Брумель

Posted by bbatzorig on Wednesday, August 29, 2007 with 4 comments
Хүүхэд байхад Валерий Брумелийн "Высота" хэмээх зохиолыг уншиж байсан юм. Зохиол нь Брумель, Илизаров хоёр амьдралын хоёр өөр замаар явж байгаад хэрхэн сүүлд уулзсан тухай гардаг санагдана. Илизаров Брумелийг хүүхэд байхад нь гоочилдог нэгэн байсан боловч сүүлд түүнд маш чухал хүн нь болж байгаагаар гардаг. Жоохон байхад уншсан тул андуурсан эндүүрсэн байж мэднэ. Гэхдээ энэ утга зохиол л доо. Илизаров Брумелиэс даруй хүүхэд байхдаа тийм явдал тохиолдсон байх учиргүй. Харин Брумелийн бут үсэрсэн хөлөнд хорин хэдэн удаа мэс засал хийгээд засал авахгүй байсныг Илизаров эдгээчихсэн. Тэгээд энэ номоо Брумель түүнд зориулж бичсэн.
Брумель гэж хэн юм бэ? ЗХУ-ын гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальтай, дэлхийн рекордыг 6 удаа шинэчлэн тогтоосон (түүний рекорд 2.28м) 3 жил дараалан дэлхийн шилдэг тамирчнаар шалгарч байсан өндрийн харайлтын гайхалтай тамирчин. Энэ бүх амжилтыг гаргачихсан байхдаа тэр дөнгөж 22 настай байсан гэдэг. 23 настайдаа нэгэн мотоциклчин бүсгүйн ард сундалдаж яваад осолд орж шидэгдэхэд гэрлийн шон мөргөсөн баруун хөл нь нядалгааны мах шиг няц үсэрчихсэн байхыг Брумель хараад ухаан алдахынхаа өмнө ашгүй дээ тулж үсэрдэг зүүн хөл минь биш байна гээд бодоод амжсан гэдэг. Хөлийг нь тайрах магадлал өндар байсан боловч азаар авч үлдсэн тэр олон удаагийн мэс заслын дараа яс дутуу хэвээр, найдвар алдаж гутралд орохын даваанд гомдлын мөр гэж Илизаров эмч дээр очжээ. Илизаров шинэ гаргасан аргаараа эмчлээд яс нь гүйцээд ургасны дараа эмнэлгээс гаргахад хөлтэй үлдэх эсэх дээрээ тулж байсан Брумель 2 хоногийн дараанаас бэлтгэлээ хийж эхэлжээ. Америк кинонд гардаг шиг гайхамшигт хаппи эндинг болоогүй л дээ. Тэр дахиж спортын рекорд тогтоогоогүй, аварга ч болоогүй. Гэхдээ бутраад нийлсэн хөлтэй тэрээр 2.08 дээгүүр гарч сантиметрээс өөр зүйлээр хэмжигдэх нэгэн рекорд тогтоон буюу хүн гэдэг амьтны хязгааргүй боломж чадварыг харуулж чадсан гэдэг.