Улааныхан ба шарынхан

Posted by bbatzorig on Saturday, September 15, 2007 with 9 comments
Цогт тайж хэмээх 1945 онд хийсэн киногоор бид түүнийг бид үндэсний баатар гэж үздэг бол харин Гүш хааныг дайсан этгээд гэж ойлгодог. Цогтын хувьд гэвэл тэрээр Цахарын Лигдэн хааныг дэмжсэн халхын цөөн ноёдын нэг байсан бөгөөд хүчирхэгжиж буй манжуудтай амжилт муутай дайтсаныхаа дараа Хөх нуурын зүг явж байсан Лигдэнд нийлэхээр явсан боловч сүүлийн хаантан маань 1634 онд нас барж улмаар Лигдэнгийн хүү Нурхаачийн хүү Хуан Тайжид дагаар орон өвөр монгол манжийн эрхшээлд орсон байна. Хөх нуурын орчим амжилттай цэргийн үйл ажиллагаа явуулсан Цогт тайж хүчирхэгжиж цэргийн тоо нь 40 мянга хүрсэн гэсэн барагцаа байдаг. Мөн энэ үеэр Ойрдын Хошуутын Гүш хаан цэргийн хувьд хүчирхэг байсан бөгөөд Түвдэд улааны ба шарын урсгалуудыг хоорондын тэмцэлд ороцох болсон байна. Гүш хаан 5-р Далай ламын толгойлсон шарынхныг дэмжсэн бол харин Цогт тайж улааныхныг дэмжин тэдний хооронд 1637 онд Хөх нуурын хойд эрэг орчим тулалдаан болжээ. Энэ үймээнд манжуудын оролцоо хэр их байсныг мэдэхгүй юм гэхдээ шуудхан харахад бол Монголын хоёр том феодал шашны зөрчлийн улмаас хоорондоо тулалдсан гэж харагдаад байгаа юм. Цогт тайж үхэвч Монгол улс мөнх гэдэг үг бол уг тулалдааны утга учиртай бас ч тийм их шууд холбоотой биш шиг. Шар ба улааны алийг нь Монгол гэлтэй билээ дээ. Кинонд Далай лам жоохон хүүхдээр гардаг бол тэрээр уг тулалдааны үед 20 настай байсан байна. Уг Далай лам хүчтэй удирдагч гэдгээрээ алдартай байсан бөгөөд манж хятадуудтай ихээхэн амжилттай дипломат бодлого явуулж чадсан гэдэг. Үхсэн хойно нь 15 жил үхлийг нь нууцалсан гэх бөгөөд энэ хооронд нас балчир 6-р Далай лам эрийн цээнд хүрсэн боловч хэтэрхий дампуу, зугаа цэнгэл хөөсөн завхай зайдан ямар ч чадваргүй нэгэн байсан гэдэг. Агуу их Ришильегийн дараа тагдгар Мазарини гарч ирсэн мэт гэж хэлж болох юм. Тэр 1637 оны тулалдааны талаар гэвэл оюутан байхад түүхийн хичээл дээр Цогт тайж хүчний илт давуу байдалтай мөртлөө бут цохигдчихсон гэж заалгаж байсан юм байна. Цогт ялсан бол улааны шашин хүчээ авч Далай ламууд байхгүй болчих ч байсан юм билүү. Тэр үед шарын шашныхан Гүш хаантай нийлж түүний цэргийн хүчээр Цангийн хунтайж, улааны том ламтан Дорж нарыг бут цохин төв Түвдийг эзлэн ноёрхлоо тогтоон улааны шашныг хавчин шарын болгох үйл ажиллагаа явуулж байсан байна. Энд нөгөө Түвд Монголын алдартай Priest ба Patron хэмээх харилцааны сонгодог жишээ харагдах аж. Гүш хаан Далай ламыг Түвдийн буддын шашны тэргүүн болгосон бол Далай лам түүнд Гүш хэмээх цолыг олгосон гэдэг. Гүш хааны уг нэр нь Төрбайх гэдэг байсан. Дэлхийн түүхээс харахад шашин гэдэг зүйл маш олон дайн түйвээний үндэс байсан гэж харагдах бөгөөд нөгөө хорхой шавьжийг үл хөндөх шарын шашин маань хүртэл дайн дажин хийдэг байсан байна шүү.

Зурган дээр 5-р Далай лам.
Categories: ,