Хөвсгөл нутаг

Posted by bbatzorig on Thursday, October 09, 2008 with 7 comments
Өмнө би Таавай, Тээвэйн тухай гээд бичиж байсан. Үргэжлэл бий гээд хаячихсан санагдана. Уг нь хэдэн зураг олдвол гээд хүлээж байсан юм. Сая зун манай бага эгч Хөвсгөл явахдаа хэдэн зураг авснаас заримыг нь тавья гэж бодлоо. Өнөөдөр бид хотын ойролцоо халцгай ч хамаагүй газар олж авах гэж хүмүүс "алалцаж" байхад хөдөө нутагт маань цэцэг ногоо нь алагласан, ус мод нь тэгширсэн сайхан сайхан газар байх юм. Даанч олигтой дэд бүтэцгүй болохоор хэцүү юм даа. Болдог бол хөдөө очоод хэдэн хашаа хатгаад авчихмаар санагдах юм оо.

Үүрийн гол. Энэ нэлээн үүл манантай өдөр авсан зураг байна лээ. Ер нь Цагаан-Үүрт зундаа бороо хур ихтэй, өглөө бүр манантай, заримдаа олон хоногоор бороо зүсэрч ордог, усны гутал аминд ордог газар байсан санагдана. Голын чулуунууд нь харин их өнгөлөг цайвар, их гоё бөөрөнхий хэлбэртэй болохоор түүж байгаад зам ч юм уу эсвэл өнгөлгөөнд хийвэл гоё харагдах байх гэж бодоод байгаа юм.

Энэ манай Овоотын уул, наана нь урсаж байгаа жижигхэн голыг Зүүн Бургалтай гэх. Овоот нь голын хэсгийн толгой бөгөөд баруун гар дахь нь Халгайт, зүүн гар дахь нь Агьт гэдэг. Аав намайг анигардуу нүдтэй болохоор Агьтын бэлийн Аниаг Дармаа, дүүг том нүдтэй болохоор Овоотын бэлийн Ормоон Дмитрович гэж хочилж хөгжөөдөг байж билээ. Аль аль талынх нь гүвээг давахад жимс ихтэй, ялангуяа улаалзгана, бас гүзээлзгэнэ. Нэлээн цаашаа явбал нэрс үхрийн нүд нь байдаг санагдана. Түрүүн дээр тавигдсан зураг зүүн гүвээний цаад тал байгаан. Тэнд харагдаж байгаа ойгоор нөгөө жижиг гол маань урсаж гарч ирэх бөгөөд голоо дагаад их гоё улаалзгана ургадаг. Улаалзгана гэхээр исгэлэн амт нь санаанд ороод шүлс гоожоод байдаг юм. Энэ зурагт ой дундуур урсаж байгаа гол маань. ой дундуур урсдаг болохоор ус нь жоохон хүйтэн талдаа. Бид нар халуун өдөр 2, 3 цагаас хойш голдуу усанд ордог байсан юм. Одоо энэ дээр байгаа зурган дээрх хэсэг бараг мөн байх шүү. Одоо орж үзвэл ч өвдгөөр татахаар байх. Үлдсэн зургуудыг доор тавьчихъя. Цэцэг нь алаглаад л гоё шүү. Тээр цаана мэлийгээд байгаа нь Үүрийн гол. Наана байгаа жижиг гол Баруун Бургалтай.

Categories: