• BZP TIME: Байгууллагын соёлын ад-хок хэлбэр

    Байгууллагын соёлын хамгийн уян хатан, хүнд сурталд үл баригдсан энэхүү хэлбэрийн сул ба давуу тал, яагаад соёлын ийм хэлбэр компанийг гайхалтай амжилтанд хүргэж чадах тухай ярилцлаа...

    Цааш нь унших
  • Гай Кавасакигийн Enchantment

    Хэрхэн хүмүүст таалагдах, итгэлийг нь хүлээх, өөрийн бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амжилттай хүргэж сэтгэлийг нь татах тухай зөвлөмжүүдээ "сэтгэл татам" хэлбэрээр бичсэн нь уг номноос уйдах завдал төрүүлэхгүй аж....

    Цааш нь унших
  • SOCIAL MEDIA FRIDAY

    Уламжлал болон зохион байгуулагдах “SOCIAL MEDIA FRIDAY” уулзалт, арга хэмжээний энэ удаагийн сэдэв: “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД СОШИАЛ МЕДИАД ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БАЙРШИХ ВЭ?” ...

    Цааш нь унших
Showing posts with label Хүмүүс. Show all posts
Showing posts with label Хүмүүс. Show all posts

Friday, February 20, 2009

Догсомын Бодоо

Чөлөөт нэвтэрхий толь Википедиад Догсомын Бодоогийн тухайн өгүүллийг нэлээн дэлгэрүүлэн засвар оруулснаа та бүхэнд хүргэж байна.

Догсомын Бодоо (1885 - 1922) нь Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулсан.

Бага залуу нас

Догсомын Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байжээ.

Харбины Монголын сонин бичиг сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан Шинэ толь, Нийслэл Хүрээний сонин бичиг сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, "Болд илд, Бо" гэсэн уран бүтээлийн нэртэй байжээ. Уран зохиол сонирхон оролдож Үзэмжит өгүүлэл, Уянгат шүлэглэл зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ.

Тэнд ажиллаж байхдаа большевизмд талтай оросуудыг хамарсан Их Хүрээний Оросын хувьсгалт нууц хороо гэдгийн гишүүн, хэвлэлийн хорооны механикч М.И.Кучеренкотой танилцсан нь түүнд Оросын большевизмын олж сонсох боломж олгожээ. Улмаар туүгээр дамжин Их Хүрээний большевикуудын дунд нөлөө бүхий Хүрээн дэх оросын иргэдийн Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга польш гаралтай Я.В.Гембаржевскийтэй танилцсан байдаг.

Ардын намыг үүсгэн байгуулалцсан нь

1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Бодоо нь Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Уг бүлгийн цөм нь Бодоогоос гадна түүний орос хэлний орчуулагч байсан Хорлоогийн Чойбалсан, лам Дамбын Чагдаржав нар байжээ. Улмаар Сангийн яамны түшмэл Жамьян, залуу лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс ч нэгдсэн байсан байна. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба уг бүлэгт Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, тухайн үед хэвлэлийн үйлдвэрийн үсэг өрөгч байсан Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс уг бүлэгт багтаж байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас Монгол Ардын Нам гэж нэрийдэх болжээ.

1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да Лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. Чухам Ардын намын тамгатай бичиг үү, Богдын тамгатай бичиг үү гэдэг дээр нууц бүлгүүдийн тэргүүлэгч нар санал зөрөлджээ. Большевизмын нөлөөнд илүү орсон байсан Бодоо Ардын намын тамга хангалттай гэж үзсэн бол түшмэлүүдийн төлөөлөл болж байсан Зүүн Хүрээний бүлгийн удирдагч Данзан Богдын тамга зайлшгүй чухал гэж үзжээ. Бодоо голдоо Соёмбо тэмдэг бүхий Монгол ардын намын тамгыг анх сийлсэн гэдэг. 1920 оны 8-р сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ руу буцжээ.

