл иргэний дайны шуурган галд ээлж дараалан хяргагддагийг эмгэнэлтэй гэхэд буруудахгүй. За тэгээд дээр тавьсан асуултанд ба нэг хариу байдгийг сонирхуулчихья. Григорий бодит амьдрал дээр байсан хүнээс сэдэвлэсэн дүр гэсэн нэг сэжим таамаг ч бас байдаг юм билээ. Харлампий Ермаков гэдэг казакийн амьдрал Григорийгийнхтой тун адил гэдэг. Нас сүүдэр, нууц амрагтай байсан нь, дайнд явсан жилүүд, хаана байлдаж явсан, ямар цол шагналтай, бослого удирдаж явсан, дараа нь улаан армид алба хаасан бараг бүгд гээд таараад байдаг. Шолохов ч түүнийг таньдаг, хүндэлдэг байсан гэдэг. Ер нь бол тухайн газар нутагтаа хүндлэгдсэн хүн байсан гэдгээрээ ч Григорийтой төстэй. Ермаковыг 1927 онд цаазаар авсан гэдэг нь саяны асуултын нэгэн хариу болж байгаа юм. Шолохов зохиолоо сүүлд бичиж дуусгасан. Хүмүүс түүнийг Григорийг аврахыг, өөрөөр хэлбэл "зөв замаар" оруулж коммунист болоод аз жаргалтай амьдруулаасай гэж хүсч байсан. Харин Шолохов жинхэнэ "Григорийд" яг юу тохиолдсоныг мэдэж байсан (энэ хүмүүсийн таамаг болохоос батлагдсан үйл биш гэдгийг анхаарна уу) болохоор тэгж өөрчилж чадахгүй байсан бололтой..

Wednesday, August 29, 2007

Брумель

Хүүхэд байхад Валерий Брумелийн "Высота" хэмээх зохиолыг уншиж байсан юм. Зохиол нь Брумель, Илизаров хоёр амьдралын хоёр өөр замаар явж байгаад хэрхэн сүүлд уулзсан тухай гардаг санагдана. Илизаров Брумелийг хүүхэд байхад нь гоочилдог нэгэн байсан боловч сүүлд түүнд маш чухал хүн нь болж байгаагаар гардаг. Жоохон байхад уншсан тул андуурсан эндүүрсэн байж мэднэ. Гэхдээ энэ утга зохиол л доо. Илизаров Брумелиэс даруй хүүхэд байхдаа тийм явдал тохиолдсон байх учиргүй. Харин Брумелийн бут үсэрсэн хөлөнд хорин хэдэн удаа мэс засал хийгээд засал авахгүй байсныг Илизаров эдгээчихсэн. Тэгээд энэ номоо Брумель түүнд зориулж бичсэн.
Брумель гэж хэн юм бэ? ЗХУ-ын гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальтай, дэлхийн рекордыг 6 удаа шинэчлэн тогтоосон (түүний рекорд 2.28м) 3 жил дараалан дэлхийн шилдэг тамирчнаар шалгарч байсан өндрийн харайлтын гайхалтай тамирчин. Энэ бүх амжилтыг гаргачихсан байхдаа тэр дөнгөж 22 настай байсан гэдэг. 23 настайдаа нэгэн мотоциклчин бүсгүйн ард сундалдаж яваад осолд орж шидэгдэхэд гэрлийн шон мөргөсөн баруун хөл нь нядалгааны мах шиг няц үсэрчихсэн байхыг Брумель хараад ухаан алдахынхаа өмнө ашгүй дээ тулж үсэрдэг зүүн хөл минь биш байна гээд бодоод амжсан гэдэг. Хөлийг нь тайрах магадлал өндар байсан боловч азаар авч үлдсэн тэр олон удаагийн мэс заслын дараа яс дутуу хэвээр, найдвар алдаж гутралд орохын даваанд гомдлын мөр гэж Илизаров эмч дээр очжээ. Илизаров шинэ гаргасан аргаараа эмчлээд яс нь гүйцээд ургасны дараа эмнэлгээс гаргахад хөлтэй үлдэх эсэх дээрээ тулж байсан Брумель 2 хоногийн дараанаас бэлтгэлээ хийж эхэлжээ. Америк кинонд гардаг шиг гайхамшигт хаппи эндинг болоогүй л дээ. Тэр дахиж спортын рекорд тогтоогоогүй, аварга ч болоогүй. Гэхдээ бутраад нийлсэн хөлтэй тэрээр 2.08 дээгүүр гарч сантиметрээс өөр зүйлээр хэмжигдэх нэгэн рекорд тогтоон буюу хүн гэдэг амьтны хязгааргүй боломж чадварыг харуулж чадсан гэдэг.

Wednesday, March 07, 2007

Сая фунт стерлингийн банкнот

Марк Твейний нэг ийм нэртэй богино өгүүллэг уншлаа. Хөгжилтэй юм байна. Дайралдвал уншаарай гэх байна. Америкаас санамсаргүй ирээд хог дээр гарсан нэгэн америк залуу 2 настай ах дүү 2 баяны мөрийний хүн нь болж буй тухай гардаг. Тэдэнд сая фунтын банкнот байдгаа энэ залууд өгөөд сарын дараа юу болох тухай мөрийцдөг. Нэг нь залууг банкнотоо мөнгө болгох гэж яваад цагдаад баригдаад шоронд орж балрана гэсэн бол нөгөө нь түүнийгээ ашиглаж чадна, амьд гарна нэдэг. Хэн нь зөв таасан бол? Та нар өгүүллэгийг нь сонирхоод үзээрэй.

http://www.eastoftheweb.com/short-stories/UBooks/MilPou.shtml

Huckleberry Finn

Марк Твейний Хаклберри Финний адал явдал зохиолыг саяхан дахиж уншлаа. Бараг хүүхэд байхад анх уншсан болохоор нэлээн зүйлүүдийг ойлголгүй анхааралгүй уншсан гэдгээ ч анзаарлаа. Ер нь адал явдалтай сонгодог зохиолууд уншаад байхаар ойлгоогүй үлдсэн зүйлүүд гарч ирээд л байдаг, энэ нь би номыг хурдан анзааргагүй уншдагтай ч холбоотой байж мэдэх л юм. Энд хүүхэд байхад нэг их анзаараагүй зүйл нь Марк Твейний сатир бичих агуу авьяас нь юм уу даа. Тэгээд оросууд уг зохиолын талаар номныхоо урд юу гэж бичсэнийг сонирхож харсан чинь социализмын үеийн ном болохоор тэр юм уу америкуудыг боолчлолтой холбоод бөөн юм бичжээ. Жимийг оргуулж байгаа нь зарим нэг боолчлолыг халъ гэсэн хүмүүс бийг харуулна. Гэхдээ тэд маш цөөн. Том бол цагаан арьстны төлөөлөгч юм байх. Тэр Жим чөлөөтэй боол гэдгийг мэдсээр байж оргуулж байгаа нь боолчлолыг халах явдлаас цагаан арьстнууд нэр хүнд алдар гавъяа хайсан маягтай юм байх. Үнэндээ Марк Твейн юуг хэлэх гэсэн юм бол? Тэрээр өөрөө энэ зохиолыг юу хэлэх гээд байгааг, мораль сургамж зэргийг олж харах гэсэн хүнийг шүүхдэнэ, буудна ухааны юм бичсэн байдаг нь сонирхолтой санагдах юм.