1920 оны эцсээр Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн девиз Монголд орж ирэн 1921 оны 2-р сард Хятадын гамин цэргийг бут цохин Их Хүрээг эзэлсэн байна. Энэ үед Бодоо Барон Унгерний цэрэгт элсэн орж тагнаж, тэдний нэг гол зорилго нь Монголын хүчийг ашиглан Зөвлөлт Оростой тэмцэх явдал гэдгийг олж тогтоон намын нөхдөдөө мэдээлж байжээ.

1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.

Ардын хувьсгал

1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагт хотыг эзлэн авчээ. 1921 оны 4-р сарын 16-нд Бодоо нь Чагдаржавын оронд Монгол улсын ерөнхий сайд болжээ. 5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ. 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж Бодоо үг хэлсэн байна.

Ардын засгийн газрыг эмхлэн байгуулахад Бодоо голлох үүргийг гүйцэтгэн тухайн үеийн Монголын төр засгийн бодлогыг боловсруулах, тулгамдсан зорилтуудыг гарган тавьж шийдвэрлэх алхмуудыг хийж байжээ. Ардын засгийн газраас 1921 оны 9-р сарын 14-нд гадаад олон улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай зарлан мэдэгдсэн тунхаг бичиг болон худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох уриалгыг гарган илгээхэд Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайд Догсомын Бодоо гарын үсэг зуржээ. 1921 оны 9 дүгээр сараас Данзаны хамт Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан.

Тэрбээр 1922 оны 1 сарын 7-ыг хүртэл Монгол Ардын түр ба байнгын засгийн газрыг тэргүүлэхдээ улс орноо харийн түрэмгийллээс бүрмөсөн чөлөөлж, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж Орос, Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргүүлэх зорилт болгож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодитой ажил сэдэж зохих үр дүнд хүрч байсан билээ. Америкийн нэгдсэн улсын консултай уулзаж ярилцан Хятад улсаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх талаар туслалцаа хүсч байсан ба мөн ижил хүсэлтийг Зөвлөлт Орос улсаас хүсч байжээ.

Эрх мэдлийн зөрчил, цаазаар авахуулсан нь

Богд хаан хэвээр үлдсэн боловч хязгаарлагдмал эрхтэй буюу зөвхөн шашны хэргийг мэдэх болж төрийн үйл хэргийг Монгол ардын нам, ардын засгийн газар шийдэх болжээ. Солийн Данзан 1921 оны намар намын даргаасаа чөлөөлөгдөн, Сангийн сайдаар ажиллах болжээ. Бодоо Ерөнхий сайдын хажуугаар Намын даргын үүргийн 1921 оны 11 сарын 22 хүртэл гүйцэтгэж байсан ба энэ үед Сүхбаатар Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан байна. Данзан түүнтэй таарамжгүй байсан ба Бодоог хурц ааштай, богино бодолтой, тулхгүй хүн хэмээн шүүмжилдэг байжээ. Сүхбаатарын хувьд тэрээр Данзангийн талыг барьж байсан байна.

1921 оны эцсээр Бодоо Бошгыг халах залуучуудын эвлэлийн шугамаар шинэчлэлийн хэт зүүний бодлого явуулан эмэгтэйчүүдийн үсийг тайрах, дээлийн нударга тайрах зэрэг компанит ажлууд явуулж байсан байна. Мөн энэ үед буюу 1921 оны 12 сард хувьсгалын эсэргүү Саж ламын хэрэг гэгч гарч 48 хүнийг буудан цаазаар хороосон байна.

Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаасаа огцрох хүсэлт гарган 1922 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна. Улс төрийн тавцангаас гарсан хэдий ч Бодоог зүгээр орхилгүй мөрдөн байцааж, улмаар 1922 оны 8 сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Мөн Дотоод яамны сайд асан Да Лам Пунцагдорж, Түр засгийн газрын ерөнхий сайд асан Чагдаржав нарыг хамтруулан хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалжээ.

Бодоог хэлмэгдүүлэн зайлуулах ажиллагаанд чухам Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Элбэгдорж Ренчино нарын хэн нь ямар хэмжээтэй оролцсон нь маргаантай. Данзан Бодоотой улс төрийн үзэл баримтлал, цаашдын хөгжлийн чиг хандлагын хувьд санаа нийлдэггүй байсан тул Бодоогийн хэрэг гэгчийг үүсгэн түүнийг зайлуулсан гэж олон судлаачид үздэг боловч Элбэгдорж Ренчино Данзан, Сүхбаатар нарыг ашиглан Бодоог зайлуулсан гэдэг ч онол байдаг. Бодоогийн дараа Жалханз хутагт Содномын Дамдинбазар Ерөнхий Сайд болсон боловч тун удалгүй нас барсан байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгал

1922-оос 1989 онуудад Догсомын Бодоогийн нэр эх орноосоо урвагч, хувьсгалын эсэргүү гэсэн тодотголын доор явж ирсэн бөгөөд түүний тухай үнэн бодитойгоор үг хэлэх, бичих нь коммунист үзэл суртлын хувьд тэрс, эсэргүүд тооцогдож байсан.

Монгол улсын дээд шүүхийн 1997 оны 6 сарын 11-ны өдрийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгасан байна.

Утга зохиол, урлагт

Социализмын үеийн утга зохиол, кино урлагт мөн Бодоог хувьсгалын эсэргүү, урвагч байдлаар дүрслэн харуулан Консулын бүлэг, улмаар Ардын Намыг үүсгэн байгуулах, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоох, Ардын Засгийг эмхлэн байгуулах, төр засгийн бодлогыг тодорхойлох, гадаад бодлого явуулах үйл хэргүүдэд гаргасан гавьяа зүтгэлүүдийг нь Ардын хувьсгалыг цэрэг армийн талаас нь удирдаж байсан Сүхбаатар, тухайн үедээ нэр, нөлөө багатай байсан Чойбалсан нарт ноогдуулан улс төрийн үзэл суртлын пропаганда явуулж ард олны тархийг угааж байжээ.

* Дэжидийн Жигжидийн найруулсан Өглөө кинонд Бодоогийн дүрд Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тогложээ.
* Тэмцэл кинонд Бодоог хувьсгалын эсрэг хуйвалдаанд оролцож байгаагаар хэлмэгдүүлэн гаргасан байна. Уг кинонд Бодоо Ардын намын модон тамгыг хэн сийлсэн, би л сийлсэн. Тэгэхээр ардын нам гэдэг миний л нам гэж хэлсэн нь түгээмэл хэллэг болж байсан байна.

Дурсгал

Түүний уугуул нутаг болох Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд Монгол улсын төрийн зүтгэлтэн, эх оронч, зохиолч, нийтлэлч Догсомын Бодоогийн хөшөөг босгож мөнхжүүлжээ.

Friday, February 06, 2009

Барон Унгерн фон Штернберг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиад энэ артиклийг бичиж орууллаа. Алдаа эндэгдэл гарсан бол та бүхэн засвар оруулаарай.

"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. Азийн девизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их Хүрээ хотыг (одоогийн Улаанбаатар) эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж байжээ. Гэвч түүний үйлдсэн алан хядлага, дээрэмдэлт, Хятадын цэргийн хүчний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах сонирхлоо орхисон зэрэг нь Монголын феодалууд, ард түмний дэмжлэгийг эрс багасгахад хүргэжээ. Улмаар Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулан Оросын нутаг руу гарчээ. 1921 онд дотоод урвалтын дүнд баривчлагдан Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-нд цаазаар авахуулжээ.

Уг гарал, бага идэр нас

Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө Орос-Японы дайнд цэрэгт явсан боловч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн.

Цэргийн албанд

1908 оноос Байгал нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. 1913 онд Ховд хотод алба хааж байсан. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ.

Иргэний дайн, Монголд

Барон Унгерн фон Штернберг нь Оросын иргэний дайнд Цагааны талд Атаман Семёновын удирдлаган доор Харийн девизийг (сүүлд Азийн девиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чита хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Даурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг эзлэхээр хөдөлжээ.

1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриадын цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.

Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан боловч түүний зөвшөөрлөөр цэргүүд хотыг дээрэмдэн талсны дараа ард олны санаа бодол өөрчлөгдөх болов. Гэвч удалгүй өөрөө дээрэм тонуулыг хатуу гараар зогсоожээ. Тэрээр монголчуудтай өөрийн нөхөрлөлөө нэмэгдүүлэхийн тулд буддын шашинд орж Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд чин вангийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. Унгерн энэ хатуу ширүүн диктатураа Орос оронд большевикуудын явуулж байсан харгис ширүүн дарангуйлалд өгч буй хариу хэмээн тайлбарлаж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулан гэсэн галзуу төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохьсон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь Манжуур луу аялан Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн улмаар 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан байна. Гэсэн хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.

1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ. 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ.

Түүхэн ач холбогдол

Монгол улс тусгаар тогтнолоо олох үйл явцад томоохон нөлөө үзүүлсэн. Их Хүрээн дэх Хятадын цэргийг бут цохин зайлуулснаар Монгол дахь Хятадын эзэрхийллийг устгахад тус нэмэр болсон төдийгүй хойд зүгийн аян нь Улаан армийн Монголын нутаг дэвсгэрт орж ирэх нэг томоохон шалтгаан болжээ. Монголд хийсэн түүний харгис хатуу бодлого, аллага хядлага нь олон нийтийн дэмжлэг авахад саад болсон байна. Барон Унгерн пролетарийн диктатурыг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул Цагааны хөдөлгөөнд оролцсон боловч хөрөнгөтнүүдийг үзэн яддаг, хаант засаглалыг дэмждэг байсан тул уг хөдөлгөөний жирийн нэгэн төлөөлөгч гэж тооцож болохгүй.

Гавьяа шагнал

* Гэгээн Георгийн 4-р зэргийн одон (1914 он);
* Гэгээн Аннагийн 4-р зэргийн одон (1914 он);
* Гэгээн Владимирын 4-р зэргийн одон (1915 он);
* Гэгээн Станиславын 4-р зэргийн одон (1915 он);
* Гэгээн Аннагийн 3-р зэргийн одон (1916 он);
* Оросын армийн дэслэгч генерал цол (1920 он, маргаантай);
* Монголын хошой чин вангийн зэрэг хэргэм (1921 он);
* Монгол улсыг мандуулагч их баатар жанжин цол (1921 он).

Утга зохиол ба урлагт

* Леонид Абрамович Юзефович өөрийн «Самодержец пустыни» номондоо Барон Унгерний захидлууд болон бусад сонирхолтой баримтуудыг оруулжээ.
* Польшийн аялагч зохиолч Антоний Фердинанд Оссендовский Барон Унгернтэй уулзаж, ажиллаж байсан бөгөөд түүний тухай «И звери, и люди, и боги» номоо бичжээ.
* Калинов Мост хамтлагийн «Вечное небо» дууг түүний дурсгалд зориулжээ.
* Жамьянгийн Бунтар ба А.Бобровскийн найруулсан Төгсгөл уран сайхны кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.
* Сүхбаатар кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.

Домог яриа, цуу яриа, онигоо

* 1921 онд улаантнуудад баригдахаасаа өмнө Барон Унгерн бүх алт эрдэнэсээ амьдарч байсан байрныхаа шалан доор нуусан гэсэн цуурхал тарж байжээ.
* 2005 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо "Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?" гэсэн асуултаар зар сурталчилгаа өргөн хүрээтэй хийж байжээ. Уг хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насанд халдаж цаазаар авахуулсан бөгөөд, удалгүй дампуурсан тус хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө Барон Унгерний алт шиг алга болжээ.
* Онигоо: Барон Унгерн алтаа хаана нуусан бэ? – Оюутолгойд

Wednesday, November 12, 2008

Самурай гэж...

Дарт Вэйдерийн зураг уу? Үгүй самурай. Бидний жоохон байхад самурай гэхээр гамин цэрэг гэдэг шиг л нэг л муу муухай хүмүүс санаанд буудаг байж. Халх голд, дараа нь Чөлөөлөх дайнд япончуудтай зөндөө буудалцсан болохоор арга ч үгүй биз дээ. Бас дээр нь тухайн үед Өвөр Монголд цахарын хунтайж Дэмчигдонров Японы дэмжлэгээр Монголын нэгдсэн автономит засгийн газар гэгчийг байгуулсан нь хөлөө олж ядаж яваа БНМАУ-ын тусгаар тогтнолд аюултай байсан болохоор японы эсрэг суртал ухуулга, японы тагнуул гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт ч их явсан. Дандар баатар японтой кино үзээд дэлгэц уруу буудсан гэсэн гээд бид хүүхэд байхад цуурцгаагаад л. Манай хийсэн кинонууд ч гэсэн сөрөг дүрийн мастер Дамчааг жишээ нь япон цэргийн даргад тоглуулж муугаар харуулах жишээтэй. Чөлөөлөх дайнд дайтаж явсан өвөө маань бидний үед япон харагдвал буудаад л байдаг байсан, одоо ч япон харагдвал барьж авч үнсээд байдаг болж гэж хошигноод сууж байгаа.
Одоо ямар жинхэнэ самурай гэж байх биш ном зохиол, кино дэлгэцнээс л самурайн соёлын тухай сонсож мэддэг. Алдартай кинонуудаас дурдахад мэдээж Куросавагийн Долоон самурай гээд гайхалтай сайхан кино байна. Ёжимбо гээд бас алдартай бүтээл ч гэсэн эрт үеийн самурайн амьдралаас сонирхолтой харуулсан байдаг. Үнэндээ бол самурайнууд бидний боддог шиг муу муухайн туламнууд ч харин язгуур угсаа, ёс журам, итгэл үнэмшил өндөртэй хүмүүс байсан байгаа юм. Дээр нь бас бага зэрэг муйхар тэнэгдүү ч юм шиг. Ямар сайндаа дайсанд олзлогдохгүй, эсвэл гутамшиг болохгүй гэхдээ гэдсээ хүүлдэг заншил тэднээс гарах вэ дээ. Дэлхийн 2-р дайны үед япончуудын энэ чанар ихээр харагдсан. Камиказе нисгэгчид буюу очиж мөргөн амиа хорлон дайсны обьектыг устгагчид 1944-өөс 1945 онуудад америкийн цэргийн хүчинд ихээхэн хохирол учруулсан гэдэг. Сонирхолтой баримт гэхээр камиказе гэдэг үг нь Бурханы салхи гэсэн утгатай бөгөөд гарал нь монголчуудтай холбоотой аж. 13-р зууны эцсээр Хубилай хаан Япон руу аян дайн хийхэд монгол армийн ялагдлын шалтгаан болсон далайн хар салхийг камиказе гэж нэрлэдэг. Дайны үеийн нэгэн камиказе нисгэгч Сабуро Сакай гэгчийн гайхалтай түүх байдаг. Дисковери билүү нэг сувгаар баримтат кино хийсэн гаргаж байхыг нь үзэж билээ. Сабуро дайны үеэр нийтдээ 60 гаруй онгоц унагаасан топ ас нисгэгч байсан бөгөөд нэгэн агаарын тулалдааны үеэр америкийн бөмбөгдөгч онгоцны пулемётны гал онгоцыг нь онож сум зүүн тархийг нь нэвт цохиод гарахад онгоц нь эргэлдэн далай руу унаж эхэлсэн байна. Унадагийн даваан дээр онгоцоо эргүүлж хөөргөж чадсан Сабуро улайран америкийн усан онгоцнуудыг хайж мөргөж сөнөхөөр шийдэн хэрэв би үхэх ёстой бол самурайн ёсоор үхнэ хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. Гэвч удалгүй ухаан нь хэсэг сэргэхийн алдад бааз руугаа буцаж нисэхээр шийдсэн байна. Толгойны хүнд шархтай, нэг нүд сохорсон тэрээр 4 цаг гаруй нисч бааздаа газардаж амьд гарсан гэдэг. Хамгийн гайхалтай нь Сабуро дайн дуусахаас өмнө дахин дайны талбарт гарч байлдааны ажиллагаанд оролцож байсан байна. Бүр сонирхолтой нь дайны дараа Сабуро Буддын шашинд гүн орж дахиж амьд амьтан бүү хэл шумуул ч алахгүй гэж ам тангараг өргөсөн гэдэг. Сүүлд тэрээр АНУ-д зочилж өөрийнх нь толгойг буудсан пулемётчинтой ч уулзаж хууч хөөрч байжээ.
Өөр нэгэн сонирхолтой баримтуудыг дурдахад Япон хэдийгээр 1945 онд бууж өгсөн ч гэсэн зарим цэргүүд нь бууж өгөхгүй байсаар 1970-аад оныг гаргасан гэдэг. Нэгэн жишээ Хироо Онода Филиппиний нэгэн арал дээр 29 жил бууж өгөхгүй нуугдаж эцэст нь Японы засгийн газраас дайны үед түүний удирдах офицер байсан хүнийг явуулж бууж өгөх тушаал өгүүлснээр арай гэж нэг юм гарч ирсэн гэдэг. За нэг иймэрхүү инээдтэй орчин үеийн самурайнууд бас байсан аж.
Төгсгөлд нь нэгэн хөнгөн онигоо бичье. Нэгэн еврей дундад зууны Японд оччихжээ. Японууд барьж алах гэтэл Еврей сандарсандаа арга сүвэгчлэн хөөе би самурай байна гэж. Юмыг яаж мэдэх вэ гээд шогун дээр аваад очиж. Шогун сонсоод гайхаад л. Өөрийн хамгийн сайн самурайг дуудаад хөмөрсөн аягаа сөхөж гэнэ. Дотроос нь ялаа гараад л нисэж. Самурайн сэлэм гялс хийгээд сүн хийх дуу гараад л. Ялаа хоёр хэсэг болоод газар унаж байна гэнэ. Шогун өөр нэг аяга сөхөж гэнэ. Еврей цавчаад л, сэлэм сүн хийгээд л, ялаа ч дүнгэнээд л цаашаагаа нисч байна гэнэ. Шогун чи самурай биш л байна даа гэхэд мань еврей
- Үгүй юу л даа. Би сая энэ ялааны хөвчийг нь хөндсөн юм аа.

Wednesday, August 29, 2007

Брумель

Хүүхэд байхад Валерий Брумелийн "Высота" хэмээх зохиолыг уншиж байсан юм. Зохиол нь Брумель, Илизаров хоёр амьдралын хоёр өөр замаар явж байгаад хэрхэн сүүлд уулзсан тухай гардаг санагдана. Илизаров Брумелийг хүүхэд байхад нь гоочилдог нэгэн байсан боловч сүүлд түүнд маш чухал хүн нь болж байгаагаар гардаг. Жоохон байхад уншсан тул андуурсан эндүүрсэн байж мэднэ. Гэхдээ энэ утга зохиол л доо. Илизаров Брумелиэс даруй хүүхэд байхдаа тийм явдал тохиолдсон байх учиргүй. Харин Брумелийн бут үсэрсэн хөлөнд хорин хэдэн удаа мэс засал хийгээд засал авахгүй байсныг Илизаров эдгээчихсэн. Тэгээд энэ номоо Брумель түүнд зориулж бичсэн.
Брумель гэж хэн юм бэ? ЗХУ-ын гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальтай, дэлхийн рекордыг 6 удаа шинэчлэн тогтоосон (түүний рекорд 2.28м) 3 жил дараалан дэлхийн шилдэг тамирчнаар шалгарч байсан өндрийн харайлтын гайхалтай тамирчин. Энэ бүх амжилтыг гаргачихсан байхдаа тэр дөнгөж 22 настай байсан гэдэг. 23 настайдаа нэгэн мотоциклчин бүсгүйн ард сундалдаж яваад осолд орж шидэгдэхэд гэрлийн шон мөргөсөн баруун хөл нь нядалгааны мах шиг няц үсэрчихсэн байхыг Брумель хараад ухаан алдахынхаа өмнө ашгүй дээ тулж үсэрдэг зүүн хөл минь биш байна гээд бодоод амжсан гэдэг. Хөлийг нь тайрах магадлал өндар байсан боловч азаар авч үлдсэн тэр олон удаагийн мэс заслын дараа яс дутуу хэвээр, найдвар алдаж гутралд орохын даваанд гомдлын мөр гэж Илизаров эмч дээр очжээ. Илизаров шинэ гаргасан аргаараа эмчлээд яс нь гүйцээд ургасны дараа эмнэлгээс гаргахад хөлтэй үлдэх эсэх дээрээ тулж байсан Брумель 2 хоногийн дараанаас бэлтгэлээ хийж эхэлжээ. Америк кинонд гардаг шиг гайхамшигт хаппи эндинг болоогүй л дээ. Тэр дахиж спортын рекорд тогтоогоогүй, аварга ч болоогүй. Гэхдээ бутраад нийлсэн хөлтэй тэрээр 2.08 дээгүүр гарч сантиметрээс өөр зүйлээр хэмжигдэх нэгэн рекорд тогтоон буюу хүн гэдэг амьтны хязгааргүй боломж чадварыг харуулж чадсан гэдэг.

Thursday, May 17, 2007

Ларсон гүн

Ларсон гүн нь хэмээн алдаршсан Август Ларсон (1870-1957) нь 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Тэрээр Сөрмландын Хэллби хэмээх газар төрсөн бөгөөд америкийн Христосын Холбоо хэмээх байгууллага түүнийг 1892 онд Хятад уруу сургааль номлогчоор явуулсан байна.
Тэрээр монгол хэл сурч улмаар Ар Монголын нөлөө бүхий олон хүмүүстэй найз нөхрийн харьцаа тогтоож чадсан бөгөөд уг улсын нутаг дэвсгэрээр олон удаа хөндлөн гулд библийн сургааль тараах, худалдаа наймаа эрхлэх зорилгоор аялж байжээ. Нударганчуудын хөдөлгөөний үеэр тэрээр Хятадын Хаалган хотоос швед америкийн нийт 23 номлогч бүхий бүлгийн дагуулан говийг туулан Ар Монголоор дамжин Орос уруу гаргаж байсан түүхтэй. Адуу үржүүлэх, наймаалах түүний хийж байсан нэгэн гол зүйл бөгөөд Шанхай хотын морин уралдааны газруудад хурдан морь зардаг байсан байна.
Тэрээр 1910, 20-оод онуудад Монголын төр засгийн удирдлагад байсан хэд хэдэн хүмүүст зөвлөхийн хувьд нөлөөтэй байсан бөгөөд 1920 онд Монгол улсын гүн цол хэргэм хүртэж байжээ. 1911 онд Монгол тусгаар тогтнол олсны дараагаар хэд хэдэн удаа монголын шашин төрийн тэргүүн Богд Гэгээнтний элчээр Хятадад очиж байжээ. 1912-1914 онуудад Хятадын засгийн газрын дэргэд Монголын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ба 30-аад онуудад ерөнхийлөгч Чанкайшекийн албанд ч ажиллаж байжээ.
1925 онд буюу Зөвлөлт Орос улс уг улсыг зөвлөлийн улс болгон өөрчлөх үед тэрээр Ар Монголын үүрд орхиж явахаас өөр аргагүй болсон байна. Сүүлд Өвөр Монголд амьдарч байсан хэдий ч уг бүс нутаг дахь Японы нөлөө ихсэн улмаар 1937 онд эзлэн түрэмгийлсэн зэрэг нь түүнийг 1938 онд түүнийг болзошгүй баривчлалтаас оргон зугтан гарахад хүргэсэн байна.
Тэр Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох "Монгол ба монголчуудын дунд миний амьдрал" хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ. Тэрээр өөрийн цаг үед Швед төдийгүй олон улсад хүмүүст танигдсан хүн болж чадсан байна.
Ларсон 1927 онд Свен Хединий сүүлийн аялалд жингийн цувааны ахлагчаар оролцож байсан. Свен Хединий даалгавраар Чендүгийн алтан сүм хэмээх монгол ламийн шашны сүмийг хайж олж, хуулбар загвар хийсэн бөгөөд тэр нь 1933 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэнд гол үзмэрүүдийн нэг болж байжээ. Сүм нь одоо Стокгольм хотод агуулахуудад хураалттай байгаа ба Сигтунад дахин босгож тавихаар төлөвлөгдөж байгаа болно.

Швед Википедиагаас орчуулав.
http://sv.wikipedia.org/wiki/August_Larson

Tuesday, March 06, 2007

Baltzar von Platen

Eric von Platen гэдэг нэртэй нэг өмгөөлөгчтэй хэдэн жилийн өмнө уулзаж билээ. Мэдлэг боловсролтой, яриа хөөрөөтэй эелдэг дажгүй хүн байсан. Монголын тухай ч бас чиг мэдлэг мэдээлэлтэй, морин өртөө анх байгуулж байсан гэх мэт зүйлсийг мэдэж байсан. Тэр хүн өөрийн нэгэн авга ахын талаар ярьж байсан санаанд орлоо. Яриа түүний удам угсааны нэрнээс үүдсэн санагдана. фон Платенгийнхан Герман уг нь бол герман хүмүүс нийлээд нийтээрээ хэдэн мянга болдог юм гэнэ. Тэр ахыг нь Балтзар фон Платен гэдэг байсан эрдэмтэн хүн байжээ. Стокгольм хотод Хааны Технологийн Дээд Сургууль төгсөхдөө дипломын ажлаараа хөргөгч хийх шинэ технологи гаргаад түүнийх нь патентийг Electrolux худалдаж авсан. 50-аад оны үед тэрээр синтетик алмааз гаргаж авч байсан нь 2 дахь томоохон нээлт нь байсан байна. Нас барахынхаа өмнө мөнхийн хөдөлгүүр хийх тухай юм яриад байдаг байсан гэсэн. Ер нь бол тийм энгийн бус, сонин хүн байсан бөгөөд энэ нь түүний физикийн шинжлэх ухаанд нээлт хийхийн тулд физикийн сурах бичиг огт харалгүйгээр физикийг судлах хэрэгтэй гэж хэлдэг байснаас нь харагддаг байжээ. Үр удам нь түүнд хүрэхгүй ч бүгд л эрдмийн мөр хөөсөн хүмүүс байдаг юм гэнэ лээ. Манай өмгөөлөгч өөрийгөө гэрийнхэн дундаа хамгийн боловсрол муутай нь, бусад ах дүү нар үеэлүүд нь бүгд доктор хамгаалсан гэж ярьж байсан. Нэгэн их эрдмийн хүн араасаа өөрт хүрэхгүй байж мэдэх ч гэсэн олныг дагуулдаг гэдэг ортой л байх. Манай Ринчин докторын гэр бүл ч гэсэн тийм гэж сонсож байсан.

http://en.wikipedia.org/wiki/Baltzar_von_Platen_%281898_to_1984%29